Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Carlsberg компани Орос дахь салбараа дээрэмдүүлсэнд тооцов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Дани улсын шар айраг үйлдвэрлэгч Carlsberg компани Орос дахь салбараа зарах асуудлаар тус улсын засгийн газартай яриа хэлэлцээ хийхгүй болсныг өчигдөр зарлажээ.

Хэрвээ ингэвэл энэ нь тус компанийн “хөрөнгийг хурааж авсан бусармаг үйлдлийг хүлээн зөвшөөрч, хууль ёсных болгосон хэрэг болно” гэж үзэж байгаагаа Carlsberg-ийн гүйцэтгэх захирал Якоб Ааруп-Андерсен тайлбарласан байна.

Украинд дайн эхэлсний дараа Данийн компани Оросын зах зээлээс гарахаар болж, тус улсад үйл ажиллагаа явуулдаг “Балтика” салбараа зарах боломжийг хайж эхэлсэн юм.

Энэ оны зургаадугаар сард худалдан авагч олсноо Carlsberg зарласан ч удалгүй ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар хөрөнгийг нь төрийн мэдэлд түр шилжүүлэн авч байжээ.

“Орос дахь бизнесийг маань булаан дээрэмдсэнтэй эвлэрэхээс өөр аргагүй боллоо. Бид энэ үйлдлийг хууль ёсны болгоход туслах бодолгүй байна” гэж Ааруп-Андерсен ярьсан байна.

Carlsberg нь ОХУ-д шар айргийн найман үйлдвэртэй, нийт 8,400 ажилчинтай юм. Өнгөрсөн онд Балтика салбарын үнэлгээг 9.9 тэрбум дани кроун ($1.41 тэрбум) гэж тооцож байжээ.

Долдугаар сараас хойш Оросын эрх баригчидтай болон Балтикагийн удирдлагуудтай бараг харилцаагүй болсныг Ааруп-Андерсен өчигдөр санхүүгийн тайлангийнхаа хурлын үеэр мэдээлсэн байна.

“Бид Оросын засгийн газартай манай бизнесийг хууль бусаар авсан үйлдлийг нь ямар нэг байдлаар зөвтгөх хэлцэл хийхгүй. Одоогийн лицензийн хугацаа дуусмагц тэд манай бүтээгдэхүүнүүдийг цаашид үйлдвэрлэх эрхгүй болно. Мэдээж би үүнд баталгаа өгч чадахгүй ч ингэнэ гэдэгт найдаж байна” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: CNN