Уншиж байна ...

Хятадын Huawei компани дэлхийд анх удаа гурав нугардаг гар утас бүтээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хятадын технологийн аварга компани Huawei өчигдөр дэлхийд анхны гэгдэж буй гурав нугардаг гар утсаа танилцуулжээ.

Өөрийн хүчтэй өрсөлдөгч Apple компанийг iPhone 16 загварын гар утсаа танилцуулснаас хойш хэдхэн цагийн дараа Mate XT нэртэй уг бүтээгдэхүүнээ нийтэд үзүүлсэн юм.

Шинэ бүтээгдэхүүний урьдчилсан захиалгыг өнгөрсөн Бямба гарагт онлайнаар авч эхэлснээс хойш 3.7 сая захиалга авснаа Huawei мэдээлжээ.

Mate XT гар утасны эхлэх үнэ нэлээд өндөр буюу 19,999 юань ($2,800) юм.

Хар ба улаан өнгөний сонголттой энэ гар утасны дэлгэц 10.2 инчийн хэмжээтэй ч нугалж эвхээд гурав дахин жижиг болгох боломжтойгоороо онцлог.

“Huawei Mate XT бол дэлхийн анхны гурав нугардаг ухаалаг гар утас. Нийт эвхэгддэг загвартай гар утаснуудаас хамгийн том бөгөөд хамгийн нимгэн нь юм. Бид дэлхийд анх удаагаа гадагшаа нугардаг, бас дотогшоо нугарахдаа завсар зайгүй үргэлж байдаг гар утсыг бүтээлээ” гэж тус компанийн хувь хэрэглэгчийн бизнес хариуцсан ерөнхийлөгч Ричард Юү тайлбарлажээ.

Америк, Хятадын технологийн өрсөлдөөнд хамгийн их хэлмэгдэж буй компани нь Huawei юм.

Гэхдээ АНУ-ын технологийн олон хоригт орсон хэдий ч тус компани Хятадын зах зээлд тун амжилттай ажиллаж байгаа.

Саяхан Хятадын гар утас үйлдвэрлэгчид анх удаагаа бүтэн улирлын борлуулалтын үзүүлэлтээр дотоод зах зээлийнхээ эхний таван байрыг эзлэхэд Huawei тавдугаарт эрэмбэлэгдэж, Apple компанийг зургаадугаар байрт ухраасан юм.

2024 оны эхний таван сард Huawei компанийн ухаалаг гар утасны борлуулалт өмнөх оны мөн үеэс 72 хувиар өссөн байна.

Эх сурвалж: CNN