Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-д Япон болон Алжирын боксын холбоо элсэж байгаагаа зарласнаар тус холбоонд харьяалагдах улсын тоо 44-т хүрлээ.
Одоогоор боксын төрөл олимпын хөтөлбөрөөс хасагдаад буй. Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) боксын өмнөх холбоотой хамтрахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Тиймээс "Лос Анжелес 2028"-ын хөтөлбөрт багтахын тулд Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ны үйл ажиллагаанаас хамаарах болсон юм.
Парисын олимпын дараа Тайвань, Пакистан, Бутан, Фижи болон Эквадорын холбоог эгнээндээ элсүүлсэн бол хамгийн сүүлд Япон, Алжирын тулаанчид шинэ холбоонд элсэхээ мэдэгдэв.
ОУОХ авлига, хээл хахууль нь хэрээс хэтэрсэн тул хуучин холбоо болох Олон Улсын Боксын Холбоо (IBA)-ны удирдлагын багийг солих шаардлагатай байгааг удаа дараа сануулсан юм.
Гэвч тус холбооны тэргүүн Умар Кремлев 2022 онд дахин сонгогдсоноор байдал хурцадсан. Тиймээс Парисын олимпын боксын тэмцээнийг зохион байгуулах тусгай баг гаргасан.
Сонирхуулахад 2024-2028 оны олимпын циклийн эхний тэмцээн энэ сарын 23-26-нд Улаанбаатар хотод болох юм. "UG Arena"-д дөрвөн өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй долоон жинд аваргаа тодруулна.
Тэмцээнд алтан медаль хүртсэн тамирчид ирэх арваннэгдүгээр сард Английн Шеффилд хотод болох Дэлхийн Цомын шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох аж.
Эх сурвалж: World Boxing
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!