Монгол Улс 2024 онд нийтдээ 25.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсвийн төсөлдөө тусгасан.
Гэхдээ үүнийг эдийн засагчид болон олон улсын байгууллагууд орлогоо хэт өөдрөгөөр төсөөлсөн гэж үзэж байгаа. Мөн Аудитын дүгнэлтээр төсвийн орлого тасарч, тодотгол хийх эрсдэлтэй гэж гараад буй.
Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог өргөжүүлэх, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортыг эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж, 2024 онд нүүрсний экспортыг нийт 60 сая тоннд хүрэхээр тооцсон.
Мөн Оюутолгойн гүний уурхайн олборлолт эрчимжиж, зэсийн баяжмал дахь зэсийн агууламж нэмэгдэхээр байгаа бөгөөд 2024 онд нийт зэсийн баяжмалын экспортын хэмжээг 1.5 сая тоннд хүрнэ гэж Сангийн яам төсвийн төсөлдөө тусгасан байна. Ингэхдээ зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 9,000 ам.доллар гэж үзэж байгаа юм.
Гэвч олон улсын зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж буурах цикл, манай улсын нүүрсний гол худалдан авагч БНХАУ-ын эдийн засаг унаж байгаа тул эдгээр тооцоолол нь эрсдэл дагуулж буйг эдийн засагчид анхааруулсаар байгаа.
Харин Сангийн яамны байр суурь хэвээр байгаа бөгөөд ирэх онд уул уурхайн салбарын орлого 8 их наяд төгрөгт хүрч, төсвийн нийт орлогын 29 орчим хувийг бүрдүүлнэ гэж үзсэн.
Мөн татварын орлогоор 23.4 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэж буй. Ингэхдээ татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй гэдгээ салбарын яам нь мэдэгдсэн.
Төвлөсөн орлогын 25.6 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 20.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, 24.2 хувийг орлогын албан татвар, 8.2 хувийг гадаад үйл ажиллагааны орлого зэргээс төвлөрүүлнэ гэж үзжээ. Тодруулбал
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!