Жил бүрийн аравдугаар сарыг олон улсад хөхний хорт хавдрыг таниулах, эрт илрүүлгийн мэдээлэл түгээх сар болгон өрнүүлдэг билээ.
Интермед эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын эмч С.Хүрэлбаатартай хөхний эрүүл мэндийн зөвлөгөө, арчилгаа, урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоо,
Интермед эмнэлэгт хийгдэж буй үйлчилгээний талаар ярилцлаа.
- Хөхний хорт хавдраар өвчлөхөд голлон нөлөөлдөг зүйл нь юу юм бэ?
- Хөхний хорт хавдар тусахад нөлөөлж байгаа зүйл бол нас, удамшил, гормоны өөрчлөлт. 35-50 насны эмэгтэйчүүд жил болгон хөхөө үзүүлж, байнга хөхөө шалгаж байх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ насанд цэвэршилт эхэлдэг учраас хавдар үүсэх магадлал ихэсдэг. Гормоны өөрчлөлттэй энэ насанд жилдээ заавал нэг удаа хөхний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг зөвлөдөг. Эрт илрүүлэгт хамрагдсанаар өмнө нь ийм байсан бол дараа жил нь яаж өөрчлөгдсөн байна гэдгийг олж тогтоон урьдчилан сэргийлж чадна гэсэн үг.
Түүнчлэн жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар буюу гурван жилээс дээш хугацаагаар уух нь эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.
- Жирэмснээс хамгаалах эмийг насаараа уусан хүмүүс ч зөндөө байдаг шүү дээ. Энэ нь эрсдэл үүсгэж байна гэж үзэж болох уу?
- Жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар уувал хавдар үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Физиологиороо явж байгаа юмыг хүчээр зохицуулж байна гэсэн үг шүү дээ. Энэ нь гормоны тэнцвэрт байдлыг алдагдуулж улмаар эрсдэл үүсгэж байгаа юм. Түүнээс гадна үр хөндөлт хийлгэх ч бас нөлөөлнө. Олон үр хөндөлт хийлгэсэн хүмүүс хөхний хорт хавдраар өвчлөх магадлал маш өндөр. Учир нь жирэмсэн болохоор бүх эд эрхтэн тэр тусмаа хөхөнд маш их өөрчлөлт ордог.
- Хөхний хорт хавдар нь хамгийн түгээмэл тохиолддог хавдрын тоонд орж байгаа нь юунаас шалтгаалж байна вэ?
- Хөх, өндгөвч хоёр нь эмэгтэйчүүдийн эстроген даавраар зохицуулагддаг эрхтэн учраас хамгийн их гормоны өөрчлөлтөд орж байдаг.
Сарын тэмдэг эрт буюу хүүхэд байхад ирэх, хүүхэд төрүүлэхгүй байх, хожуу цэвэршилт зэрэг гормоны тэнцвэргүй байдал нь хөхөнд хавдар үүсгэж байна гэж хардаг.
Түүнчлэн таргалалт, архи тамхины хэрэглээ, гормоны эмийн замбараагүй хэрэглээ, удамшил зэрэг нь хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг.
- Удамшлын тохиолдол хэр их байдаг вэ?
- Өмнө нь харьцангуй цөөн байсан. Саяхнаас хөхний хорт хавдрыг удамшлын шалтгаантай юу гэдгийг бүрэн тодорхойлж чаддаг болж эхэлж байгаа болохоор энэ тохиолдол бүртгэгдэх нь ихсэж байна. Иймд хэрэв ээж, эгч нь хөхний хавдраар өвчилсөн бол шинжилгээ өгч үзэх хэрэгтэй. Хэрэв хавдрын мутац илэрвэл хавдар болохоос нь өмнө өндгөвч болон хөхний урьдчилан сэргийлэх хагалгаа хийлгэдэг.
Үүнийг дэлхий дахинаа Анжелина Жолигийн эффект гэж нэрлэдэг. Анжелина Жолигийн ээж нь хөхний хорт хавдраар нас барж байсан. Улмаар Анжелина Жолид уг хавдар болгогч мутац нь илэрч хоёр хөхөө өндгөвчтэйгөө авхуулсан. Энэ нь хавдар болохоос нь өмнө урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Сүүлийн үед ийм төрлийн хагалгаа ихсэж байгаа. Энэ нь удамшлаас шалтгаалж байна уу гэдгийг илрүүлж чаддаг болсонтой холбоотой.
Уг мутац илэрсэн л бол хавдар үүсэх нь тодорхой гэсэн үг.
- Хөхний даруулга байнга зүүх нь хөхний хорт хавдраар өвчлөхөд хүргэдэг гэдэг. Энэ талаар тайлбарлаач.
- Хөхний даруулга нь хөхний цусан хангамжийг хаах буюу цусны урсгалыг саатуулснаас болж эрсдэл үүсгэж байна гэж үздэг. Түүнээс биш шууд хорт хавдраар өвчлүүлдэг гэж ойлгож болохгүй. Хөхөндөө таараагүй, хэт бариу хөхний даруулгыг удаан хугацаагаар зүүвэл хөхний цусны урсгалыг саатуулж улмаар эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Цусан хангамжгүй байгаад байвал бүх талдаа л муу нөлөө үзүүлж эхэлнэ шүү дээ.
- Эмэгтэйчүүдийн дунд байдаг нийтлэг ойлголт нь хөхөн дотор овгор товгор зүйл мэдрэгдээд, хатгуулж өвдөөд байна гэдэг үүнийгээ хавдрын шинж тэмдэг гэж ойлгодог. Энэ нь хэр зөв ойлголт юм бэ?
- Эмэгтэйчүүд хөхөө базаж буюу буруу шалгаад байдаг. Базаж үзэхээр хөх өөрөө тэр чигтээ булчирхайлаг эрхтэн учраас овгор, товгор юм тэмтрэгдэх нь ойлгомжтой. Тэгэхээр зөв шалгаж сурах хэрэгтэй.
- Хөхөө шалгаж байх нь өглөө босоод шүдээ угаадаг шиг тогтмол хийж байх ёстой зүйл үү?
- Тийм. Үүнийг эмэгтэй хүн болгон мэдэж байх хэрэгтэй.
ХӨХӨӨ ӨӨРӨӨ ШАЛГАХ АРГА
- Хөхөөр хатгуулж өвдөх нь ямар шалтгаантай байж болох вэ?
- Бүүр хожуу шатандаа орчхоогүй л бол хавдар өвддөг өвчин биш. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээгээр л илэрдэг. Өвдөж илэрнэ гэж ер нь л байхгүй. Илт шинж тэмдэг илрээд, зовуурь өгөөд эхэлсэн байвал хугацаа алдсан буюу хавдар хожуу шатандаа орсон байна гэсэн үг. Тэгэхээр эрт илрүүлэгтээ хамрагдах нь чухал юм.
- Хөхний имплант хавдар үүсгэх боломжтой юу?
- Хөхний имплантаас үүдэж хавдар үүснэ гэсэн нотолгоо байхгүй. Сүүлийн үеийн имплантууд улам боловсронгуй болсон. Имплантыг голцуу хөх нь дотор биш тусад нь хийдэг учраас хавдар үүсэх эрсдэл бага. Имплант хүний биед орохоор хөхнөөс тусдаа бүрхүүлэн хальс үүсдэг.
- Хөхний хорт хавдарт нөлөөлж байгаа зүйл нь амьдралын хэв маяг гэхээсээ илүү нас, гормон, удамшил гэж харж байна.
- Тийм. Тэр дундаа гормонтой холбоотойгоор цэвэршилтийн насны буюу 35-50 насны эмэгтэйчүүдэд үүсэж байдаг.
- Хөхний хорт хавдраар өвчилсөн эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн талаар ярилцъя .
- Саяхныг хүртэл хөхний хавдраар өвчилсөн ер нь хавдраар өвчилсөн хүмүүсийн сэтгэлзүйг анхаарч үздэггүй байсан. Олон жил хавдрын эмч хийсэн миний ажиглалтаар нөхөн үржихүйн насны ид хөдөлмөрлөх, амьдралын идэвхтэй байгаа үе дээрээ хавдар туссан эмэгтэйчүүдийн дийлэнхийнх нь нөхрүүд салаад хаяад явчихдаг байсан.
Хавдрын улмаас хөхийг нь бүтэн авсны дараа эмэгтэйчүүд маш их сэтгэл санаагаар унадаг. Өмнө нь сэтгэлзүйч эмч ч гэж байдаггүй байлаа. Хөхөө бүтэн авхуулаад түүн дээр нэмээд химийн эмчилгээ хийлгээд үс нь уначихдаг. Энэ нь сэтгэл санаагаар унахад нь ихээхэн нөлөөлж байгаа юм.
Түүнээс гадна ид хийж бүтээх насан дээрээ яваа иргэн нь өвдөнө гэдэг бол улсын хувьд маш том хохирол шүү дээ. Өвдөхөөсөө гадна сэтгэл санаагаар унаад ирэхээр хөдөлмөр эрхлэх чадамжгүй болж байгаа юм. Тийм болохоор сүүлийн үед хөхний хорт хавдарт сэтгэлзүйн болон хөх хадгалах эмчилгээг түлхүү хийх хандлагатай болсон.
- Хавдар хүндэрсэн бол заавал хөхийг авах арга хэмжээ авах уу?
- Аль үе шатанд илрэхээсээ хамаарч байгаа юм. Дөрөвдүгээр үе шат гэдэг нь хавдар өөр эрхтэндээ үсэрхийлчихсэн бүрэн эдгэхэд хэцүү болчихсон гэсэн үг. Эхний нэг, хоёрдугаар шатанд бүрэн эдгэх магадлал маш өндөр. Гуравдугаар шатанд арай төвөгтэй. Хэдий чинээ эрт илрүүлнэ хөх хадгалах, нөхөн сэргээх боломжтой байдаг.Одоо бол дэлхий нийтээрээ аль болох хөхийг хадгалах, нөхөн сэргээх тал руугаа ажилладаг болсон.
- Хөхийг авахгүйгээр эмчлэх арга байдаг уу?
- Аль ч байрлалын хортой хавдар мэс заслаар эмчлэгдэнэ. Сүүлийн үед эмчилгээнүүд сайжирч байгаатай холбоотойгоор зарим төрлийн хавдарт мэс засал хийгдэхгүй байх тохиолдол бий. Хөхний хорт хавдарт бол заавал мэс засал хийнэ. Аль үе шатанд оношлогдож байгаагаасаа шалтгаалаад хагалгааны цар хүрээ нь тогтоогдож хөх хадгалах уу, нөхөн сэргээх үү гэдэг нь шийдэгдэнэ. Болж өгвөл бүтэн авахгүйгээр аль болох хадгалж, нөхөн сэргээх хагалгааг хийдэг.
- Танай эмнэлэг дээр уг нөхөн сэргээх эмчилгээг хийдэг үү?
- Энэ оны аравдугаар сарын байдлаар 114 тохиолдолд хөхний ямар нэг ажилбар, мэс засал хийгдсэнээс хөхний хорт хавдрын 35 тохиолдол бүртгэгдсэн байна.
Манай эмнэлэгт жилд дунджаар 130-140 тохиолдолд хөхний эмгэгтэй холбоотой мэс ажилбар хийгддэгээс 50% нь хөхний хорт хавдрын шалтгаантай байдаг.
Манай эмнэлгийн хувьд хагалгаа хийлгэж байгаа хүмүүсийн 70 хувьд нь нөхөн сэргээх эмчилгээг хийж байна. Имплантаар сэргээхээс гадна өөрийнх нь эд эрхтнээр хөх нөхөн сэргээх хагалгааг хийдэг. Хожуу шатны хавдар дээр ч гэсэн нөхөн сэргээх мэс заслууд хийгдэж байгаа. Түүнчлэн хавдартай, сэтгэлзүйн эмчилгээ шаардлагатай хүмүүстээ сэтгэлзүйн үйлчилгээг цагаар үзүүлж ажилладаг.
Мэс засал, хавдар, мэдээгүйжүүлэлт, оношилгоо, сэтгэлзүй зэргээр дийлэнх нь мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан бүтэн том мэргэжлийн эмч нарын баг ажиллаж байна. Үйлчилгээг цогцоор нь нэг дороос үзүүлнэ гэсэн үг. Манай баг жил болгон энэ чиглэлээрээ олон улсын хурал, зөвлөгөөнд оролцож шинэ эмчилгээний талаар судалж, суралцсаар байна. Ирэх жил энэ төрлийн олон улсын хурлыг монголдоо хийх төлөвлөгөөтэй байгаа.
- Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
- Баярлалаа.
ЗӨВЛӨМЖ
Хүмүүс хөхөндөө янз бүрийн асуудалтай байж болно. Ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг мэдэх нь хамгийн чухал зүйл юм. Хөхтэй холбоотой асуудлууд нь бүгд хөхний хорт хавдраас үүдэлтэй байдаггүй ч таны хөхөнд ямар нэгэн асуудал гарвал эмчид үзүүлэх хэрэгтэй.
Хөхний нийтлэг асуудлууд:
Эдгээр асуудлууд ямар ч насныханд тохиолдож болох бөгөөд хэрэв танд илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна. Хөхний асуудал нь ихэвчлэн яаралтай арга хэмжээ авах шаардлагагүй байдаг боловч та хугацаа алдалгүй шалгуулж ноцтой эсэхийг илрүүлэх нь чухал юм. Зарим тохиолдолд эмч танд нэмэлт шинжилгээ хийх эсвэл таныг нарийн мэргэжлийн эмч рүү илгээж болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!