Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Уг протоколын талаар айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Парис хотод сурвалжлах багийнханд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Хэлэлцээрийн гол зорилго нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ, тогтвортой ажиллах нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт оршино. Энэ чиглэлд ч төвлөрч ярилцсан.
Энэ төслөөс Монгол Улс 30 жилийн хугацаанд нийт дүнгээрээ 3.2 тэрбум орчим долларын орлогыг татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр хүртэхээр болж байгаа нь өндөр ач холбогдолтой.
Франц Улс ТЭЗҮ-ийг боловсруулсан. Үүнээс 4.5 тэрбум долларын цэвэр ашигтай байна гэсэн тооцоолол бий. Энэ үнийн дүнгээс 1.6 орчим тэрбум долларыг Монгол Улс АМНАТ хэлбэрээр авч буй нь нийт төслийн ашгийн 25 орчим хувийг баталгаатай авах нөхцөл бүрдлээ гэж ойлгож болно. Төсөл ашиглалтад орох хугацаа гурван жилээр хэмжигдэж байгаа. Ашиглалтад орсон жилээс эхлээд жил бүр татвар болон АМНАТ хэлбэрээр 100 орчим сая долларыг тогтмол авах нөхцөл бүрдэж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын Үндсэн хуулийн 6.2 дэх заалтаа өгөөжийн 50+1 хувь нь Монголын талд байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажилласан. Францын тал Монгол Улсын Үндсэн хуульд хүндэтгэлтэй хандлаа.
Уран гэхээр манай ард түмэн хоёрдмол ойлголтыг авдаг. Аюултай, хортой гэдэг ойлголттой. Орчин үеийн дэвшилтэд технологиуд энэ салбарт нэвтэрснээрээ аюул, эрсдэл эрс багассан. Францын Засгийн газар нь шинэ технологиор уран олборлож чаддаг.
Ураны салбарт хамтран ажиллах саналыг ганц Франц бус ОХУ, БНХАУ ярьж байна. Гэхдээ бодитой эрэл хайгуул хийж ирсэн Франц Улстай хамтран ажиллахыг зүйтэй гэж үзсэн байгаа.
Ураны салбар эргэлтэд орсноороо цаашид цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох үндсэн дээр хамтын ажиллагааны яриа хэлэлцээр хийгдэж буй талаар Ерөнхийлөгч нарын хэлэлцээрт дурдагдсан.
Ойрын 10-15 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчийг бодитоор бий болгох боломж байгаа. Франц Улстай энэ том хэмжээний яриа хэлэлцээг хийсний үр дүнд эрчим хүч, хөдөө аж, ахуй, эрүүл мэндийн салбарт бодитой хамтын ажиллагааг эхлүүлэх боломж нээгдэж байна" хэмээн ярьсан юм.
Ажлын хэсгийн протокол:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!