Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын эдийн засгийн бие даасан тогтвортой байдал цаашид аюулгүйгээр Үндсэн хуульд заасан агуулгаараа үр ашиг нь Монголын ард түмэнд дийлэнх нь очих зарчмаа барьж хөрөнгө оруулалтын гэрээ, төслийг эхлүүлэх нь маш чухал байна.
Бид парламентын засаглалтай учраас олон улсын мега төслийг УИХ-аар оруулж, батлах ёстой. Тэр хүртэл бэлтгэл ажлаа хангах, хөрөнгө оруулагч талтай ерөнхий, суурь зарчмуудаа тохирох, ойлголцох энэ асуудалд бичиг баримтын статус нь Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр протоколд хоёр талаасаа тохиролцож байна. Энэ удаад Монгол Улсын талаас тавьж байгаа шаардлагууд, бидний зорьж байгаа агуулгуудыг Францын талаас нааштай хандаж, эергээр хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл өмнөх мега төслүүдтэй харьцуулах юм бол Монголын ард түмэнд тогтвортой эдийн засгийн болон нийгмийн чиглэлийн үр өгөөжөө өгөх сайн төслийн суурь тавигдлаа гэж харж байна. Аль болох санхүүгийн болон бусад эрсдэлээс зайлсхийж, ийм төрлийн хувьцааны хариуцлагаас зайлсхийсэн.
Байгалийн баялгаа ашиглуулсныхаа төлбөрүүдээ олон улсын жишигт байдаггүй, өндөр хэмжээнд авахаар хоёр талаасаа ойлголцсон нь маш чухал.
Тухайлбал бид Оюутолгой компаниас бид АМНАТ таван хувь байдаг бол тогтвортой 10 хувь дээр нэмэх нь үнээс хамааралтай, өсөн нэмэгдэх АМНАТ авна. Одоогийн ураны үнэ 72 сая ам.доллар хүрсэн бөгөөд энэ ханшаар тооцвол 13 хувийн АМНАТ авах боломж бүрдэнэ.
Төсөл амжилттай хэрэгжих, алдагдалтай байхаас үл хамаарч олборлолт эхэлсэн л бол АМНАТ шууд тогтвортой авах, аж ахуйн нэгжийн орлогын татварыг одоогийн хууль эрх зүйн зохицуулалтаар авна, давуу эрхийн 10 хувийн хувьцааг нэмж эзэмшихийг хоёр талаас ойлголцлоо. Давуу эрхийн хувьцаа гэдэг нь АМНАТ-тай дүйцэхүйц хэмжээний жил бүр урьдчилж тохирсон тогтмол ногдол ашиг аваад явна. Ямар нэг хувьцааны дагуу зээлээр хөрөнгө оруулалт хийх, нэмэлт хөрөнгө оруулалт хийх зэрэг санхүүгийн хариуцлага хүлээхгүй.
Францын тал өөрийн хөрөнгө оруулалтаа хийнэ гэсэн. Өмнөх гэрээнүүдээс ялгаатай нэг суурь зарчим нь хүнд шилжүүлэх буюу татварын орчныг нуун дарагдуулах зарчмууд байж болохгүй гэх зарчмаар аудит хийлгэж явна гэдгийг хоёр тал сайн ойлголцож, тохирлоо. Энэ бол өмнөх олон улсын гэрээнүүдтэй харьцуулах юм бол олон улсын хөрөнгө оруулалтын гэрээний зарчмыг шингээсэн шинэлэг зарчмыг суулгаж өгсөн нь маш сайн зүйл" гэсэн мэдээллийг өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!