Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийж буй төрийн айлчлалын үеэр яригдаж буй асуудлын талаар хуулийн зөвлөх Э.Одбаяр мэдээлэл өглөө.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хийгдэж буй уулзалтын үеэр яригдаж байгаа асуудлын талаар мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д хийгдэж байгаа төрийн айлчлал амжилттай үргэлжилж байна.
Парис хотын захирагч хатагтай Анн Идалго Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр бараалхлаа. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Парис-2024 онд болох олимпын наадмын үеэр Монголын олимпод оролцох баг бүрэлдэхүүнтэй хэрхэн харилцаж ажиллах, ямар байдлаар байрлуулах, соёл урлагийн чиглэлээр Парис хот той хамтарч ажиллах, хоорондын хэлхээ холбоог сайжруулах талаар ярилцлаа.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч болон Франц Улсын Ерөнхийлөгч нарын 2023 оны тавдугаар сард хийсэн уулзалтын дагуу харилцаа, хамтын ажиллагааг урлагийн байгууллагууд, улс төрийн харилцааг хөгжүүлэх талаар ярилцлаа.
Улаанбаатар хотын нэрэмжит гудамжийг Парис хотод байгуулж, нэрлэх талаар санал солилцлоо.
НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын ерөнхий захирал Одри Азулэй Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж байна.
Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөцөд бүртгэж авсан тухай батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулж өглөө.
Францын Сенатын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана. Төрийн айлчлалын бүрэлдэхүүнд байгаа УИХ-ын гишүүд болон хоёр улсын найрамдлын бүлгийн гишүүд парламент хоорондын харилцааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцоно.
Өнөөдөр орой Версалийн хааны ордны Хааны дуурийн театрт Морин хуурын чуулга анх удаа тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолтод Францын төрийн өндөр түвшний зүтгэлтнүүд, Парис хотын дарга, парламентын гшиүүд уригдсан.
-Айлчлалын хүрээнд яригдаж байгаа гол асуудал Орано группийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал яригдана. Үүнд ахиц гарна гэсэн хүлээлт байна уу?
-Энэ сэдэв олон жил яригдсан. Өнгөрсөн тавдугаар сард Францын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлалын үеэр энэ талаар ярилцсан. Айлчлалын үеэр өнөөдрийг хүртэл ярилцсан хэлэлцээний протоколд гарын үсэг зурахаар ажиллаж байна. Хоёр улсын мэргэжлийн баг, ажлын хэсгийнхний хэлэлцээ үргэлжилж байна. Хэлэлцээ үргэлжилж, хэлэлцээр болж, дараа жилийн эхээр эцэслэгдэх талаар хоёр тал тохиролцож байна.
Хөрөнгө оруулалтын том гэрээ учраас УИХ-аар хэлэлцүүлэх ёстой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!