Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Мөнх-Эрдэнэ: Цахилгаан скүүтертэй холбоотой зургаан осол бүртгэгдсэн. Сундалж явах, скүүтерээс буулгүй гарцаар гарах нь эрсдэлтэй

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахилгаан скүүтерийн зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор зуны хугацаанд зургаан осол бүртгэгдсэн байна. Эдгээрээс явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн хоёр осол гарсныг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. 

Унадаг дугуй, скүүтерээр зорчихдоо дагаж мөрдөх зөвлөмжийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэ танилцуулсан юм. 



  • Цахилгаан скүүтер унаж хөдөлгөөнд оролцохдоо гар утсаа ашиглахгүй байх, нэг гараараа утсаа бариад нөгөө гараараа үрүүлээ жолоодох нь осол гаргах эрсдэлийг бий болгоно. 
  • Шөнийн цагаар бусад жолооч нарт өөрийгөө харах нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор аль болох тод, гэгээлэг өнгийн хувцас хэрэгсэл өмсөх, гэрэл ойлгогчтой хантааз өмсөхийг зөвлөе.
  • Цацруулагчтай цүнхний оосор, уут хэрэглэж, өөрийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна.
  • Олон улсын дүрэмд зааснаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дугуй, скүүтерээр хөдөлгөөнд оролцох хориотой. Орон зайн нөхцөл байдал, баримжаа алдагдаж, самбаачлах хурдгүй болсон байдаг.
  • Унадаг дугуйн замаар эсхүл зорчих хэсгийн хөвөөгөөр явах боломжгүй тохиолдолд явган хүний замаар явах бол явган зорчигч давуу эрхтэй байна. Иймд цахилгаан скүүтертэй хүн явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй.
  • Цахилгаан скүүтертэй хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг ханган хамгаалах малгай өмсөж зорчино. 
  • Скүүтер унаж байхдаа чихэвч хэрэглэхийг хориглоно. Чихэвч нь гаднын дуу нөлөөнөөс таныг тусгаарладаг.
  • Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд цахилгаан скүүтерээр зөвхөн явган хүний зам, эсвэл унадаг дугуйн замын тэмдэг тэмдэглэгээтэй газруудаар явна хэмээн заасан. Зориулалтын замаар явах боломжгүй байгаа бол зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээний захыг шахаж явна.
  • Явган хүний гарцтай хэсгээр унадаг дугуй, скүүтерээсээ буугаад түрж явна. Өөрөөр хэлбэл явган зорчигчийн нэгэн адил явна гэсэн үг. Скүүтер, дугуйгаа унаад шууд зам хөндлөн гарах нь осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Скүүтер дээр сундалж явахыг олон улсад хориглодог. Хэдийгээр цахилгаан болон бусад скүүтер 20-30, зарим нь 45 километр цагийн хурдтай явж байгаа ч ямар нэгэн байдлаар онхолдож унахдаа зорчих хэсгээр явж байгаа машины урдуур орж унах эрсдэл бий. Тиймээс ч сундалж явахыг хориглож байгаа.
  • Явган зорчигчийг мөргөж, шүргэж гэмтээхгүйн тулд цахилгаан скүүтерийн хурдыг 10 километр цагаас хэтрүүлэхгүй явна гэх дүрмийн заалт бий.

Мөн "Эцэг эх, асран хамгаалагчдад хэлж анхааруулахад 10 хүртэлх насны хүүхдийг цахилгаан скүүтер болон унадаг дугуй унуулж хөдөлгөөнд оролцуулж байгаа тохиолдолд харгалзаад явах шаардлагатай.

10 хүртэлх насны хүүхэд бие дааж дугуй, скүүтертэй хөдөлгөөнд оролцож болохгүй учраас заавал харгалзах том хүн явах хэрэгтэй.

Хэрвээ 10-аас дээш насны хүүхэд тань хичээлдээ дугуй эсвэл скүүтерээр явдаг бол зориулалтын зам талбай байдаг эсэхийг асууж, зааварлах нь чухал. 

Шөнийн цагт аюулгүй байдлыг хангахын тулд цүнхний гадна талд гэрэл ойлгогчтой тууз хийж өгөх хэрэгтэй. Мэдээж гарцаар гарахдаа заавал бууж түрээд явна гэдгийг хэлж захих шаардлагатай" хэмээн Цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэ зөвлөлөө.