ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хэт халалтыг биеэр мэдрэх хүсэлтэй жуулчид Үхлийн Хөндийг зорьсоор байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Калифорни мужийн Үхлийн Хөндий (Death Valley) тусгай хамгаалалттай бүс нутагт сүүлийн үед манай гарагийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн халуун өдрүүд тохиож байгаа билээ.

Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд АНУ-ын баруун болон өмнөд бүс нутагт үргэлжилж буй агаарын хэт халалт 100 гаруй сая хүний эрүүл мэндэд аюул учруулж байгаа.

Тухайлбал Аризона мужийн Финикс хотод 19 өдөр дараалан Цельсийн 37 хэм давж халсан нь түүхэнд байгаагүй үзэгдэл болжээ.

Гэсэн хэдий ч их халууныг бие дээрээ туршиж, мэдрэх хүсэлтэй сониуч хүмүүсийн цуваа тасрахгүй байгааг Үхлийн Хөндий Үндэсний Паркийн захиргаа мэдээлсэн байна.

Калифорни болон Невада мужуудын зааг дээр оршдог Үхлийн Хөндийд сүүлийн өдрүүдэд агаарын температур хэд хэдэн удаа Цельсийн 54 хэм хүрсэн юм.

Энэ нутагт саяхан шөнийн цагаар агаарын температур 49 хэм хүрсэн нь мөн түүхэн дээд халалт болсон байна.

Үхлийн Хөндийн төвд байрлуулсан аварга том термометр адал явдал хайгчдын гэрэл зураг авхуулдаг гол цэг болжээ.

зураг
 

Термометрийн металл бие халалтыг улам нэмэгдүүлдэг тул хэмжээс нь бодит байдлаас цөөн хэдэн хэмийн илүү харагддагийг паркийн захиргаа тайлбарласан байна.

Тухайлбал Ням гарагт термометрийн заалт 54 хэмийг зааж байхад АНУ-ын Үндэсний Цаг Уурын Алба 53 хэм хүрсэн гэж мэдээлжээ.

зураг
 

Үхлийн Хөндий Үндэсний Паркийн захиргаа жуулчдад зориулсан эрүүл мэндийн анхааруулга гаргасан байна.

“Хэт халуунтай холбоотой өвчлөл нь таны бие өөрийгөө хөргөж чадахгүй байгаагаас үүдэлтэй юм. Хүний бие ихэвчлэн хөлрөх замаар өөрийгөө хөргөдөг ч зарим тохиолдолд энэ нь хангалтгүй байдаг. Энэ тохиолдолд биеийн температур нэмэгдэж, тархи болон бусад амин чухал эрхтнүүдийг гэмтээж болно. Их халууны улмаас арьс түлэгдэх, тууралт гарах зэрэг эмчлэгдэх боломжтой өвчлөлүүдээс гадна шууд үхэлд хүргэх наршилт зэрэг өвчлөлд өртөх боломжтой” гэж уг анхааруулгад бичжээ.

Энэ сарын эхээр Үхлийн Хөндийд 65 настай эрэгтэй автомашин дотроо амиа алдсаныг олсон юм. Автомашиных нь хоёр дугуй хагарч, агааржуулагч ажиллахгүй болсноос тэр хэт халууныг тэсэлгүй амиа алдсан байжээ.

 

Эх сурвалж: Business Insider