Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Зорилтот бүлгийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 90 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Засгийн газрын гишүүд мэдээлэл өглөө. 

Төсвийн тодотголын талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ "Бид гурван жил дамнасан хүнд сорилтыг даван туулж ирлээ. Эхний хоёр жилийн хугацаанд төсвийн тодотгол хийж байсан. Гэхдээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлж тухайн үеийн КОВИД-19-ийн зардлыг санхүүжүүл ирсэн. Гэсэн хэдий Засгийн газраас экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор шат дараатай арга хэмжээ авсны үр дүнд өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын эдийн засаг тогтворжсон.

Энэ хүнд үед Монгол улс гадаад өрийн менежмент гадаад өрийн тогтвортой байдлыг сайнаар удирдаж чадаж байна. Тийм учраас гаднын хөрөнгө оруулагчид ийм хэмжээнд итгэл хүлээлгэж байгаагаа харуулсан сайн үзүүлэлт болсон байдаг. Эдгээр сайн үр дүнгүүдийн дүнд өнөөдөр төсвийн тодотгол хийх боломж ирж буй хэрэг. Иймд эдийн засгийн боломж гарсан хамгийн эхний цаг хугацаан дээр ард иргэддээ өрхийн болон хувь хүний орлогын түвшинд дэмжлэг болгож, төсвийн зарцуулалт хийх зайлшгүй шаардлага тулж ирж байна.

Зарим нь үүнийг сонгуулийн шоу гэж хэлж байгаа. Үгүй, энэ бол боломж гарсан хамгийн эхний цаг хугацаа юм. Энэ боломжгүй ашиглаж цалин, тэтгэвэр, тэтгэмж, зорилтот бүлгийн халамж, нийслэлийн түгжрэл гээд тулсан асуудлуудаа шийдэхээр төсвийн тодотгол хийж байгаа.  Харин хойшлох тусам буюу сонгууль руу дөхөхөөр янз бүрээр хэлэгдэнэ.

Төсвийн тодотголыг эдийн засгийн дараах таван ангилалд хийж байна. Тодруулбал,

  1. Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэгдүүлнэ. Нийт 986.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 217.7 мянган төрийн албан хаагч хамрагдана.
  2. Тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмээд үнийн өсөлттэй уялдуулж 10 хувь нэмэгдүүлнэ. 394.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нийт 496.3 мянган тэтгэвэр авагч хамрагдана.
  3. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгнө. Мөн өнгөрсөн зургаан сарын хугацааны мөнгийг нь нөхөж олгоно. Нийт 167.2 тэрбум төгрөгийг тодотгох ба 141.4 мянган хүүхэд хамрагдана.
  4. Зорилтот бүлгийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг 90 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнд 146.4 мянган хүн хамрагдана.
  5. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалтай холбоотойгоор том замуудын хоорондох холбоос замуудыг гүйцээх 187 тэрбум төгрөгийг тодотгосон” гэдгийг хэллээ.  

Өөрөөр хэлбэл, нийт нэг их наяд 825.2 тэрбум төгрөгийн төсвийн тодотгол хийнэ. Энэ нь нэг сая иргэн шууд хамрагдсан төсвийн тодотгол болно" хэмээв. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/230363589721567