Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Наполичууд хөл бөмбөгийн лигийн аварга болсноо тэмдэглэх үеэр мафийн боссын хүү алагджээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Наполи хотын хөл бөмбөгийн клуб 33 жилийн дараа Италийн Serie A лигийн аварга болсон юм.

Домогт Марадонагийн ачаар хамгийн сүүлд аварга болж байсан Наполичууд баяраа өргөн дэлгэр тэмдэглэсэн юм.

Энэ үеэр тус хотын гэмт хэргийн ертөнцөд ноёлдог Понтичелли мафийн босс Маурицио Костанзогийн хүү 26 настай Винчензо гудамжинд буудуулж алагдсан тухай Италийн цагдаагийн албаныхан мэдээлсэн байна.

Өмнө нь олон удаа гэмт хэрэг үйлдэж байсан түүхтэй Винчензо Костанзо сумны шархтай эмнэлэгт хүргэгдээд амьсгал хураажээ. Энэ үеэр түүнтэй ойр байсан гурван хүн шархадсан байна.

Одоо Наполи хотын прокурорын газар түүнийг өрсөлдөгч мафийн бүлгүүдэд алагдсан, эсвэл баярлаж хөөрсөн хүмүүст санамсаргүй буудуулж алагдсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

Өмнөд Италийн хотуудын оршин суугчид баяр наадам тэмдэглэхдээ тэнгэрт хий буудах үзэгдэл түгээмэл гардаг ажээ.

Хотын клуб нь Удинез клубтэй 1:1 харьцаатай тэнцэж, лигийн аварга болох болзлыг хангасны дараа Наполи хотын гудамж талбайд олон арван мянган хүн шөнөжин хөөр баяраа тэмдэглэсэн юм.

Тэдний зарим нь 1990 онд Наполи клубийг аварга болгосон Аргентины домогт тоглогч агсан Диего Марадонагийн зурагтай далбааг мандуулж байв.

Энэ үеэр салют буудуулаад гараа гэмтээсэн, хоорондоо маргалдаад шархадсан зэрэг зуу гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ.

Наполи хотынхон аваргын баяртаа бүр гуравдугаар сарын эхээр клуб нь дараагийн шатанд шалгарах үеэс бэлдэж эхэлсэн байна. Хотын хууль сахиулагчид ч бас баярын үеэр нийгэмд дэг журам тогтоох бэлтгэлээ эртнээс базаажээ.

Наполи дахь АНУ-ын консулын газар олон өдөр үргэлжилж болзошгүй баяр наадмын үеэр болгоомжтой байхыг нутаг нэгтнүүддээ анхааруулсан байна.

Наполи хотын клуб түүхэндээ гурав дахь удаагаа Serie A лигийн аварга болжээ. Мөн Ром хот лигийн аварга болж байсан 2001 оноос хойш Милан, Турин зэрэг Италийн хөл бөмбөгийн хүчирхэг хотууд дараалан аваргын титмийг зүүж ирснийг өмнөд нутгийн баг зогсоосон нь энэ юм.

 

Эх сурвалж: The Guardian