Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ихрүүдэд бэлэгнээс илүү баталгаатай амьдрал хэрэгтэй байна, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!

Ч.Болортуяа
2013 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол улс бүртгэл мэдээллийн нэгдсэн системтэй болсноос хойш анх удаа дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн гайхамшигтай сайхан үйл явдал болоод байна. 

20 жилийн өмнө дөрвөн ихэр хүүхэд мэндэлж байсан гэдэг ч энэ нь амжилттай төрөлт болж чадаагүй талаар Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. 

Тэгэхээр энэ сарын 23-нд төрсөн дөрвөн ихрийн амьд төрөлт нь Монгол Улсын түүхэнд тэмдэглүүштэй ховор үйл явдал болжээ. 

Манай улсад анх удаа болсон энэ үйл явдлаас үүдэлтэйгээр ихрүүдийн асуудал өөрийн эрхгүй анхаарал татлаа. 

ИЧМЭЭР ЮМ! МОНГОЛД ДӨРВӨН ИХРИЙГ ХОЁР ХЭМЭЭН АНДУУРЧ БАЙЖЭЭ

Дөрвөн ихэр хүүхдийн эцэг, эх нь Сэлэнгэ аймгийн харьяат. Нутагтаа эмчийн хяналтанд байсан ч эх Э.Хандаагийн тээж байсан ургийг хоёр ихэр хэмээн эхо аппаратаар оношилсон байна. 

Инээдтэй биш гэж үү. Орчин үед техник технологийн эрин зуунд амьдарч байж төрөх дөхсөн хүүхдийг хэдэн ихэр байгааг оношилж чадахгүй байна гэдэг хачирхалтай “тэнэг”, хариуцлагагүй үйлдэл санагдав.

Учир нь гадны орнуудад ихэр ураг тээж байгаа эхийг нийгмээрээ халамжилж жирэмсэн байх хугацаанаас эхлэн эрүүл мэнд, сэтгэл санаанд нь анхаарал тавьсаар амаржуулдаг. 

Харин Монгол улсын түүхэнд анх удаа тохиолдох дөрвөн ихэр тээж байгаа эхийг бид төрснийх нь дараа л сая нэг мэдэв. 

Монголын төр хүндээ яаж анхаардгийг тод томруун харууллаа. 

Энэ онд Чех улсад Александра Кинова хэмээх 23 настай бүсгүй саяд нэг тохиох таван ихэр хүүхэд тээж байгаа тухай дэлхий даяар мэдэн, түүнийг эсэн мэнд амаржаасай хэмээн тухайн улсын иргэд бас олон улсын хэвлэл мэдээллүүд ч анхаарал тавьж байсан. Харин манай Монголд эрүүл мэндийн оношлогоо иймэрхүү л байдалтай. 
Монголын ихрүүдийн холбооноос эрх баригчдад ихэр ураг тээж байгаа эхэд илүү анхаарал, халамж, хангамж өгөхийг удаа дараа хүсч байсан ч тусыг эс олжээ. 

Найман долоо хоног буюу хоёр сартай ихэр ураг эхо аппаратад ийм тод харагддаг байна.

iKon.mn сайт энэ долоо хоногт  4D эхо аппаратаар дөнгөж хоёр сартай ургийг оношилж ихэр эсэх, эрүүл энх бойжиж байгааг мэдэх боломжтой болсон талаар мэдээлэл оруулж байсан. Харин манай Монголд төрөх нь дөхсөн хүүхдийг ч оношилж чадахгүй байна.

Ямар байна?

 

 

 

 

 

НЭГ ХҮН “БААТАР” БАЙХААС ИЛҮҮТЭЙ НИЙТИЙН ЭРХ АШИГ ХАМГИЙН ЧУХАЛ БАЙМААР!

Сэлэнгэ нутгаас төрсөн алдартан, улстөрч, бизнес эрхлэгчид олон билээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Н.Номтойбаяр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Монголынхоо нэрийг дэлхийд мандуулсан олимп, олимпийн төрөл дэх дэлхийн аварга тамирчдыг тогтмол цалинжуулдаг болсон. Энэ бол сайхан явдал!

Энэ жил Улсын аварга цол хүртсэн Сэлэнгэ аймгийн бөх Г.Эрхэмбаярыг олон жил тасарсан аварга цолыг эх нутагтаа авчирсанд нутгийн улстөрч, бизнес эрхлэгчид их баяр хөөрөөр угтаж байр, машиныг хэд хэдээр нь бэлэглэж байсан сан. Монгол үндэсний бөхөөрөө бахархан хүндэтгэж буйн илрэл. Энэ бол сайхан явдал! 

Харин Монгол улсын түүхэнд анх удаа дөрвөн ихэр хүүхэд төрж байхад тус нутгийн улстөрч, бизнес эрхлэгчид дуугүй байгаа нь гайхалтай санагдсаныг нуух юун.

Монголчууд бид нийтээрээ бахархалт, үлгэр дуурайл авах хүмүүстэй байх, тэдний амьдрал хангалуун дэвлүүн, халамж анхаарал сайн байх нь сайхан явдал!

Харин нэг л чухал зүйлээ бид мартсаар иржээ. Энэ бол нийтийн эрх ашиг, нийтийн эрүүл мэнд. 

Нэг, хоёрхон хүн сайхан амьдраад байх биш нийтээрээ эрүүл мэнд, амьжиргааны түвшин хангалттай сайн байна гэдэг хамгийн чухал билээ. 

Үүний тод жишээ бол ихрүүдийн амьжиргааны түвшин юм. Тэднийг өсгөн хүмүүжүүлэх нөр их хөдөлмөр хариуцлагыг хүлээсэн эцэг, эхчүүд бол эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүс. 

Монголчууд бид цөөхүүлээ. Хүн бидэнд хамгийн үнэ цэнэтэй эрдэнэ. 

ЭРХЭМ ТӨРИЙН ТҮШЭЭД ЭЭ ТЭДНИЙ БЭРХШЭЭЛИЙГ АНХААРАЛ ТАВИАД УНШААД ҮЗЭЭРЭЙ!

Ихрүүд ярьж байна

Монголын Ихрүүдийн холбооны тэргүүн Ч.Үржинбадамд ирсэн ихэр хүүхэдтэй эцэг, эхчүүдийн санал, хүсэлтүүдээс ... 

Д.Ариунзаяа, Д.Мөнхзаяа, Д.Энхзаяа нарын ээж н.Долгор “Манай гурван ихэр 2007 оны долдугаар сарын 18-нд төрсөн. Бид анх 2008 онд С.Баяр сайдад хандаж орон сууц хүссэн юм. Орон сууц олгохыг Т.Билэгт даргад үүрэг болгоно оо гэсэн хариу ирсэн. 2011 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсан. Мөн л бололцоотой бүхий л талаар туслалцаа үзүүлнэ гэсэн хариу ирсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр л байна. Өнөөдөр манайх 2-15 насны долоон хүүхэдтэйгээ дөрвөн ханатай гэрт амьдарч байна. Энэ байдлыг маань харгалзан үзэж бидний амьдралд туслалцаа үзүүлж өгнө үү” гэжээ.

 

Хоёр ихэр Б.Төгсжаргал, Б.Төгсбилэг нарын аав н.Буянхишиг “Манай ихрүүд нэг нас хүртлээ эмнэлэгт л байсан. Үхэх сэхэх нь мэдэгдэхгүй их л айлгаж хүн болсон. Ээж нь хүүхдүүдээ тээж байхдаа калийн дутагдалд орж хөл гарын шөрмөс нь татдаг байсан. Гэтэл одоо эхнэр маань ядрахаараа доголдог удаан явж чадахаа больсон байнгын эмчилгээтэй байдаг болсон. Тиймээс төр, засгаас ихэр хүүхэд тээж байгаа эхчүүдэд илүү их анхаарал тавьж ихэр хүүхдүүдийн ээж нарын сувилал байгуулах хэрэгтэй санагддаг. Бид дахиад бүл нэмж хүүхэд төрүүлмээр байдаг ч эхнэрийн маань төрөлтөөс ужиг өвчтэй болсон тул дахин төрөхөөс айдаг. Иймд төр засаг маань хүн амын өсөлтийн цогц бодлогод төрөхийн өмнөх ба төрсний дараа эхчүүдийн эрүүл мэндэд анхаарал тавиач ээ гэж хэлмээр байна”

2005 онд төрсөн гурван ихрийн өвөө Д.Цагаанхүү, эмээ Н.Доржханд нар “Гурван ихэр хүүхэд тээж төрүүлэхэд эх төрөх дөхөхөөр хэвтэж сууж, босч явахад ч бэрхшээлтэй болдог. Хэзээ ч гэдсэндээ багтдаггүй учраас эмч нар заавал дутуу төрдөг гэдэг юм билээ. Төрөхдөө хүртэл бэрхшээлтэй байдаг юм билээ. Дутуу төрж байгаа учир хүүхэд нь дутуу хөгжилтэй маш их эмчилгээ сувилгаа шаардлагатай байдаг. Манай гурван ихэр хүүхэд эхээс төрөхдөө:

  1. Цус багадалттай 
  2. Кальцийн дутагдалтай 
  3. Түнхний хөгжил дутуу 
  4. Тархины даралттай байсан ба одоо шүдний палан муутай байгаа. 

Эдгээрийг эрэмбэ дараатай эмчлэх шаардлагатай байдаг. Цус багадалт, кальц дутагдлын эм том хүнийхээс өөр олддоггүй юм билээ. 

Эмчид үзүүлэх мөнгө, бариа заслын /тархины даралтын/, эм тариа, физик эмчилгээ, түнхний сойлт, тэвх бүгд санхүү талаас хүндрэлтэй байдаг. Олон зэрэг ажил хийх аргагүй болоод ирэхээр гар хуруундаа зүүсэн өнгөтэй болгоноо хүртэл зарах нь энүүхэнд. Үр хүүхдүүд минь болж байвал бусад нь яах вэ болдог. Төрүүлсэн эх гурван хүүхэддээ хамаг байдгаа шавхдаг учраас “хүний сүг” болчихдог юм байна. Дараа нь хүүхдээ өсгөж бойжуулах гээд яагаад ч гурван нас хүртэл ажил хийх арга байдаггүй. Хүүхдүүд маань хоёулаа оюутан байсан сургуульдаа сурах ямар ч боломж олдохгүй юм билээ. Эх нь хэзээ ч гурван хүүхдээ хөхний сүүгээр тэжээж чадахгүй гурван уут сүү аваад хоёр хоног идээд дуусна. Улсаас өгч байгаа мөнгө нь сайндаа л найм хоногийн сүү болдог. Нэг нь уйлвал гурвуулаа зэрэг уйлна, гурван хүн гурван хүүхдээ авч тайвшруулна. Дөрвөн хүн байж хоол унд бэлтгэж өгнө. 

 Эх нь хэзээ ч гурван хүүхдээ хөхний сүүгээр тэжээж чадахгүй гурван уут сүү аваад хоёр хоног идээд дуусна. Улсаас өгч байгаа мөнгө нь сайндаа л найм хоногийн сүү болдог. 

Үнэндээ гэхэд бид олуулаа тулдаа өсгөлөө. Зөвхөн эцэг эх хоёр бол амжихгүй, хүн хүрэлцэхгүй юм байна. Ийм учраас улс орон иргэнээ бүрэн бүтэн өсгөж бойжуулах гурван ихрийн сувиллаа дахин ажиллуулж өгөөч гэж хүсэмжлээд ихэр хүүхэд өсгөх хууль гаргаж өгөхийг эрхэм гишүүдээс хүсч байна. Нэмж хэлэхэд гал түлдэг гэр оронд кг гарантай төрсөн хүүхдүүдийн гэрийн дулааныг хэвийн байлгах асуудал хүртэл төвөгтэй байсан шүү” гэжээ.

Аав, ээж, эмээ, өвөө нарын бодит амьдралаас бид сонслоо. 

Одоо бидэнд тэгвэл гарц хэрэгтэй.

ИХРҮҮДЭД БЭЛЭГНЭЭС ИЛҮҮ БАТАЛГААТАЙ АМЬДРАЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!

2013 оны эхний хагас жилийн байдлаар манай улсад 0-18 насны гурван ихэр 75 хүүхэд байна. Мөн хоёр ихэр 8300 хүүхэд байгаа юм.

Дээрх хүүхдүүдийн гурван ихэр нь насан туршдаа улсаас нэг удаа тус бүр гурван сая буюу нийт есөн сая төгрөг авдаг бол хоёр ихэр нь тус бүр нэг сая төгрөгийн тэтгэмж авдаг байна. Энэ бол насандаа авах ганц л удаагийн мөнгө юм.

Дээрх хүүхдүүдийн гурван ихэр нь насан туршдаа улсаас нэг удаа тус бүр гурван сая буюу нийт есөн сая төгрөг авдаг бол хоёр ихэр нь тус бүр нэг сая төгрөгийн тэтгэмж авдаг байна. Энэ бол насандаа авах ганц л удаагийн мөнгө юм.

Харин өнөөдөр тэд насанд хүртлээ амьжиргааны баталгаажих түвшний хэмжээний тэтгэмж ядаж авах эрхтэй хүмүүс биш гэж үү?!

Адаглаад ихэр хүүхдүүдийг их, дээд сургуульд ороход эцэг эхчүүд нэгэн зэрэг сургуульд сургах хүндрэлтэй болдог талаар ихэр хүүхдүүдийн эцэг эхийн санал сэтгэгдэлд их тусчээ. "Тэдний нэгийг нь ядаж сургалтын төлбөрөөс чөлөөлөх арга зам байхгүй юу" гэж аав, ээж нар асууж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч төдийгүй УИХ-ын зарим гишүүн түүхэнд тэмдэглүүштэй үйл явдалд талархалтай хандаж дөрвөн ихэрт бэлэг илгээж байгаагаа зарласан.

Харин яг тэдэнд өнөөдөр бэлэг авахаасаа илүү урт хугацааны турш амьжиргааны баталгаат байдал нэн чухал болоод байна.

Аав, ээжүүд нэг хүүхдээ л эрүүл саруул өсгөн бойжуулах гэж ямар хэмжээний хөлс хүч, хөдөлмөр, санхүү шаарддаг билээ?!

Асуудлыг улстөр, эрх баригчдад нялзааж байх нь тийм ухаалаг гарц биш болсон. Гэхдээ хүүхэд, эхчүүд буюу Монголын олон гэр бүлийн асуудлыг хөндөж байгаа болохоор заавал улстөр, хууль эрх зүйн гарц байх хэрэгтэй байна.

ХЭН НЭГЭН НЬ САНААЧЛАХГҮЙ ЮМ УУ?

УИХ-ын чуулган

Эх, хүүхэдтэй холбоотой нийгмийн халамжтай холбоотой хууль тогтоомж яригдахаар өнөөх эмэгтэй гишүүд маань санаачилдаггүй юм байх даа гэж бодох юм.

Гэхдээ эрчүүд ч яагаад байж болохгүй гэж. Ихэр хүүхдийн нийгмийн халамж, анхаарал тал дээр та бүхэнд санаачлагатай байж чадвал олон гэр бүл, хүүхэд багачуудад буян болж байгаа хэрэг юм шүү.

Хууль санаачлагч, боловсруулагчдад хүргэх санал,

Ихрүүдийн эрх ашигтай холбоотой тэдний хүсч байгаа зүйл:

Нэг. Ихэр хүүхдүүдийн асуудлаар 

  1. Хүүхдийн сар бүрийн тэтгэмжийн хэмжээ, хугацааг сунгах. Жирэмсэн эхэд таван сартайгаас төрсний дараа хүүхдийг долоон сар хүртэл тэтгэмж өгөөд хугацаа нь дуусдаг. Гэтэл долоо, найман сартай хүүхдүүд маань нэмэлт хоол тэжээлд орон бусад зардал нь тэр хэмжээгээр өсдөг. Тиймээс одоогийн мөрдөж байгаа тэтгэмжийн хугацааг ой хагас хүртэл үргэлжлүүлэн өгөх, тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх. 
  2. Хоёр ба гурван ихэр хүүхдийн гурван нас хүртэл сувилах сувиллыг бий болгох хэрэгтэй. 
  3. Ой хагас хүртэл хүүхдийн сүү, хоол тэжээл, памприсыг улсаас үнэ төлбөргүй хүрэлцэхүйц хэмжээгээр олгож байх. 
  4. Ясли, цэцэрлэг, сургуульд ороход нь хичээлийн хэрэглэл, хувцас форм хөнгөлөлттэй үзүүлэх. 
  5. Ихэр хүүхдүүдийг ясли, цэцэрлэг, лицей, коллеж, их, дээд сургуульд суралцаж, хүмүүжихэд нэг ихрийг нь төлбөрөөс чөлөөлж байх

Хоёр. Ихэр хүүхэд тээж, төрүүлж, өсгөж байгаа эхчүүдийн талаар  

  1. Ихэр хүүхэд тээж байгаа эхийг тусгай хяналтанд авч төртөл нь буюу төрсний дараа нэмэлт хоол тэжээл амин дэмийг үнэ төлбөргүй өгч байх. Манайхаас бусад оронд ихэр байтугай ураг тээж байгаа эхийг төртөл, төрсний дараа хүүхдийг нэг нас хүртэл нэмэлт тэжээл сүү, тараг, өндөг, жүүс зэрэг уураг, кальц ихтэй бүтээгдэхүүнийг зөвхөн эхэд нь зориулж үнэ төлбөргүй олгодог. Үүнийг эрүүл мэндийн даатгалын газраас олгох. 
  2. Хүн амын өсөлтын цогц бодлогын нэг хэсэг төрөхийн өмнөх ба төрсний дараах эхчүүдийн эрүүл мэндэд анхаарал тавьж ихэр хүүхдүүдийн ээж нарын сувилал байгуулах /Эрүүл мэндийн даатгалаар шийдвэрлэж болох/
  3. Хоёр буюу түүнээс дээш ихэр төрүүлсэн эцэг эх нь ямар ч ажил хийх боломжгүй тул хүүхдүүд нь гурван нас хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгож байх. 
  4. Залуу гэр бүл ихэр хүүхэд төрүүлбэл нэг өрөө байрыг 60 хувийн хөнгөлөлт үзүүлэн улсаас олгож байх гэжээ.

Монголын үрс маш олон болтугай!

Bolortuya@ikon.mn