Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Цусны үүдэл эсийг донороос өвчтөнд суулгах эмчилгээг Монголд анх удаа хийлээ. Өвчтөний бие сайн байгаа"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт цусны үүдэл эсийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд анх удаа хийжээ.

23 настай залууд төрсөн дүүгээс нь үүдэл эсийг шилжүүлэн суулгасан энэхүү тохиолдлын талаар Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ), Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг(УНТЭ)-ээс өнөөдөр мэдээлэв.

"Энэхүү технологийг нэвтрүүлэхийн тулд 2021 онд 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ЭМЯ хийсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл "Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад буй эмчилгээг эх орондоо хийдэг болохын тулд шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь цусны үүдэл эсийг донороос өвчтөнд шилжүүлэх технологи юм. Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд 2021-2022 онд Эрүүл мэндийн яамнаас үндэсний багийг шинэчлэн байгуулсан. Тус баг нь цусны, хавдрын болон лабораторийн эмч, инженер техникийн ажилтнууд, сувилагч зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй. 

Мөн дээрх технологийг нэвтрүүлэхийн тулд 2021 онд 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ЭМЯ хийлээ" гэв. 

Шинэ технологийг нэвтрүүлэхийн тулд шаардлагатай тоног төхөөрөмж авч суурилуулах, хими эмчилгээнд бэлдэхэд шаардлагатай тасгийг ч байгуулсан байна. Түүнчлэн гадаад улс орнуудаас мэргэжилтнүүдийг урьж, туршлага судалжээ.

Б.Хишигжаргал: Үүдэл эс шилжүүлэн суулгах нь тухайн хүнийг дахин амьдруулсан гэж үзэхүйц нарийн эмчилгээ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн захирал Б.Хишигжаргал "Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөл 2011 онд эхэлсэн. 2014 онд бид өөрөөс нь өөрт нь цусны үүдэл эсийг амжилттай суулгасан. Тэр цагаас хойш өдгөө 27 хүнд хийгээд байна. Харин энэ удаад донороос өвчтөнд анх удаа цусны үүдэл эсийг шилжүүлэн суулгалаа. Аливаа улс орны эрүүл мэндийн салбарын хөгжлийн нарийн технологийг хийж байгаа эсэхээр нь үнэлдэг. 

Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах нь генетик, молекулын, биологийн зэрэг олон арга технологийг багтаахыг шаардсан эмчилгээний нарийн төрөл юм. Энэ бүхний цаана өвчтөний удмын мэдээлэл, цусны бүтэц гээд бүх зүйл солигддог буюу үндсэндээ тухайн хүнийг дахин амьдруулсан гэж үзэхүйц нарийн эмчилгээ. Үүнийг үүдэл эс шилжүүлэн суулгах баг амжилттай хийлээ" гэлээ. 

Ташрамд дурдахад, манай улс Ази тивдээ өөрөөс нь өөрт нь цусны үүдэл эс суулгасан 15 дахь улс юм байна. 

Н.Оюундэлгэр: Дараагийн хүнээ эмчилгээнд бэлдэж эхэлсэн

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, ардын эмч, профессор Н.Оюундэлгэр "Өвчтөний биеийн байдал сайн, шинжилгээний бүх үзүүлэлт хэвийн хэмжээндээ орж эхэлсэн. Солонгос руу илгээж, хүлээн авсан хариугаар донорын тохироо нь 98 хувь байна. 

Мэргэжилтний хувьд үүнд маш их баяртай байгаа. Бид дараагийн хүнээ эмчилгээнд бэлдэж эхэлсэн" хэмээв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эмчлүүлсэн иргэний ээж "Хүүд минь амьдрал хайрласан алтан гарт эмч нартаа талархаж байна. Энэ эмнэлэгт ажиллаж буй хүн бүхэнд баярлалаа. Хүүг минь эрүүл болгож, эмнэлгээс гаргаж байгаад ихэд талархаж байна" хэмээн баярласнаа илэрхийллээ.

Дээрх эмчилгээг хийлгэсэн хүнд эхний 100 хоног тун чухал гэдгийг УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал онцолж байлаа. Одоогоор эмчилгээнээс хойш 41 дэх хоног нь бөгөөд энэ хугацаанд ямар нэг хүндрэл гараагүй байна. Тухайн иргэнийг долоо хоног тутамд хянаж, цаашид биеийн байдал хэвийн байвал дархлаа дарангуйлах эмийг зогсоож, ердийн амьдралд нь аажмаар шилжүүлэх боломжтой юм байна.