Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

“АПУ” ХК сэтгэл хангалуун тогтвортой ажиллах орчныг хамтын хүчээр бий болгож байна

ikon.mn
2022 оны 8 сарын 29
ikon.mn
зураг
 

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

Дэлхийд өрсөлдөх үндэсний компани “АПУ” ХК Сэтгэл хангалуун тогтвортой ажиллах орчныг хамтын хүчээр бий болгож байна

зураг
 
Зүүн гар талаас сонсголын бэрхшээлтэй ажилтан Ц.Жавзмаа, Агуулах, тээвэр, түгээлтийн албаны ахлах менежер Ш.Энхсайхан, агуулахын ажилтан Э.Оюунчимэг

“Амьдралын мөч бүрийг хамтдаа” хэмээх эрхэм зорилгоор нэгдэн дэлхийн хэрэглэгчдэд хүрэхээр эрчимтэй ажиллаж байна

зураг
 
Шингэн хүнсний үйлдвэрлэлийн тэргүүлэгч “АПУ” компани нь архи, шар айраг, сүүн бүтээгдэхүүн, ус, ундаа, жүүс зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“АПУ” ХК нь Чингис дээд зэрэглэлийн тансаг архи, Алтанговь, Сэнгүр, Боргио гэсэн олон төрлийн шар айраг болон ус, ундаа, сүүн бүтээгдэхүүн гэх мэт нийт 35 брэндийн 334 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн 4 улс оронд экспорт хийж Монгол улсыг олон улсад төлөөлөн ажиллаж байна.  Тэртээ 1924 онд таван монгол, есөн орос ажилтантайгаар архи найруулан савлах жижиг үйлдвэрээр үйл ажиллагаагаа анх эхэлж байсан бол өдгөө орчин үеийн дэвшилтэд техник технологиор бүрэн тоноглогдсон 2400 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангадаг дотоодын шингэн хүнсний үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани болж өргөжин хөгжжээ.

Хоёр жилийн дараа 100 жилийн түүхэн ойгоо угтах гэж буй АПУ компани хэрэглэгч төдийгүй хамт олныхоо дунд төрөл бүрийн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна. 2021 онд байгууллагын эрхэм зорилгоо “Амьдралын мөч бүрийг хамтдаа” хэмээн шинэчилж, үзэл баримтлалдаа “Хүн, нийгэм ба эх дэлхийд ээлтэй үйл ажиллагаа явуулж, байгальд сөргөөр нөлөөлөх нөлөөллийг алхам бүртээ багасгаж, гэрэлт ирээдүйг хамтдаа цогцлоохыг зорино” хэмээн тусгажээ. Түүнчлэн ажилчдынхаа сэтгэл хангалуун, тав тухтай ажиллах боломжийг бүрдүүлэн бие болон сэтгэл санааны эрүүл мэндийн асуудлыг нэн тэргүүнд тавьж, “эерэг амьдралын хэв маягийг түгээх” зорилгоор “APU LIFE” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

АПУ компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг идэвхтэй дэмжин ажилладаг. 2022 оны 4-р сарын байдлаар хэл яриа, сонсгол, хараа, дотор эрхтний бэрхшээлтэй нийт 27 хүн ажиллаж байгаагаас 19 хүн үйлдвэр болон агуулахад ажиллаж байгаа бол захиргааны албанд 4 хүн, менежерийн түвшинд 4 хүн ажиллаж байна. Мөн хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран хоёр хүнийг массажистаар долоо хоногт гурван удаа, нэг удаадаа гурван цагаар хоёр ээлжээр ажиллуулж байна.

Алдсан итгэлээ олж авсан газар

зураг
 
“АПУ” ХК-ийн төв байр

Бид 6-р сарын сүүлээр АПУ компанийг зорилоо. Улаан өнгөтэй компанийн төв байр зуны эхэн сарын хөх тэнгэртэй хослон угтлаа.

Төв байрны чанх ард агуулах байрлана. Агуулахад шингэн хүнс тээвэрлэх, түгээх  бэлтгэл ажил ид явагдаж байв. Усан цэнхэр өнгийн ажлын хувцастай эмэгтэй эвхээстэй картон цаасыг дэлгэн хайрцаг доторх бүтээгдэхүүнүүдийг хооронд нь зааглах хатуулгыг хийж туузан дамжуулагч дээр тавина. Дараагийн хүн цаасан хайрцгийн амсар хэсгийг гар төхөөрөмжийн тусламжтайгаар скотчоор тэгшхэн наана. Туузан дамжуулагчийн дуу тасралтгүй дуугарна.

зураг
 
Цаасан хайрцаг доторх бүтээгдэхүүнүүдийг хооронд нь зааглах картон цаасыг дэлгэж буй Ц.Жавзмаа

Хичээнгүйлэн чимээгүй ажиллах залуу эмэгтэйг Ц.Жавзмаа гэдэг. Энэ жил 25 настай. Төрөлхийн хэл яриа, сонсголын бэрхшээлтэй бөгөөд сонсголын аппаратын тусламжтайгаар орчны дууг бага зэрэг сонсдог.

Тэрбээр дөрвөн охинтой айлын бага охин болон Дундговь аймагт төржээ. Хүүхэд наснаасаа биеийн тамир, спортод их сонирхолтой байсан бөгөөд бага ангид орсон жилдээ гар бөмбөг, ширээний теннисээр хичээллэж эхэлсэн гэнэ. Ширээний теннисийн томоохон тэмцээн, уралдаанд удаа дараа амжилт гаргаж байсан учраас салбарынхаа хүрээнд танигдах болсон тэрбээр ахлах ангиа төгсөөд ХААИС-д элсэж орсон боловч нэг жил суралцаад сургуулиасаа гарчээ. Харин тухайн үед МУБИС-ийн Биеийн тамирын сургуулиас суралцах урилга аван хүссэн мэргэжлээрээ суралцах боломжтой болов. Их сургуулиа төгссөний дараа мэргэжлээрээ аль нэг сургуульд багшлах хүсэлтэй байсан хэдий ч хэд хэдэн газраас “Хөгжлийн бэрхшээлтэй учраас боломжгүй” гэсэн хариу сонссон тул хэсэг хугацаанд төрсөн нутаг руугаа буцахаар шийджээ.

Танилынхаа зөвлөснөөр АПУ компанид цагийн ажилтнаар нэг сарын хугацаанд ажиллаж үзсэн бөгөөд ажиллах хугацаанд хамт олны уур амьсгал ихэд таалагдсан учраас үргэлжлүүлэн ажиллахаар шийдэн гурван сарын туршилтын хугацаагаа дуусгаад үндсэн ажилтнаар ажиллахаар болжээ. Тэрбээр, “Мэргэжлийнхээ дагуу багшийн ажил хайж явахад “Сонсож чадахгүй, тод сайн ярьж чадахгүй” гэсэн шалтгаанаар ажилд орж чадахгүй байсан учраас би өөртөө итгэх итгэлгүй болчихсон байсан. Харин “АПУ”-д хэн ч намайг сонсдоггүй, тод сайн ярьж чаддаггүй гэж гадуурхдаггүй бөгөөд бусадтай л адил энгийн сайхан харилцаж байсан нь үнэхээр сайхан санагдсан” гэсэн юм.

 Ц.Жавзмаа мягмар гарагаас бямба гараг хүртэл долоо хоногт таван өдөр ажилладаг. Одоогоор эгчийндээ амьдарч байгаа. Ажлын өдөр өглөө долоон цагт гэрээсээ гарч, найман цагт ажил дээрээ ирнэ. Өглөө 08:30 цагаас орой 17:30 цаг хүртэл ажиллах бөгөөд гүйцэтгэх үндсэн ажил нь эвхээстэй картон цаасыг дэлгэж бэлтгэх. Бүтэн өдрийн турш зогсоогоороо ажилладаг учраас эхэндээ нуруу нь өвддөг байсан ч саяхнаас ажилдаа дасаад, нэг цагт гүйцэтгэх ёстой нормоо хүртэл биелүүлдэг болж. Түүнийг аз жаргалтай болгодог бас нэгэн зүйл бол долоо хоногт нэг удаа өдрийн амралтын цагаар хамт олонтойгоо ширээний теннис тоглохоор явах.

зураг
 
Ц.Жавзмаа болон Э.Оюунчимэг. Тэд хоорондоо их дотно

Ц.Жавзмааг ажил дээр нь хамгийн сайн ойлгож, тусалж дэмждэг хүн агуулахын ажилтан Э.Оюунчимэг юм. Э.Оюунчимэгийн хувьд дүүгийнхээ хамт хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ч дүү нь хөл хүнд болж, дэлгүүрээ ганцаараа ажиллуулж дийлэхгүй болсон учраас 10 жилийн өмнөөс “АПУ” компанид ажилд оржээ. Э.Оюунчимэг агуулахын ажлыг хамгийн сайн мэддэг хүмүүсийн нэг. Түүний охин, хүү хоёр нь Ц.Жавзмаатай үе тэнгийн болоод ч тэр үү өөрийн охин шигээ санан хоорондоо их дотно байдаг гэнэ. Ярилцлагын дундуур бие бие рүү гээ харж инээмсэглэн дохих тэдний харцнаас л хоорондоо үнэхээр дотно гэдэг нь илт харагдана. 

Э.Оюунчимэг өмнө нь сонсголын бэрхшээлтэй хүнтэй хамт ажиллаж байсан туршлагатай. Мөн түүний дотно найз нь сонсголын бэрхшээлтэй болоод ч тэр үү ойр зуурын дохионы хэл сайн мэддэг. Сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй ажиллахад ямар нэгэн хүндрэл байдаггүй ч цөөн хэдэн удаа үл ойлголцол гарч байсан тухайгаа ярьсан юм. Өмнө нь хамт ажиллаж байсан залуу амны хайрцгаар харж ойлгодог байсан бөгөөд бусад ажилчид хоорондоо ярилцаж байгааг буруугаар ойлгож “миний тухай муу хэлж байна” гэж эндүүрээд сэтгэл санаагаар унаж байсан тохиолдол гарч байлаа. Миний анзаарч мэдсэнээр сонсголын бэрхшээлтэй хүмүүс амархан баярлаж, амархан гомддог юм шиг санагдсан. Хамт олон бид л тэдний бэрхшээлийн онцлогийг ойлгож, тэднийг дэмжиж ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Агуулахад бидний хийж гүйцэтгэдэг ажил багаар буюу хүн бүрийн хичээл зүтгэлээр явагддаг. Нэг л хүн ажилдаа ирэхгүй бол ажил шууд зогсоно. Тиймээс тогтвортой бөгөөд таатай ажлын байрыг бид хамтдаа бүтээхийн тулд харилцан биеэ ойлгож, аль болох нэгэндээ урам өгч хичээн ажиллахыг зорьдог.

Ц.Жавзмаа энэ намар 9 сараас МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн магистрт суралцахаар болсноо баяртайгаар ярив. АПУ компанийн хувьд ажилчдаа сурч боловсрох, өсөн дэвжих тал дээр маш сайн дэмждэг. Тухайлбал ажлын цагийг нь зохицуулах, 500 мянган төгрөгийн нэг удаагийн мөнгөн тусламж үзүүлэх гэх мэт. Хөгжлийн бэрхшээлтэй гээд түүнийг бусдаас өөр гэж ялгалгүй, залуу хүний урам зориг, сурч боловсрох хүслийг нь дэмжиж байгаад ихэд баяртай байгаа бололтой. Ажилчдаа урт хугацаанд тогтвортой ажиллуулах тал дээр анхаарч, бүхий л талаар нь дэмжиж ажиллаж буй нь үнэхээр талархууштай.

Хамт олны хайртай “Жижиг босс”

зураг
 
Агуулах, тээвэр, түгээлтийн албаны ахлах менежер Ш.Энхсайхан “Хөгжлийн бэрхшээлтэй ажилчдаа ойлгож, тэдэнд урам өгөх нь удирдагч хүний үүрэг”

Өдгөө агуулах, тээвэр түгээлтийн албыг хариуцан ажиллаж буй Ш.Энхсайхан ахлах менежерийн хувьд ажлын арвин туршлагатай нэгэн. Түүний ажлын туршлагаас дурдвал савлах цехэд 10 жил, агуулах, тээвэр, түгээлтийн албанд 20 дахь жилдээ ажиллаж байна.

Агуулах, тээвэр түгээлтийн алба нийт 150 ажилтантай. Одоогоор Ц.Жавзмаатай нийлээд хоёр сонсголын бэрхшээлтэй хүн ажилладаг. Нөгөө ажилтны хувьд шил савны бөглөө онгойлгох дамжлага дээр тасралтгүй 15 дахь жилдээ ажиллаж байна.

Ахлах менежер Ш.Энхсайхан сонсголын бэрхшээлтэй хоёр ажилтныхаа ажил үүргийн хуваарилалтыг маш сайн бодож байж гаргасан гэнэ. АПУ компанийн хувьд бүхий л түвшний ажлын байрандаа үнэлгээ хийж хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван хэсэгт ангилдаг. Ингэснээр шинэ ажилтныг хөгжлийн бэрхшээлтэй эсэх, ур чадвар, онцлог зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн гэрээ байгуулан тохирсон ажилд хуваарилах замаар хүний нөөцийн асуудалдаа системтэй, анхааралтай ханддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авахдаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, үйлдвэр болон цех, агуулахад хуваарилан ажиллуулж байна. Агуулахад зургаан төрлийн ажлын байр бий. Нэгээс хоёр сар болоод гүйцэтгэх ажил нь солигддог ч хөгжлийн бэрхшээлтэй ажилчдын хувьд ажлын агуулга нь огт өөрчлөгддөггүй. Учир нь аюулгүй байдлын асуудалтай холбоотой юм. Харин тогтмол нэг газар ажиллах нь ажлаасаа залхах шалтгаан болдог учраас Улаанбаатар хотод байрлах дөрвөн агуулахад ээлжлэн ажиллуулахаар зохицуулалт хийжээ.

Ш.Энхсайхан “Сонсголын бэрхшээлтэй хүмүүс аливаа ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийдэг ба магтах тусам илүү хичээн ажилладаг онцлогтой. Хөгжлийн бэрхшээлтэй ажилчдаа алдаа гаргачих болов уу гэж санаа зовохоос илүүтэй сэтгэлээсээ санаа тавьж, тэднийг ойлгох л хамгийн чухал” хэмээн онцолж байлаа. Жижигхэн зүйл байсан ч амархан баярлаж, сэтгэлээр уначихдаг учраас тэдэнтэй аль болох яриа өрнүүлж хобби, дуртай зүйлийнх нь талаар асууж мэдэхийг чухалчилдаг. Ингэснээр ажилчидтайгаа илүү дотно болохоос гадна тэдэнд тулгарч буй асуудлын талаар мэдэх боломжтой. Ц.Жавзмаа ч мөн адил анхандаа ширээний теннисийн тамирчин гэдгээ хэлээгүй гэнэ. Бага багаар ярилцаж, дотносож байж л өөрийнхөө тухай ярих болсон байна. Анх хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хэрхэн харилцахаа сайн мэдэхгүй, ямар ажил хийлгүүлэх эсэхээ ч мэддэггүй байжээ. Харин тэдний бэрхшээлийн онцлогийг ойлгож тохирсон ажлын байранд хуваарилах нь маш чухал гэдгийг ойлгожээ. 

Удирдлага болон хамт олны хооронд таатай харилцааг бий болгох нь удирдагч хүний үүрэг. АПУ компанийн хувьд ажилчид, хамт олон руугаа чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал гурван сар тутамд нэг удаа нээлттэй өдөрлөг зохион байгуулж хөгжлийн бэрхшээлтэй ажилчдын гэр бүлийнхэнд тэдний хийж буй ажлыг танилцуулах, амралтын өдрөөр хамт олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулдаг гэнэ. Ахлах менежер Ш.Энхсайхан маань хоол хийх дуртай бөгөөд амралтын өдрөөр амттай хоол хийчхээд хамт олноо гэртээ урих дуртай гэсэн шүү.

Одоогоос найман жилийн өмнө агуулахад сонсголын бэрхшээлтэй зургаан залуу  ажилд оржээ. Ажлын зааварчилгаа хэрхэн өгөх талаар сайн мэдэхгүй байсан учраас бусад хамт олонтойгоо ярилцах, ажлаа хийж байхад дэргэдээс нь ажиглах, ойр байж ярилцах зэргээр тэдний онцлогийн талаар бага багаар ойлголттой болж байлаа. Би ч анх сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг “Гутранги, аз жаргалгүй хүмүүс” хэмээн боддог байсан. Хамт ажиллаж тэднийг таньж мэдэх тусам “Маш өөдрөг, амьдралыг сайхнаар хардаг гэдгийг мэдэж билээ. Харин амархан баярлаж, амархан гомддог учраас энэ тал дээр анхаарч харьцах хэрэгтэй гэдгийг суралцсан даа. Тухайн үед миний удирдлагад ажиллаж байсан зургаан ажилтнаас нэг нь одоог хүртэл буюу тасралтгүй 15 дахь жилдээ ажиллаж байна.

Ш.Энхсайхан “ААНБ-ууд хэдий ашгийн төлөө ажилладаг ч хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран ажилчдаа “Ажиллах хүч” гэж харах бус аль болох сэтгэл  хангалуун таатай ажиллах боломжийг бүрдүүлэхийг чухалчлах хэрэгтэй. Ингэж бодох удирдлага болон байгууллагууд нэмэгдвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байран дээр илүү тогтвортой ажиллах юм болов уу”.

Сэтгэл хангалуун, таатай ажлын байрыг бүрдүүлэхийн төлөө сэтгэлээсээ зүтгэж буй Ш.Энхсайхан ахлах менежерийн чин зүтгэл Ц.Жавзмаа, Э.Оюунчимэг төдийгүй бусад хамт олондоо урам зориг, итгэл найдвар түгээж буй нь дамжиггүй. “Манай дарга гаднаа хатуу чанга мэт харагдах боловч нэг ч хүн үлдээлгүй сургачихъя, заачихъя гэсэн сэтгэлээр бидэнд ханддаг учраас огтхон ч загнуулж байгаа юм шиг санагддаггүй. Манай жижигхэн дарга үнэхээр мундаг хүн шүү, биднийг хэнээс ч илүү сайн ойлгож, ямагт зааж зөвлөдөг хүндэлмээр хүн шүү” хэмээн Ц.Жавзмаа болон Э.Оюунчимэг нар бахдан ярьж байлаа.

Байгууллагын үнэт зүйлийг хувь хүний үнэт зүйлтэй нийцүүлж, байгууллагын хүчирхэг соёлыг бий болгоно

зураг
 
Захиргаа, хүний нөөц эрхэлсэн захирал. Зургийг “АПУ” ХК-аас авав.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сэтгэл хангалуун, аз жаргалтай ажиллуулахын тулд төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Захиргаа, хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо: “2021 онд хөдөлмөрийн хууль шинэчлэгдэн батлагдсан. Бид цаашид илүү хүртээмжтэй ажлын байр бий болгож, олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахын тулд байгууллагын соёлоо шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа” хэмээн онцолсон юм.

Үүнтэй холбогдуулж Ж.Ичинхорлоо захирал ажилд орох өргөдлийг цахимжуулах ажлыг санаачилжээ. Учир нь 8-р сараас үйл ажиллагаа нь эхлэх “Ажлын байранд зуучлах үйлчилгээ буюу e-job цахим систем” ашиглалтад орох болсонтой уялдуулж зайлшгүй шаардлагатай ажлуудын нэн тэргүүнд тавигдах ажил гэж үзсэн гэнэ. Ингэснээр ажилд ороход бүрдүүлэх бичиг баримтыг цаасаар бүрдүүлж өгөх хүндрэлийг бууруулж зайнаас хандах боломжтой болох юм.

2021 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор дотооддоо хэд хэдэн аян амжилттай зохион байгуулж чадлаа. Сонсголын бэрхшээлтэй ажилчдадаа зориулан байгууллагын дотоод сүлжээгээр цацсан видео контентуудаа дохионы хэлмэрчтэй бэлтгэх, бусад хамт олондоо анхан шатны дохионы хэлний сургалт явуулсан. Мөн “Are you OK” нэртэй аяныг санаачлан, хөгжлийн бэрхшээлтэй ажилчдын ажиллаж буй байдал, бэрхшээлийн онцлог, гэр бүлтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлдэг талаар бусад ажилчдад танилцуулах зорилгоор видео контент бэлтгэсэн билээ.

“АПУ” ХК нь нийт ажилчдынхаа хөгжлийн бэрхшээлийн хандлага, ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд нөлөөллийн үйл ажиллагаа болон хүний нөөцийг хөгжүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр байна. Тухайлбал ажлын арвин туршлагатай, манлайлах чадвартай Ш.Энхсайхан ахлах менежер шиг ажилтнууд өөрсдийн үндсэн ажил үүргээс гадна сургагч багш, чиглүүлэгч зэргээр ажиллаж байна. Түүний хувьд ахлах менежер гэхэд л 30 дахь жилдээ ажиллаж байгаа манлайлагч ажилчдын маань нэг.

Өнгөрсөн жил нийт ажилчдынхаа дундаас удирдах, чиглүүлэх чадвартай багийг бүрдүүлэн шинэ ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан, ахмад ажилчдад зориулсан тэдэнтэй хэрхэн зөв харилцах, чиглүүлэн зааварчлах сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлжээ. Энэ нь хүний нөөцийг системтэй хөгжүүлэхээр эхлүүлсэн ажлуудын нэг бөгөөд тухайн сургагч багш нарын хувьд үндсэн цалингаасаа гадна нэмэлт урамшуулалтай.

Ш.Энхсайханы хувьд энэ жилийн 1-р сараас  “АПУ академи хөтөлбөр”-ийн хүрээнд лектор багшаар ажиллаж байна. Сард нэг удаа байгууллагын үзэл баримтлал болон эрхэм зорилгыг бусад ажилчдадаа түгээсээр байна. Тус хөтөлбөрт 6-р сарын байдлаар нийт 240 хүн хамрагдсан бөгөөд тэд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтоо сайжруулж чадсан нь хамгийн сайшаалтай зүйл байсан.

зураг
 
Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Г.Гантөгс. Зургийг “АПУ” ХК-аас авав

Хүн бүрийг хөгжүүлэх зорилготой, хоорондоо нягт уялдаа бүхий сургалтыг захиргаа, хүний нөөцийн албаны дарга Г.Гантөгс ерөнхийд нь хариуцан ажилладаг. Тэгш хүртээмжтэй ажлын байрыг бий болгохын тулд ямар нэгэн дүрэм журмаар шийдвэрлэх бус хүн нэг бүрийн ухамсар, хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Тиймээс манай компани дотооддоо төрөл бүрийн сургалт, хөтөлбөр, үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жил хэрэгжсэн төрөл бүрийн аян, хөтөлбөрүүд бүгд амжилттай зохион байгуулагдсан. Тухайлбал өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ нуудаг байсан нэг ажилтан маань “Хөгжлийн бэрхшээлийн талаар зөв хандлага, ойлголтыг өгөх” аянаар дамжуулан өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ бидэнд хэлсэн юм.

“Хөгжлийн бэрхшээлийг нуух бус харилцан ойлголцох, харилцан хүндлэх”-д бүгд суралцах хэрэгтэй.

Шингэн хүнс үйлдвэрлэлийн тэргүүлэгч “АПУ” ХК ажлын байранд болон хувь хүнд үнэлгээ хийснээр тэднийг тохирсон ажлын байранд хуваарилж, байгууллагын дотоод сургалт хөтөлбөрөөр дамжуулан сургагч багш бэлтгэх, хүний нөөцийг хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллаж буй нь үнэхээр талархууштай. Өнөөдрийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжигч байгууллага, төрийн бус байгууллага эсвэл ажлын зар хараад өөрсдөө ажилд орохоор ирж уулздаг байлаа. Цаашид бидний зүгээс илүү олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилд авах тал дээр анхааран ажиллах болно. DPUB2 төслийн хүрээнд хэрэгжиж буй “Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж буй сайн жишээ болж, нийгэмд эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Байгууллагын мэдээлэл: 

Байгууллагын нэр

АПУ ХК

Үйл ажиллагаа

Шингэн хүнс үйлдвэрлэл

Нийт ажилтны тоо  (АПУ ХК)

Ойролцоогоор 2400 хүн

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо (АПУ ХК)

27 хүн

Ажилтны тоо  (Агуулах)

150 хүн

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо (Агуулах)

2 хүн (Сонсголын бэрхшээл)

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах болсон шалтгаан

  • Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх тухай идэвхтэй хөндөгдөх болсон
  • Түүхэн 100 жилийн ойгоо угтан байгууллагын үзэл баримтлалаа шинэчилж, нийгэмд эерэг хандлагыг түгээж хувь нэмэр оруулахын тулд

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

  • Нэн түрүүнд ажлын байранд үнэлгээ хийж, тухайн ажлын байрыг хөнгөнөөс хүнд гэсэн гурван түвшинд ангилан үе шаттайгаар ангилсны дараа хуваарилалтаа хийдэг.
  • Байгууллага дотроо сургагч багш бэлтгэж, бусад ажилтнуудыгаа хөгжүүлэх, урт хугацаанд тогтвортой ажиллуулах тал дээр анхаардаг.
  • Ажилчдадаа зориулан хөгжлийн бэрхшээлийн талаарх хандлага, ойлголтын талаарх сургалт зохион байгуулах
  • Мэдээллийн хүртээмжтэй байдлаар хангах

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222