Орос улс 2024 онд дэлхийн тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцаас (ОУСС) гарахаар болсныг Роскосмосын тэргүүн өчигдөр мэдэгджээ.
1998 онд анх тойрог замд байрласан ОУСС-д ОХУ, АНУ болон бусад улсын сансрын нисгэгчид өнөөдрийг хүртэл мөр зэрэгцэн ажиллаж байгаа юм.
“Мэдээж бид түншүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх болно. Гэхдээ тойрог замын станцаас 2024 онд гарахаар шийдлээ” гэж саяхан Роскосмосын ерөнхий захирлаар томилогдсон Юрий Борисов ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа тайлбарласныг Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Борисов цааш нь “Үүний дараа бид Оросын өөрийн тойрог замын станцыг байгуулах болно” гэж хэлээд уг ажлыг өөрийн байгууллагын нэн тэргүүний зорилт болохыг онцолсон байна.
Роскосмосын шийдвэрийг дэмжиж байгаагаа Путин энэ үеэр илэрхийлжээ.
Энэ мэдээлэл цацагдсаны дараа NASA-гийн тойрог замын станц хариуцсан захирал Робин Гэйтенс одоогоор Оросын талаас албан ёсны мэдэгдэл хүлээж аваагүй байгаагаа мэдэгдсэн байна.
Украины дайн эхэлсэнтэй холбоотойгоор Орос болон АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудын харилцаа эрс муудаад байгаа. Гэхдээ сансар судлалын хамтын ажиллагаанд нь уг зөрчил нөлөөлөөгүй байсан юм.
Путинд бараалхахдаа Оросын сансар судлалын салбарын нөхцөл байдал хүнд байгааг Борисов мэдэгджээ. Тэрбээр улс орныхоо эдийн засгийн хөгжилд шаардлагатай харилцаа холбоо, навигаци, мэдээлэл дамжуулалтын зэрэг үйлчилгээнүүдийг чанарын шинэ түвшинд гаргах чухал хэрэгцээ байгааг тайлбарласан байна.
Анхны хиймэл дагуулыг тойрог замд илгээснээсээ хойш дөрвөн жилийн дараа буюу 1961 онд анх удаа сансарт хүн нисгэсэн Зөвлөлтийн үеийн сансрын хөтөлбөрийн амжилт одоо болтол Оросын үндэсний гол бахархлуудын нэг болдог.
Гэвч өнөөдрийн Оросын сансар судлал тэр үеэс хойш нэлээд доройтож, төсөл хөтөлбөрүүдийг нь тойрсон авлигын дуулиан тасрахгүй байгаа.
Засгийн газрын шадар сайд байхдаа цэрэг, зэвсгийн технологийн асуудал хариуцдаг байсан Юрий Борисов энэ сарын дундуур Роскосмосын ерөнхий захирлаар томилогдож, үндсэрхэг үзэл, дуулиантай мэдэгдлүүдээрээ алдаршсан Дмитрий Рогозиний халааг авсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!