Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад гацсан иргэдийн 70 хувийнх нь санхүүгийн нөхцөл доройтжээ

ikon.mn
2022 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэрүүдийн золиос болсон иргэдээ яах вэ-

“... Бид юуг буруу хийсэн юм бэ? Ямар ч гэм нүгэл үйлдээгүй байж яагаад ийм зовлон амсах ёстой гэж?”

Иргэн Т.Д “Би Монгол Улсын иргэн. БНСУ-д жил дөрвөн сарын турш ходоодны хорт хавдартай нөхрөө сахин эмчлүүлсэн ч найдваргүй гэх гашуун үгийг сонссон юм. Амьсгал хураахаас нь өмнө хүүхдүүдтэйгээ уулзуулъя гэж хүссэн ч 45 хоног харийн газар, гудманд хоног төөрүүлэн, очих газаргүй болно гэж огт төсөөлөөгүй. Яг л газар хөмрөх шиг л санагдаж билээ. 45 хоногийн турш бидэнд тайван хоносон шөнө нэг ч үгүй. УОК, МИАТ гээд буцах хүсэлт гаргаж болох бүхий л байгууллагад удаа дараа хандсаны эцэст тусгай үүргийн нислэгт хамрагдан нутаг буцав. Нөхөр маань онгоцноосоо буугаад гараа алдлаад, дээш харан хэсэг зогссон.

Гэхдээ эх орондоо ирсэн ч сэтгэл тайвширсангүй. Учир нь бидний өмнө 21 хоногийн тусгаарлалт байлаа. Гурван ч удаа ПСР шинжилгээ өгөөд сөрөг гарав. Эмчилгээгүй болсон нөхрийн маань цорын ганц хүсэл хүүхдүүдтэйгээ уулзах байсан тул биднийг гаргаад өгөөч гэж зөндөө өргөдөл гаргасан. Эмч, эмнэлгийн ажилтнууд чадлаараа тусалсан ч гаргаж чадаагүй. Хамгийн сэтгэл шимширмээр нь хүүхдүүд маань эмнэлгийн арын контейнер дээр зогсоод сүүлийн удаа аавыгаа цонхны цаанаас харсан юм. Хүрмээр байв ч хүрч чадахгүй байх мэдрэмж хэчнээн хэцүү гээч. Тусгаарлалтад өнгөрөөсөн 11 дэх хоногт хань маань бурхан болов. Үлдсэн 10 хоногт цонхоор үсэрчихмээр санагдаж, там шиг байсан.”

Тэр бол харийн оронд гацаж, цаг хугацаа, эрүүл мэнд, амь нас гээд бүхий л үнэт зүйлээрээ хохирсон олон мянган хүний төлөөлөл.

Бас нэгэн жишээг дурдалгүй өнгөрөөж болохгүй. БНСУ-д 180 хоног Элчингийн хаалга сахиж ирээд 21 хоног тусгаарлалтад байх хугацаандаа ээжийгээ алдан, утасны цаанаас ажил явдалд нь оролцсон эмэгтэйн гашуун түүх. Тэрээр “Ажил явдлынх нь үеэр гэрийнхэн маань утасны цаанаас “за өвдөгнийх нь ойролцоо ирлээ шүү мөргөөрэй” гэхэд би тусгаарлалтын өрөөнд ганцаараа утсандаа мөргөөд уйлж байсан. Тусгаарлалтаа дуусгаад гарч ирээд хүйтэн чулуу л тэвэрсэн” гээд нүдэндээ дүүрэн нулимстай ярив.

Энд дурдах хүмүүс, цаашлаад хамт зорчиж ирсэн иргэдээс коронавирусийн тохиолдол илрээгүй бөгөөд дэлхийн хаана ч байгаагүй 21 хоногийн тусгаарлалтыг түгшүүр дүүрэн өнгөрөөснийг онцлох нь зүйтэй. Эрх баригчдын гаргасан шийдвэрүүд энэ мэт олон мянган иргэнээ хохироосон хүний эрхийн ноцтой зөрчил гаргаснаар түүхэнд үлдэх нь.

Гаднын орныг зорьж буй хүмүүсийг “жаргалаа хөөгөөд явлаа” гэх хүмүүс бидний дунд багагүй бий. Тэр ч утгаараа КОВИД-19 цар тахлын үед эх орондоо эргэн ирэгсдийн зовлонд бид хатуу, хүйтэн үгээрээ нэмэр бус нэрмээс болсон нь их.

Харин НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын захиалгаар хийсэн “КОВИД-19 цар тахлын үед эх орондоо ирсэн иргэдийн түүвэр судалгаа”-нд 62.6 хувь нь гадаад улсыг зорьсон шалтгаанаа “илүү өндөр цалин авч, хуримтлал үүсгээд буцаж ирэх зорилготой” гэжээ.
 
Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлаас үүдэн манай улс 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хилээ хааснаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 13 дугаар зүйлд заасан “Хэн боловч аливаа улс орныг, түүн дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрх”-ийг зөрчих үндэс тавигдсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18 дахь хэсэгт “…Монгол Улсын иргэн гадаадад байхдаа төрийн ивээлд байж, зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулах эрхтэй” хэмээн онцолжээ. Цаашлаад 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө” гэж заасан.

Гэтэл гадаадад гацсан 25,000 орчим иргэнд учирсан хохирлыг харахад манай улс Үндсэн хуулиа зөрчсөн, хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр удаа дараа гаргасан байв.

Засгийн газар, хууль хяналтын байгууллага зэрэг холбогдох бүхий л газруудад олон ТББ дуу хоолойгоо хүргэсэн юм. Онцолбол, “Оюуны Инноваци” төрийн бус байгууллагаас Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргасан ч Цэцийн гишүүн “Монгол Улсын иргэний гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхэд хуулиар хязгаарлалт тогтоож болох бөгөөд тэр нь нэгдүгээрт, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хоёрдугаарт, тухайн иргэний эрх ашгийг хамгаалах, гуравдугаарт, тодорхой тогтоосон түр хугацаатай байх шалгууртай тул гадаадад гацсан иргэдийн эх орондоо ирэх эрх зөрчигдөөгүй. Маргаан үүсгэх боломжгүй” гэжээ.

25,000 хохирогчийн төлөөлөл болох БНСУ-д 240 хоног гацаж эх орондоо ирээд 21 хоногийн тусгаарлалтад байх хугацаандаа коронавирусийн халдвар авсан иргэн Д.М. тусгаарлалтад байсан сувиллынхаа тухай үнэн бодит мэдээллийг иргэдэд түгээсэнд хуулийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалт, цаашлаад Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах эсвэл тархах нөхцөл бүрдүүлсэн” гэх зүйл ангиар хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ. Тэрбээр хэлэхдээ, “2020 оны нэгдүгээр сараас хойш зургаан сарын турш цагдаа, эмнэлгийн газраас огт салаагүй. Эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн дарамтад байлаа. Манай улсад хүний сэтгэл зүйн хохирол гэдгийг огт авч хэлэлцдэггүй” тухай онцлов.

Түүнчлэн гадаадад гацаж байгаад ирсэн иргэдээс санхүүгийн нөхцөл байдлын судалгаа авахад 70% нь орлого буурсан үзүүлэлттэй байлаа. Хуримтлал үүсгээд эх орондоо эргэж ирэхээр явсан иргэдийн хувьд олон хоногийн тусгаарлалтын зардал, өндөр үнэтэй онгоцны тийз орлого буурахад ихээхэн нөлөө үзүүлсэн юм.

 

Цаашлаад эх орондоо ирсэн иргэдэд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлаар улс төрийн тогтворгүй нөхцөл, өөрийн болон гэр бүлийнхний аюулгүй байдал гэж хамгийн олон хүн хариулсан нь тэдэнд ямар их айдас, гомдол, цөхрөл үлдсэнийг илэрхийлнэ.

 

“Эх орондоо буцаж ирэх эрхийн мөн чанар нь тухайн хүний өөрийн гэсэн эх нутаг, эх орноо гэсэн байгалиас заяагдсан урам зоригийг илэрхийлдэг тул улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух зэрэг үндсэн эрхүүдтэй харьцуулахад илүү туйлын буюу жам ёсны шинжтэй” учир нийгмийн гарлаар алагчлан, ялгаварлах ёсгүй гэж иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактад үздэг байна.         

Нэгэнт болоод өнгөрсөн цаг хугацаа, амь нас, эрүүл мэнд, сэтгэлийн шархыг эдгээж бас буцааж болохгүй. Иймд олон хүний амьдралыг шийдсэн шийдвэрт нягт хариуцлагатай байж, хүний эрхийн мэдрэмжтэй байх нь хамгийн чухал юм.

“Гэрээсээ гараад буцаад орох гэтэл хаалгаа түгжчихсэн оруулахгүй байвал танд ямар байх вэ?” гэж “Эх орондоо л очихсон” баримтат кинонд нэгэн иргэн өгүүлдэг. Тэдэнд хэн ч урьдчилан хэлэлгүйгээр гэнэтийн шийдвэр гарган хилээ хаасан нь хэчнээн хүнд байсан тухай бид төсөөлөхөд ч бэрх билээ.

Эцэст нь хүний эрхийн тухайд дахин нэг сануулахад Хүний Эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийг хамгийн энгийнээр “Нийгэмдээ амьдрах нөхцөл, боломж” хэмээн тайлбарласан. Энэхүү нөхцөл, боломж нь алдагдваас хүний эрхийн зөрчил болон хувирна. Хүнээс дутуу хүн гэж байхгүй. Бид нийгэмд амьдрахдаа ижил тэгш боломжийг эдлэх нь хүний эрхийн суурь зарчим билээ.



Коронавируст цар тахлын үед Монгол Улсын хэмжээнд ажиглагдаж байгаа хүний эрхийн зөрчлийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хуулийн дагуу олон нийтийн эрхийг хангуулах “Эрхээ эдэлье” санаачилгын хүрээнд бэлтгэв. 

Коронавируст цар тахлын үед хэрэгжсэн захиргааны шийдвэрүүдээс шалтгаалан хүний эрх зөрчигдсөн явдал, эрхийн зөрчлийг хуулийн хүрээнд арилгуулахаар зорьж буй аяны тухай мэдээллийг Фиделитас Партнерс ХХН-ийн Фэйсбүүк хуудаснаас авна уу?