Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Анужин: Онлайн хичээл хэчнээн сайн байсан ч танхимын сургалтыг гүйцдэггүй

ikon.mn
2021 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төгсөнгүүтээ орон нутагт баригдаж байгаа барилгын талбайн инженерээр ажилд орсон Билгүүнд мэдэхгүй, чадахгүй зүйл их гардаг. Тэр болгонд лекцээ эргэн харахыг хүсэвч цахимаар хичээллэсэн хоёр жилд хамаг л чухал онолуудыг заагаад өнгөрснийг сая л анзаарч байгаа аж. Тэмдэглэж авсан дэвтэр ч үгүй, тогтоож авсан мэдлэг ч үгүй хоёр жилийг утасны цаана байх багшаа амжилттай аргалж, хуурлаа гэж баярлаж өнгөрөөсний гор одоо л гарч байна.

Аливаа улс орны ирээдүй, хөгжлийн түүчээ үр хүүхэд, хойч үе нь байдаг. Гэвч боловсрол, эрдэм мэдлэг, эзэмшсэн чадваргүйгээр хөгжлийн түүчээ бус түгжээ болж, гацаах эрсдэлтэй. Усалгаа, бордоо муутай, буруу тариалсан жимс, ногоо амт чанаргүй, түүхий болдгийн адил хичээл нь цалгартан, сууриа дутуу тавьж буй оюутан, сурагчид өнөө цагийн хохирогчид болон үлдэж байна.

Танхимын сургалт нэн шаардлагатай бага болон төгсөх ангийн сурагчдад цахим хичээл хэрхэн нөлөөлж буйг үсгээ мэдэхгүй гуравдугаар ангийн хүүхэд, аравдугаар ангийн мэдлэгтэй ЭЕШ-аа өгсөн элсэгчид тодхон харуулна.

Нэг талаасаа техник технологийн өндөр хөгжилтэй зуунд бие даагаад суралцах боломжтой ч нөгөө талаасаа амьд харилцаа, практик зайлшгүй шаардлагатай хичээл, мэргэжил гэж бий.

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн багш Б.АмарзаяаТанхимын сургалт хүүхдийн төлөвшил болоод нийгэмшилд өндөр ач холбогдолтой.  Цахимаар суралцаж буй хүүхдүүдэд олон сөрөг тал ажиглагдаж байгаа бөгөөд ганцаардах, зожигрох гэх мэт зан араншингийн өөрчлөлт түгээмэл байна. Түүнчлэн цахим халдлагад өртөж, хараа хяналтгүйгээр гар утсыг хэтрүүлэн ашиглаж, тоглоомд донтох эрсдэлтэй байна” гэлээ.

Хүн хоорондын харилцаа нийгмийг бүтээгч хэсэг юм.

Үүний адил хүн нийгмийн харилцаанд орсноор хувь хүн болж төлөвшдөг. Амьд харилцааг гүйцэх технологийн хөгжил гэж үгүй. Танхим болон цахим сургалтын ялгаа, үр нөлөө биеэр туулаагүй хүмүүст мэдэгдэхгүй байж болох ч хэдэн жилийн дараа гэхэд чанаргүй боловсон хүчин болж, та бидэнд мэдрэгдэнэ.

Төр засгийн амьдралаас хол, судалгаагүй, эрх ашиг зөрчсөн шийдвэрүүд, боловсролын салбарын асуудлыг хайхрахгүй байгаагаас үүдэн хохирч буй, гадаадад суралцагчдын төлөөлөл болж Москвагийн Хуулийн Их Сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Б.Анужин үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрбээр “Онлайн хичээл хэчнээн сайн байсан ч танхимын сургалтыг хэзээ ч гүйцдэггүй. Бид дэлхийн улс орны залуустай хөл нийлүүлэн алхахын тулд гадаадад суралцдаг. ОХУ-д 56 орны оюутан чөлөөтэй зорчин, суралцаж буй хэдий ч Монгол Улс болон зарим орноос суралцагчдыг хүлээн авахгүй байгаа. Үүнээс үүдэн оюутнууд практик хичээлдээ суух боломжгүй болж, улмаар жилийн чөлөө авч байна. Одоогоор 25 оюутан жилийн чөлөө аваад байна. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл сургуулиасаа хасагдах эрсдэлтэй. Энэ асуудлаараа холбогдох байгууллагуудад хандсан боловч одоог хүртэл хариу шийдвэр гаргаж өгөхгүй байна.” гэв.

Мөн “Их Британи улс гэхэд байнга тусгаарладаг аргыг халж, "Хүн тус бүр дархлаагаа дэмжье" гэсэн шийдвэр гаргаж байна. Эрүүл мэнд нэгдүгээрт гээд хойш суухыг хүсэхгүй байна. Хүн чинь идээд, амьсгалаад явж байвал бүх хэрэгцээгээ хангачихдаг амьтан биш шүү дээ. Бид оюун ухаантай, боловсорч, хөгжих ёстой. Боловсролын бүх шатанд хоёр жилийн хугацаа алдсан. Одоо дахиж алдмааргүй байна. Дэлхийн бусад оюутнуудтай зэрэгцэн урагш алхмаар байна ” хэмээн дуу хоолойгоо хүргэсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй” гэж тунхагласан байдаг. Сурч боловсрох эрх бол Үндсэн хуулийн төдийгүй, хүн төрөлхтний, салшгүй эрхэд тооцогддог юм.

“Эрхээ Эдэлье” цуврал ярилцлагын зургаа дахь дугаар болох МУИС-ХЗС-ийн НЭЗТ-ийн Дадлагажигч багш, “Фиделитас партнерс” ХХН-ийн гишүүн өмгөөлөгч Б.Баялагмаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн багш Б.Амарзаяа, Кутафинагийн нэрэмжит Москвагийн Хуулийн Их Сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Б.Анужин нарын "Цар тахлын үеийн сурч боловсрох эрх" ярилцлагыг дараах холбоосоор орж бүрэн эхээр нь сонсоорой.

ВИДЕО:



Коронавируст цар тахлын үед Монгол Улсын хэмжээнд ажиглагдаж байгаа хүний эрхийн зөрчлийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хуулийн дагуу олон нийтийн эрхийг хангуулах “Эрхээ эдэлье” санаачилгын хүрээнд бэлтгэв.