- “Эрхээ эдэлье” төслийн үр дүн гарч, ҮАГ-аас иргэдийн мэдэх эрхийг хангах тухай зөвлөмж хүргүүллээ-
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд бүх гишүүн улсууддаа Хүний эрхийн төлөө нэгдэхэд уриалж, “Дэлхий даяар нүүрлэж буй эрүүл мэндийн хямрал бол хүний эрхийн хямрал” хэмээн цохон тэмдэглээд Монгол Улсын хүний эрх, үндсэн суурь эрх чөлөө, түүний дотор амьд явах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний чөлөөт орон зай зэрэг олон эрх, эрх чөлөөг зөрчигдөж буйг онцолсон юм.
Цар тахалтай нүүр тулсан тэр өдрөөс эхлэн монголчууд заяагдмал эрхүүдээ ч зөрчүүлсээр өнөөдрийг хүрэв. Ердөө хэдхэн тохиолдлыг онцолъё.
..2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн оройн 22 цаг орчим Архангай аймгаас 5 том хүн, 2 хүүхэд нийт 7 зорчигч Улаанбаатар хот руу ирсэн бөгөөд тэднийг шалган нэвтрүүлэх товчоон дээр саатуулсан байна.
Уг 7 хүн арванхоёрдугаар сарын 6-ны өдөр коронавируст халдваргүй гэсэн түргэвчилсэн шинжилгээний хариу авсан боловч Архангай аймагт PCR шинжилгээний аппарат байгаагүй тул тус шинжилгээг өгөөгүй байв. Эдгээр хүмүүсийн нэг 58 настай, иргэн “О”-гийн биеийн байдал тааруу, эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай байсан бөгөөд шинжилгээгүй учир хот руу нэвтрүүлэхгүй гэсний улмаас НОК-ын шийдвэрийг хүлээх шаардлагатай болжээ. Тэрбээр эмнэлгийн тусламж авах шийдвэрийг 10 цагийн турш хүлээж, НОК-ын утас рүү удаа дараа залгасан бөгөөд харамсалтай нь хүлээх явцдаа амиа алдсан юм.
Энэ мэтчилэн шинжилгээний хариу, НОК-ын шийдвэр хүлээх явцдаа амиа алдсан хэдэн хүн бий бол…
Энэ талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос УИХ-д өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлдээ амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж буйг онцлоод хүний эрхийг дээдэлдэг төрийн алба, үйлчилгээг төлөвшүүлэх шаардлагатай талаар зөвлөмж хүргүүлжээ.
2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан олон нийтэд мэдээлэл өгөхдөө гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүсийн орон байранд “гэрийн ажиглалт 14 хоног”, “тусгаарлалт 14 хоног” гэсэн бичигтэй, хууль сахиулах байгууллагуудын лого, таних тэмдэг бүхий наалт байрлуулах тухай танилцуулсан. Ингэхдээ “хууль зөрчиж байгаа хүмүүсийг ингэхээс аргагүй, ийм тэмдэглэгээтэй газрыг иргэд тойрч явах, орохгүй байх хэрэгтэй” гэж сануулжээ.
Ийнхүү Монгол Улсын төр иргэдийнхээ ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг зөрчив. Зөвхөн үүгээр ч зогсохгүй халдварын анхны тохиолдлуудын хувийн мэдээлэл, маршрут зэргийг олон нийтэд цацаж хүний эрхийн мэдрэмжгүй үйлдлүүд гаргасаар ирэв.
Засгийн газраас олон нийтийн арга хэмжээг хориглож, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоогоод хоёр жилийн нүүр үзэж буй. Гэвч Засгийн газрын тохируулагч агентлаг ХХМТГ-аас зохион байгуулсан “Digital Nation 2021” арга хэмжээ хэдэн зуун хүний бөөгнөрөл үүсгэж, гаргасан хууль дүрмээ зөрчсөн үйлдэл болов. Зөвхөн энэ арга хэмжээ ч биш сонгууль, намын их хурал, жагсаал цуглаан хийх эрхэд халдах зэрэг олон үйлдлүүдийг энд онцолж байна.
Түүнчлэн цар тахлын үеэр цугларсан хандив тусламжийн мэдээллийн ил тод байдлыг бүрэн дүүрэн хангаагүй талаар иргэд олон нийтийн зүгээс шүүмжлээд зогсохгүй мэдээллийн ил тод байдлыг хангах талаар ОУВС-аас Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн билээ.
Энэ бүх эрхээ зөрчүүлсэн иргэд олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагууд төр засгийн шийдвэртэй эвлэрэн, хүлцэнгүй хандаж байсан ч хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт туйлдаа хүрсэн тул эрхийнхээ төлөө нэгдэж, дуу хоолойгоо хүргэхээр хичээж буйг ч дурдах нь зүйтэй. Тухайлбал, Фиделитас Партнерс Хуулийн фирм Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр #Эрхээ эдэлье аяныг зохион байгуулж буй бөгөөд тус аян нь “Ковид-19 цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах буюу гадаад улсаас эх орондоо эргэж ирсэн иргэдийг үндэслэлгүйгээр 21 хоног тусгаарласан явдал” болон “Мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах буюу Ковид-19 цар тахлын үеийн хандив, тусламжийн шилэн дансны хөтлөлтийн нөхцөл байдал” гэсэн үндсэн хоёр агуулгын хүрээнд стратегийн өмгөөллийн төсөл болон хэрэгжиж байна.
Дээрх төслүүдээр дамжуулан Ковид-19 цар тахлын үед Монгол Улсад үүссэн хүний эрхийн асуудлуудыг хөндөж, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой нийт 14 удаагийн цуврал ярилцлагыг олон нийтэд хүргэсэн бөгөөд “Цар тахал ба хүний эрхийн мэдрэмж мэдлэг” сэдвээр улс төрч, хүний эрхийн зүтгэлтэн Ц.Оюунгэрэлтэй ярилцсан 15 дахь дугаар өнөөдөр /2021.12.10/ буюу Олон улсын Хүний эрхийн өдрөөр олон нийтэд хүрч байна. Өнгөрсөн таван сарын хугацаанд Эрхээ Эдэлье аян болон дээрх төслүүдийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Онцгой Комисс, Үндэсний Аудитын газар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нийтийн эрх ашгийн өмгөөллийн ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлсээр байна.
Улмаар Үндэсний аудитын газарт төслийн багийн гаргасан гомдлын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ-ын ковид-19 цар тахалтай холбоотой хүлээн авсан 2020 оны хандив, тусламжийн орлого, зарцуулалтын мэдээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлсэн байдалд аудит хийж, бүрэн мэдээлээгүй болохыг тогтоож, Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж ажиллах албан шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн үр дүн гарч, хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.
Олон улсын Хүний эрхийн өдөрт #Эрхээ Эдэлье аяны хүрээнд бэлтгэв
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!