Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Золбоо: Гадаадын иргэнээс дээрэмдсэн 1.1 тэрбум төгрөгөөс 848 саяыг нь хураан авч, дөрвөн этгээдийг саатуулсан

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар болон хүнд гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Шууд ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/229604812657700

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Золбоо “2022 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр 13:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Цагдаагийн байгууллага дээрх гэмт хэргийг үйлдсэн сэжигтэй этгээдүүдийг тогтоох чиглэлээр шуурхай ажиллаж, тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй дөрвөн этгээдийг тогтоон саатуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хэргийн газраас алдагдсан 1.1 тэрбум орчим төгрөгөөс 848 сая төгрөг болон нэг ширхэг гар бууг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэдэд сэрэмжлүүлэхэд, бэлэн мөнгийг их хэмжээгээр биедээ авч явахгүй байх, хараа хяналтгүй газар их хэмжээний бэлэн мөнгө хадгалахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэв.

Мөн тэрбээр "Эрүүгийн хуулийн 17.2-т зааснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 12 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулав.

"Тухайн этгээдүүд өөр зэвсгийн шинж чанартай эд зүйл хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Түүнчлэн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Шалгалтын ажиллагаа явуулж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан өөр зэвсгийн шинж чанартай эд зүйл хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй.

Сэжигтэй этгээдүүдийн талаар мэдээлэл мөн өгөх боломжгүй бөгөөд тухайн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа Прокурорт гаргаад шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ” гэдгийг нэмж хэллээ.