ШЕЗ-ийн дарга асан, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой шүүхийн асуудлаар ярилцлаа.
- Монголын шүүхийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлд энэ өдрүүдэд шинэ баг бүрдэж, шинэ гараанаас ажилдаа орцгоож байх шиг байна. Ийм байгууллага байх ёстой гэж анх шүгэл үлээж, хөл дээр нь тогтоож хүлээлгэж өгсөн хүний хувьд “шинэчилсэн” гэгдэж байгаа энэ өөрчлөлтийн үйл ажиллагаанд харагдсангүй. Г эхдээ алсаас бол нэгийг бодож, нөгөөг тунгааж суусан болов уу?
- Дөнгөж байгуулагдаж байгаа болохоор ажлын үр дүн мэдээж харагдах болоогүй.
Хүрсэн нэг үр дүн бол ШЕЗ-ийн бүрэлдэхүүн ямартаа ч парламентын олонхын хүсэл зориг, улсын тэргүүний улс төрөөс ангид ажиллах бололцоо хагас дутуу ч болов бүрдлээ. Гэхдээ бүрэлдэхүүний эр зориг, ур ухаан их чухал шүү. 2012 оны Шүүхийн багц хуулиар ШЕЗ-ийг бие даалган байгуулж, ажилласан он жилүүдэд уг байгууллагыг хүчгүй болгох, буцааж Дээд шүүхийн болон Хууль зүйн яамны халаасанд оруулах далдхан бодлого их хүчтэй болчихсон байлаа. Зарим нь санаа бодлоо ил хэлдэг ч байлаа. Би тэр үед мэдээлэлд ойр байлаа шүү дээ.
Энэ үед иргэн Ламжав багш надад нэг бичиг баримт авчирч өгсөн юм. Тэр нь 1990 онд шинэ Үндсэн хуулийн анхны төслийг НҮБ-ын Хүний эрхийн хороонд Засгийн газраас явуулж санал зөвлөмж авсан бичиг баримт байв. Түүн дээр нууцын тэмдэг дарсан байв. Уншвал үнэхээр мундаг анализ.
Хэрэв түүнийг тухайн үед нь авч Үндсэн хуульд тусгасан бол өнөөгийн олон зовлонг бид туулахгүй байсан гэж бодогдсон. Нууцын тэмдэг дарсан нь их сонин. Хэнээс, хэн, юуг нууцлав гэдэг нь их хоржоонтой түүх шүү. Бас л бидний араншин. Уул нь тэрхүү санал зөвлөмжийг авч Үндсэн хуулиа чамбайруулсан бол улс хожих байлаа. Харин нуусан хүн "хожоод" өнгөрчээ. Залуусын хэлдгээр тавилан байж дээ.
Хүрсэн нэг үр дүн бол ШЕЗ-ийн бүрэлдэхүүн ямартаа ч парламентын олонхын хүсэл зориг, улсын тэргүүний улс төрөөс ангид ажиллах бололцоо хагас дутуу ч болов бүрдлээ.
Тэр дүн шинжилгээ дотор ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг Үндсэн хуулиар зааж өгөхгүй бол тэр байгууллага чинь парламентын олонхын мэдлийн байгууллага болж шүүхийн хараат бус байдлыг хамгаалах байгууллага болж чадахгүй гэдгийг шууд хэлээд ийм маягаар 10 хүнийг ч оруулж болно гэсэн жишээг хүртэл бичсэн байв. Тэр үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажил эхлэх гэж байлаа. Ламжав багш сүрхий хүн болохоор цагийг нь олж надад өгсөн юм билээ. Үүнээс санаа авч, түүнийг нэлээн газар авахуулсны үр дүнд дэмжигдэж, Үндсэн хуульд орж, нөгөө далд санаархлыг бут цохисон нь их чухал. Том амжилт.
Харин ШЕЗ-ийн энэ бүрэлдэхүүн сайн амилуулж, хүч оруулаасай. Анхнаасаа местен дээрээ министр болохгүй бол их хүлээлт талаар болно. Хэн ч тоохоо болино.
- Надад нэр цохож, тэр зөв байсан, буруу байсан гэж асуух сонирхол алга. Гэхдээ зөвлөлд шинээр сонгогдсон дарга шинэчлэлээ зөрчөөд гишүүн болоод ороод ирсэн. Шинэчлэл гэж ярьсан парламент ч оруулаад ирлээ. Иргэдийн шүүхэд итгэх итгэл гэх том зүйл ийм явдал дээрээс л мохож, буцаж байдаг юм биш үү?
- Хүндээ биш ээ. Тэр журамдаа асуудал нь байсан. Ерөөсөө л анхнаасаа тэр УИХ-аас баталсан журам нь Үндсэн хуульд нийцээгүй залуучуудын хэлдгээр их тэнэг юм байсан. Тэр үед хууль хийсэн нөхөд сэтгэлийн хөөрөлд их автсан байсан даа. Том хуулийн ард гарлаа гээд. Зарим нь хүнтэй ч дуугарахаа байчихсан байсан шүү. Хүүхэд тийм байхдаа л хөөрхөн гэдэг шиг. Улстөрч болохын анхны дүрэм бол сэтгэлийн хөөрлөө барих, дарах, нуух юм шүү.
Өмнө нь ШЕЗ-д гишүүн байсан хүн яагаад орж болдоггүй билээ. Тэд яасан хүмүүс юм. Эрхээ хасуулах ямар гэм зэмтэй юм. Би тийм журам гарсныг дуулаад нэртэйгээр нь Н.Лүндэндоржийг оруулахгүй гээд биччихгүй яасан юм бол гэж инээд хүрч суусан.
За тэгээд энэ улс чинь төрд зүтгэх хүнээ үе үеийн төлөөлөлтэй байх талаас нь жаахан анзаарахгүй бол “хүүхдүүдийн улс” болж мэднэ шүү. Хойд, урд хөршийн удирдагчидтай нэг хүүхэд очоод юм ярих гэхээр цаадуул нь хэр тоох бол. Энэ бол жишээ. Хорвоо өнгөтэй шүү. Аливаа зүйлд хүний хүчин зүйл маш их, түүхэнд хувь хүний гүйцэтгэх үүрэг маш их. Нас тоо боловч бас туршлага гэдгийг мартаж болохгүй.
- Өнгөн дээрээ олон талын оролцоог хангасан, шүүгч, шүүгч бус 10 гишүүн гэж баахан ярилаа. Олон нийтийн өмнө томилгооны сонсгол хийж дүр эсгэлээ. Цаанаа бол энэ удаагийн ШЕЗ-ийн эрх мэдэл гэж юм байна уу. Шүүхийн тухай хуулийн шинэчлэлээр гурав тасалчих шиг боллоо?
- Бидний хүрсэн түвшнээс хамаараад олон сайн зүйл жүжиг. дүр болохыг таашгүй. Энэ бас л туулах зам. Гэхдээ хичээх ёстой. Өндөр хөгжилтэй оронд байдаг сайн зүйл манайд муу зүйл байх нь олон. Тиймээс арга* механизмаа хөрсөндөө тааруулж, сайн бодох хэрэгтэй. Өмнө нь ШЕЗ-ийн бүрэлдэхүүн намаас түдгэлзсэн гэх ерөнхийлөгчөөс, тооны талаас харвал нэг хүнээс хамааралтай байсан бол одоо ШЕЗ-ийн тал бие улс төрийн намаас, парламентын олонхоос хамааралтай боллоо. Тэр нь сайн, муу гэх юм байхгүй. Ер нь хамааралтай болгох сэтгэл байвал хамааралгүй болгох арга зам гэж бараг байхгүй дээ. “Ус нүх сүвийг ямагт олдог” гэдэг шиг хүн чинь их зовлонтой амьтан ш дээ. 10 хүнийг аргандаа оруулах бүү хэл дэлхийг ч атгандаа оруулах чадалтай.
Томилсон этгээд томилгоогоо нөлөөлөх нүх сүв гэж ойлгоод нөлөөлөөд, ШЕЗ нь түүнийг сонсоод эхэлбэл ямар ч ял гаа байхгүй. Тиймээс хориг саад, хариуцлагын механизм хэрэгтэй болдог. Манайх шиг улс төрийн соёл муу, клиентизмд живсэн улсын тухайд нөлөөллийг сааруулах, хаах хариуцлагын механизм маш чухал. Тэр нь харамсалтай нь алга. Байгаа гэх нь ёс төдий. инээд хүрмээр юм байх жишээтэй. Тэгээд бодохоор нөлөөлөл нээлттэй гэж дүгнэж болно. Харин 2012 оны хуулиар шүүгчид нөлөөлсөн албан тушаалтныг өчиггүй зайлуулах хуулийг 2016 онд хүчингүй болгож амарцгаасан.
ШЕЗ-ийг мануухай болгох бодол мөрөөдөл намайг байхад улс төрийн хүрээнд эхэлсэн. Гэхдээ үнэн хэрэг дээрээ улс төрийн хүрээсэх ч юм биш л дээ. Эрх мэдлээ алдсан, эрх мэдэл нь хөндөгдсөн, бас хоцрогдсон хэдхэн хүн хийсэн. Түүнийг мэргэжлийн бус парламент ойлгоогүй, Шүүхийн хуулийг тэдний хүслээр баталсан. Үндсэн хуулиар ШЕЗ-ийг бэхжүүлсэн. Харин шүүхийн тухай хуулиар түүнийг сулруулсан. Энэ ямар логик вэ.
Хууль тогтоогч энэ мэтийг олж харах ёстой л доо. Гэвч тэд олж хараагүй. Одоо ШЕЗ-д Үндсэн хуулиар олгосон, Шүүхийн захиргааны чиг үүрэгт багтдаг ажлыг гурав хувааж, түүний хүчийг сулруулсан нь үнэн. Мэргэжлийн бус чамайг олоод харчихсан байхад хууль хийгчид, батлагчид одоо ч олж хараагүй байх жишээтэй.
- Ингэж хүчийг тарамдуулах явдлын цаана том л ашиг сонирхол дагана биз?
- ШЕЗ-ийн чиг үүргийг гурав хувааж хүчийг тарамдуулсан чинь их нарийн ухаан шүү. Бид чинь муу юманд их гаршсан. Нэг хэсэг бүрэн эрхийг Шүүгчдийн зөвлөл гэсэн нэг эзэн биегүй, хариуцлага хүлээх субъектгүй. байнгын ажиллагаагүй байгууллагад өгчихсөн. Нэг хэсгийг шүүн таслах ажил шүүхийн захиргаа тусгаар байх зарчмыг зөрчөөд Дээд шүүхэд өгчихсөн. Би тэр үед зарим хүмүүсээс зориуд асууж байсан юм. Хариуд нь “Консенсус хийхгүй бол хууль батлагдахгүй тийшээ болоод" гэж байсан. Үүнийг хууль батлагчид мэдээгүй. Одоо энэ 10 хүн их зовох байхдаа, хөөрхий.
Ер нь Шүүхийн тухай хуулийг дахин засах ёстой. Урагшилсан зүйлээс илүү ухарсан нь их. Шүүгчийн хариуцлагын тогтолцоо бий болгосон нь том урагшлалт. Дээд шүүхийг үйл баримтын маргаан шийддэгийг зогсоосон нь шинэ юм биш, бүх процессын хуульд олон жилийн өмнө зохицуулсан харилцаа.
Харамсалтай нь тэдгээр хуулийн өөр нэг зүйлд "бүхэлд нь хянана" гэдэг цоорхойг УИХ лобби. эсвэл мэдэхгүйгээр хавчуулаад үйл баримтыг хянуулж, Монгол Улсыг бараг шүүхийн нэг шатлалтай болгосон байсан. Өөр нэг дорвитой, 2012 оны хуулийг үзэл санааг давсан юм байхгүй. Харин ухралт их хортой. Шүүхийн шинэтгэлийн нэг амин сүнс бол шүүхийн босоо удирдлага буюу дээд шатны шүүх доошоо ямар нэг аргаар нөлөөлөх нөлөөллийг халах явдал байсан. Шүүхийн шинэтгэлийн үр дүнд бараг халсан шүү. Муу ч гэсэн шүүгч өөрийн толгойгоор хэргээ шийдэж эхэлсэн. Тэр үед ямар яриа их гарсныг эргээд нэг санаарай.
Өндөр хөгжилтэй оронд байдаг сайн зүйл манайд муу зүйл байх нь олон. Тиймээс арга* механизмаа хөрсөндөө тааруулж, сайн бодох хэрэгтэй.
Энэ анхан шатны шүүгчид их даварлаа. Алдаа завхрал их хийж байна. Одоо яана аа гэж их хашхирсан шүү. Тэд алдаж байсан байж мэднэ. Харин хашхирагчдыг тэд сонсохоо байсанд уур нь их хүрч байсан юм шүү. Одоо тэд хашхирахгүй болсонд нууц нь оршмой. Хашхирахгүйн нууцаа буюу босоо удирдлагаа тэд шинэ хуулиар их нарийн, уран аргаар сэргээн хавчуулж амжсан шүү. Худлаа гэвэл шүүгчдээс нууц санал асуулгаар асуугаад үзээрэй. Энэ бол нэг ёсондоо аюул. Юун яасан шинэтгэл.
- Томилгооны сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд таныг шүүх рүү олон мянган ялаа оруулж ирсэн гэж мэдэгдсэн. Та анзаарсан л байх?
- Болчимгүй мэдэгдэл. Ер нь ийм яриа Их хурал дээр их байдаг гэж сонсон. Хэлсэн нь хөөрхий муу Ш.Раднаасэд болохоос. Монгол төрийн бодлого тодорхойлж байгаа байгууллага, хүмүүс тийм харалган, буруу мэдээлэлтэй байгаа нь харамсалтай.
Надаас бүр зарим нэг дотно гишүүд аминчлан Ц.Элбэгдорж өөрийн баахан хүнээ оруулсан гэж энд ярьцгаадаг гэж асуудаг. Би хэлдэг. "Үгүй дээ" гэхээр гайхаад хараад байдаг. Ц.Элбэгдорж гэдэг Ерөнхийлөгч ийм хүнийг шүүгч болгоё гэж Н.Лүндэндоржид нэг ч хүний нэр хэлээгүй гэвэл хүн итгэх болов уу. Үнэн нь л тэр шүү. Би одоо хэн нэгнийг хамгаалах, тал засах хэрэг надад огт байхгүй. Би цонхноос буугаад эх орныхоо хөрсөн дээр суугаа айдгаа авдартаа хийсэн хүн.
Дундуур нь шүүгчийн томилгоонд хуруу гараа хүргэх гэсэн нэрийг барих бөөн хүч, сонирхол байсныг үгүйсгэхгүй. Хүн ер нь өөрийнхөөрөө л юмыг ойлгох гээд байдаг амьтан шүү дээ. Би ажлаа өгөхөөс өмнө өргөн мэдүүлж шүүгчээр томилуулсан бүх 160 орчим хүнийг нэрийг гаргуулан авч нэг бүрчлэн үзсэн. Миний хүсэл зоригоос гадуур би дэмжээгүй 20 орчим хүн л сэтгэлд жаахан дундуур бодогдож байсан. Бусад нь аргагүй л шилдэг хуульчид, мундаг залуучууд бий шүү. Тэд ялаа биш. Тэд яваандаа хэн болохоо харуулна гэдэгт итгэдэг. Та нар ч харна. Хэрэв шүүхэд шударга шигшилт хийвэл тэд л голчлон үлдэж мэднэ шүү.
- Өмнөх баг бүрэлдэхүүн ч тэгсхийгээд нам жимхэн ажиллаад буулаа. Улс төрийн томилгоо л гэж баахан баалуулсан санагдана. Ер нь энэ байгууллагыг удирдахын жаргал, зовлон таны үед ямар байв даа?
- ШЕЗ-ийн гишүүн, даргаар би 6.6 жил ажилласан. Миний баг их зүйл хийсэн дээ. Одоо түүнийг ил хэлбэл одоо цагийн шинэчлэгчид бүдгэрчих гээд байна шүү дээ. Хоёулаа хүмүүсийн уур хүргэх хэрэггүй байх аа.
Ийм ахархан бодол Монголд их газар авсан. Үүнээс болоод монгол төрийн бодлогын залгамж чанар их алдагдлаа. Юу хийсэн, одоо угсарч юу хийх билээ гэдэг юм алга болж байна. Шүүхийн шинэтгэлийг хүн бүр хийж байна гэж ярьсаар байгаад сүүлдээ утга чанараа алдлаа. Реформ гэдэг үг моодноос гарлаа. Манай УИХ, Засгийн газар шүүхээ дэмжиж байж улс хөгжинө, хөрөнгө оруулалт орж ирнэ гэдгийг хэлдэг атлаа хэрэг дээрээ юм хийдэггүй. Үүнийгээ засах ёстой. Улс орон хөгжихөөс илүү улс төрийн хүчин Засагт яаж ийгээд удаан байх нь илүү гэсэн бодол их байгаа учраас юун яасан шүүх болчхоод байна.
Шүүх бие даасан эрх мэдэл болж чадаагүй байгаа. Эдийн засгийн хараат бус байдал арилаагүй үед шүүх эрх мэдэл болохгүй. Иргэдийн шударгаар шүүлгэх эрх бүрэн хэрэгжихгүй шүү. Гэтэл бид эдийн засгийн гадуур шинэтгэл хийх гээд байдаг. Тийм юм ертөнцөд байхгүй л дээ. Эдийн засаг чинь зүйрлэвэл зүрх нь. Одоо ч ухаж. зөв ойлговол аливаа бодлого бол эдийн засгийн төвлөрсөн илэрхийлэл гэж Лениний хэлсэн нэг ончтой үг бий.
- Ерөнхийлөгчийн зарлигаар 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудал ихээхэн дуулиан болсон. Шүүгчдийн хэргийн асуудал тусдаа. Харин шүүгчдийг ҮАБЗ-өөр оруулсан нь шүүмжлэл дагуулсан. Ногоо л улс төрийн нөлөөлөл, хамаарал байсны тод илрэл боллоо гэж. Хөшигний ард болсон үйл явдлыг та л сайн мэдэх байх?
- ҮАБЗ-ийн хурал дээр гүйцэтгэх ажлын материал танилцуулж байхад би тэнд байсан. Цөөн шүүгчээс бусад нь асуудалтай юм байна гэж би тэр үед ойлгосон, бас нүдээрээ харсан шүү. Харин сүүлдээ нэр нөлөө муутай хоёр гурав нь шийтгэгдээд жинхэнэ эзэд ард үлдэхийг хардаг юм байна. Улстөрчдийн rap хөл орохоор л асуудал тийм болдог.
Шүүгчдийн бүрэн эрхийг ҮАБЗ- ийн шийдвэрээр түдгэлзүүлдэг хуулийг УИХ баталсан юм шүү дээ. Ер нь бол буруу хууль байсан. Түүний хариуцлагыг УИХ хариуцах ёстой.
- Одоогоос 15 жилийн өмнө та шүүхийн шинэтгэлийн талаар манай сонинд "Шүүх эрх мэдлийн хямрал" хэмээх томоохон нийтлэл гаргаж байв. Түүнээс өмнөх шүүхийн байдал ямар байсныг өнөөдөр нэг сануулахад илүүдэхгүй биз дээ?
- Шүүхийн босоо удирдлага туйлдаа тулаад сүүлдээ дотроо багаар ажилладаг болсон байв. Нэг ёсондоо эрх баригчдын зодуурын саваа бараг болсон байсан. Шүүгч нар нь аймхай зүрхээ зүсүүлсэн мэт байсан санагдана. Хүнтэй ярихаас их айна. Ерөнхийдөө бүрэн базуулсан байсан. Тэр үед Дээд шүүх хаан, заан шиг л хүчтэй байлаа.
Шүүх бие даасан эрх мэдэл болж чадаагүй байгаа
Ял шийтгэлийн нэгдсэн бодлоготой. Тийм хэрэгт хорихоос өөр төрлийн ял өгч болохгүй гээд албан даалгавар бүр бичгээр өгнө. Түүнийг биелүүлээгүй шүүгчийг шийтгэдэг байв. Шүүгч өөрийн толгойгүй мэт болсон байлаа. Одоо тэгвэл дээрээс тэгж хэлбэл зарим шүүгч урдаас нь "хуц" гэж мэднэ шүү. Үүнийг л шинэтгэл гээд байгаа юм.
Харин одоо дээрээс доошоо нөлөөлөх арга их уран нарийн болсныг өмнө хэлсэн. Т үүнд нь Шүүхийн шинэ хууль багагүй "хувь нэмэр" оруулсан. Мөдхөн ид шидээ харуулж мэднэ. Одоо ч шүүгч нар хэлж байгаа шүү. Буцаад хуучиндаа орж байна даа гэж. Энэ юу гэсэн үг билээ...
- Тэгээд шүүхийн шинэчлэл эхэлсэн. Хуулиуд гарч, шүүхийн байр сав, шүүгчдийн цалин хангамж, нээлттэй шүүх, цахимжилт гээд олон зүйл шинэ шатанд гарч эхэлсэн. Бас л их хэл аман дунд явсан шинэчлэл шүү дээ. Та санал нийлнэ биз?
- Шинэтгэлийг эсэргүүцлээр нь хэмждэг гэсэн үг байдаг. Шүүхийн шинэтгэл чинь эцсийн эцэст эрх мэдэлтэнд халтай болдог байхгүй юу. Тэгэхлээр эсэргүүцэх нь зүйн хэрэг. Их эсэргүүцэлтэй тулсан. Гэхдээ надад сонирхолтой байсан. Олон хүний цаад бодлыг олж харсан.
Монгол Улсыг боддог хүн энэ улсад байна уу гэж хүртэл бодож байсан шүү. Харин шүүгчдийн 90 орчим хувь нь шинэтгэлийг дэмжиж байлаа. Уг нь тэд л эсэргүүцэн зогсоох хамгийн гол хүч байсан. Гэтэл эсрэгээрээ төр засаг нь эс үйлдэхүйгээр эсэргүүцсэн. Энэ бол цаашдын маш том асуудал зовлон болно доо. Намайг хөдөө явж байхад нэг шүүхийн ажилтан нэгэн сонин юм ярьсан. Нэг аймгийн дарга ерөнхий шүүгчийг утсаар дууджээ. Юунд очих вэ.
Гэтэл нөгөө дарга удалгүй жийп машинаа хөлөглөн ирээд ерөнхий шүүгч дээр орох гэхээр Тахарын алба нь оруулаагүй гэнэ. Гэтэл тэр дарга утсаар тэндээсээ ингэж ярьсан гэж байгаа. Энэ шүүх чинь эх захаа алдлаа. Өчнөөн олон ерөнхий шүүгч. Хэн нь хамгийн том нь ч мэдэгдэхээ байлаа. Учрыг олно гэсэн яалаа. Тахар гэж даварсан юмнуудыг тараана гэсэн яалаа гэж уурсаж, гомдоллох зэрэгцэн хот руу нэг хүнтэй ярьж байсан гэдэг. Гэвч удалгүй Тахарын алба тарж, шүүгчийн үүд хаалга дарга нарт нээлттэй, иргэнд хаалттай хэвээрээ үлдсэн дээ.
- Тэрбумын хөрөнгөтэй шүүгч байна гээд л. Та тайлбар хийгээд л...?
- Бид чинь коммунизмаас оюун санааны хувьд бүрэн салаагүй байна. Баян чинээлэг хүнд дургүй. Уул нь манай уламжлалт ухаанд "баян хүн таван хаанд нүүртэй" гэж баян хүнийг ухаантай, ажилсаг гэж хүндэтгэдэг байсан. Коммунизм өмч, хөрөнгийг үзэн ядаж баян хүнийг хог шаар болгож, ядуу хүнийг хамгийн сайн гэх үнэлэмжийг бүрдүүлсэн. Энэ нөлөөлөөд байна.
Нөгөө талаас шинэ цагийн баяжигчид хулгай их хийсэн болохоор бас тэр нөлөөлөөд байх шиг байна. Тэгээд одоо ямартаа ч баян чинээлэг хүнд дургүй болчихсон. Тэгээд шүүгчийг бас ядуу байх ёстой гэж бодоод байдаг. Шүүгч ядуу байвал бүр аюултай гэдгийг бага боддог. Өлөн хүнээр хүнс мануулбал юу болох билээ.
Манайхан ёс суртахуун их ярьдаг. Ёс суртахуунтай ядуу хүн хайгаад байгаа юм уу даа. Тийм хүн хорвоо ертөнцөд байхгүй, олохгүй. Хүн гэдэг амьтан чинь органик хэрэгцээ нь хангагдаагүй байхад ёс суртахууныг "цаашаа" гэдэг гэж коммунизмыг үндэслэгч Маркс багшийнхаа хэлснийг мартчихаад байна уу даа. Тэр гарцаагүй үнэнийг хэлсэн, хожмын мэргэд бас нотолсон. Шүүгч нараа хүний гар харахааргүй эдийн засгийн хараат бус байдлыг хангаагүй нөхцөлд тэднээс шударга ёс шаардвал "Эр үхэр сааж, элгэн тараг бүрж ир" гэсэн үлгэрт гардаг хааны ёжлолтой агаар нэг юм шүү.
- Шүүхийн шинэчлэлтэй зэрэгцэж гарч ирсэн улс төрийн нэг хэллэг өнөөг хүртэл яригдсаар байх юм. МАНАН, Шударга бусын хонгил гэж. Эдгээрийг шүүхтэй холбож их ярьдаг. Яг бодит хэмжүүр нь юу юм бэ гэхэд тайлбарлахад хэцүү. Ямартаа ч шүүгч, шүүхийн байгууллага муу байна, нөлөөнд автсан гэсэн ойлголт бий болчихлоо. Үүн дээр таны байр суурийг сонсмоор байна?
- Аливаа юм эх сурвалжтай. Түүнийг бодууштай. Бид чинь юмыг уг сурвалжаар нь хардаггүй хөөстэй нь хөөцөлдөөд сурчхаж. Төрийн алба авлигад идэгдсэн нь үнэн. Гэтэл түүнийхээ уг сурвалжийг зөв оношилдоггүй. Мөн л ёс суртахуунт хүнийг мөрөөдөөд байх жишээтэй. Гэтэл энэ бага цалин чинь эрх мэдлээ ашиглаж. өөрөө өөрийгөө болго гэсэн далд мессэж бус уу. Үүнийг засах хэцүү гэж үү.
Шүүгчид дандаа муу, авилгачид цугласан гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Харин ч алдаа эндэгдэлтэй гэдэг ч бусдыг бодвол шигшиж томилдог цор ганц газар. Бусад нь ямар шалгуураар явж байгааг харьцуулаад бодоход илүүдэхгүй. Шүүгчид хараат бус байдлаа алдаад байвал хамгаалаагүй, хариуцлагын тогтолцоог бүрдүүлж чадаагүй нөгөө хоёр эрх мэдлийн л буруу даа. Нөгөө талаас шүүхэд асуудал бий юү гэвэл бий. Хүн байгаа газар асуудал байдаг нь бас л маргах аргагүй үнэн. Тэр асуудлыг нь хуулиар хаалгах, боолгох гэж парламентыг ард түмэн сонгодог.
Тэр үүргээ хэр зэрэг биелүүлж байна гэдгийг бас бодох хэрэгтэй. Зөв шударга явах зам, коридорыг гаргаж өгөөгүй байж, ёс суртахуундаа захирагдаад, хөтлөгдөөд шударга бусыг ялаад гараад ир гэвэл юу болох билээ. Хонгил байгаа бол түүнийг л хэлээд байгаа байх. Энэ талаас харвал маш том хонгил, хоосон орон зай байгаа. Энэ бол шүүхийг олон жил ядуу зудуу байлгаж, эдийн засгаар хавчиж, боож, борцолсны хор, гор. Босоо удирдлагаар лантуудуулсны үр дүн. Шүүгчдийг шилж биш, ширвэж томилж байсны хор. Тарьсан зүйлээ л хурааж байгаа тэр нь. Тэр ургацаа одоо хонгил гэнэ үү, юу гэж нэрлэх нь сонин биш.
Шүүхийг шударга бус болгож байгаа нэг зүйл бол муу хууль. Хэрэглэдэг хууль нь муу, зөрчилтэй, илт буруу, процессжуулаагүй, тунхгийн шинжтэй зэрэг олон дутагдал бий. Жишээ нь, авлига авсан хүнийг хялбаршуулан шийдэх замаар ор нэр яллах хуулийг хэн хийв, хэргийг мөрдөн байцаалтад дахин дахин буцааж хэргийг замхруулах хуулийг хэн хийв, Дээд шүүх эрх зүйн маргаан бус, үйл баримтын маргаан шийдэж хэрэг эргүүлдэг, таргалуулдаг арга дэлгэрэх хуулийг хэн хийв гэх олон гажигийг нэрлэж болно.
Эцэстээ тэрний муу нэрийг шүүх үүрдэг. Хүн юу тарина, түүнийгээ хураана гэдэг л энэ. Зонховын сургаалын мөн чанар ч энэ. Хөшөө дурсгал барихаас илүү энэ мэт түүний сургаалын агуулгын талыг ухаармаар байгаа юм. Нөгөө талаар шүүхийн муу нэр "Сохор нохой дүйвээнээр, соотон халтар чимээнээр" гэгчээр бас үүсээд байна. Яг судалгаа харах юм бол хамгийн болохгүй бүтэхгүй газар чинь өөр нөхөд байгаа шүү. Жишээ нь, улс төрийн нам, Засгийн газар, газрын алба гэх мэтээр олон судалгаа бий. Жил жилийн хөндлөнгийн судалгааг харцгаагаарай.
- Шүүхэд гомдсон, шударга бус байна гэсэн иргэд улстөрчдийн тухай заавал ярьдаг. Нөгөө талд нь улстөрчид шүүхэд нөлөөлөөд байна гэсэн агуулга дийлэнх байна. Ингээд харахаар шүүхийг асуудалтай болгож байгаа этгээдүүд шүүгчид өөрсдөө гэхээс илүү эрх мэдэлтэн, улстөрчид байдаг юм биш үү?
- Та бид хоёр энэ тухай л сая ярилаа. Бид шударга ёс их ярьж, шаардаж байна. Энэ зөв. Гэхдээ шударга ёсыг ганц шүүх тогтоодог юм биш. Тэгж андуурч, булзааруулж, бултуулж болохгүй. Шударга ёсны тухай хамгийн их судалж, сургаал айлдсан цор ганц хүн бол Аристотель. Шударга ёсны талаарх ном зохиолыг судлахад түүний сургаалыг давсан нь нэг ч байхгүй. Харин ч түүн дээр л эргээд бууж байх жишээтэй. Аристотель шударга ёсыг эцсийн эцэст хуваарилалтад оршдог, түүгээр илэрдэг, хэмжигддэг гэсэн шүү.
Шүүхийн төсөв улсын төсвийн 0.4 орчим хувьтай олон жил болсон
Гэтэл Монголд хуваарилалтын шударга ёс шиг алдагдсан зүйл байхгүй. Ард түмэн үүнийг мэддэггүй. Ард нь хуваарилагчид шударга бусын хонгил барьж суух жишээтэй. Та нар хар. Улсын төсвийг яаж хуваарилж байна. Багш, эмчид өгч байгаа цалингаа хар. Энэ шударга уу. Шүүхэд сүүлийн бүтэн таван жил хөрөнгө оруулалтын төсвийг тэг дүнтэй баталсан. Гэтэл сайдуудын багц хэдэн зуун тэрбумаар хэмжигдэнэ.
Та нар бод доо. Шүүхийн төсөв улсын төсвийн 0.4 орчим хувьтай олон жил болсон. Одоо өсөөд өсөөд нэг хувьд ч хүрээгүй л байна. Одоо улсын төсөв юуг дархлах хэрэгсэл болов гэдгийг заавал засах ёстой. Шударга ёс эндээс эхлэх учиртай. Иймэрхүү юм ярихаар улстөржлөө гэдэг. Улстөржихгүй гэхээр нэг бол дуугаа суух, социализм шиг өөрийгөө шүүмжлэх эсвэл худлаа магтах. Энэ хэнд хэрэгтэй билээ.
- Үнэхээр ноцтой албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон шүүгчид бий. Өмгөөлөгч Б.Баасанцогт гэгчийн хэрэг дээр шүүгчид нэлээд бүдэрлээ. Эрүүгийн хэргийн том шүүгч цахилгаан шатан дотор зүй бус явдлыг хараад зогсож байсан зэргээр шүүх, шүүгчийг муухай харагдуулсан явдал нэг бус бий. Шүүгчдийн нийгмийн хангамж дээшилбэл хараат бус ажиллаж чадна гэсэн шинэ хуулийн үзэл баримтлал хаана гээгдчихэв?
- Та шүүгчийн цалин нэмснийг л битүүхэн чимхэж асуугаад байна аа даа. Тэр нөхдийг шүүхээс зайлуулах ёстой. Чадаагүй л байгаа юм биш үү. Бас л хууль журам нь тэднийг хамгаалаад байгаа бололтой. Ийм ноцтой алдаа гаргасан шүүгчдийг ЁС зүйн хорооны шийдвэрээр шууд арга хэмжээ авдаг, шүүх зөвхөн процессын алдааг хянадаг хуультай байх ёстой атал УИХ хуулийг хийхдээ шүүх Ёс зүйн хорооны шийдвэрийг бүхэлд нь, бүүр шүүх шүүгч ёс дүрэм хэрэглэж, шийдвэр гаргаж шүүх шүүгчээ хамгаалдаг хуулийг хэн хийсэн билээ гэж асуумаар байна.
Нарийн дээрээ яривал тэр шүүгчдийг шүүхэд шигдэх хуулийг УИХ маань урласан байна шүү дээ. Тэд түүний ард нуугдаж байна. За тэгээд тэр зохион байгуулагчийг хэн тийм эрх мэдэлтэй болгов. Хэн дуудав. Хэн өөгшүүлэв. Хэн түүнийг төрийн ордонд залав. Бас л улстөрчид.
Шүүгчийн цалин нэмснийг шүүмжлэхээс илүү нэмээгүй байсан бол яах байсан гэдгийг бодох хэрэгтэй. Шүүгчдийн цалинг нэмснээр төрөөс хүн ийм цалин бас авч болдог юм байна гэдгийг олон хүн мэдэж авч, одоо түүний үр шимийг хүртэгсэд нэмэгдсээр байна. Тэр хэмжээгээр төрийн албан хаагчдын хэрэгцээ хангагдаж, хоолны мухлаг руу хүн дагаж орохоо больж, бага ч гэсэн эрхэм чанар нь дээшилж. тэр хэмжээгээр авлига буурч байгаа гэдгийг оюун ухаанаараа хүлцэн тэвчиж ойлгохгүй бол шууд итгэ. Зүй тогтол нь ийм юм.
- Шүүх, шүүгчийн үйл ажиллагааны үнэ цэнэ иргэдийн итгэх итгэл дээр тогтдог болов уу гэж боддог. Ер нь шүүхэд итгэх иргэдийн итгэл гэх энэ ойлголт өөрөө юу юм бэ. Шүүхийг баларсан доройтсон, авилгажсан гэж өнөөдөр амтай бүхэн ярьдаг болж. Шүүхийн шийдвэр эцсийнх байна гэж итгэдэг Үндсэн хуультай ард иргэд бид юунд найдах болж байна вэ?
- Энэ их чухал асуулт. Шүүх банк хоёр иргэдийн итгэл дээр тогтдог гэж би олон жил ярилаа. Банкийг нэг сайн цуурхал дампууруулж чадна. Шүүх түүнтэй ижил. Шүүх муухай гээд нэг том дарга хашхирвал тэгээд л муухай болчих жишээтэй. Болдоггүй юм аа гэхэд шүүх дээр ялагдсан тал ялагдлаа хүлээхээ болиод нөгөө даргын хэлснийг л бодоод. дахин дахин заргалдаж, шүүхийн болон өөрийн зардлыг өсгөөд. тэмээн дээр ямааны гарз гаргаад, гомдоод. шүүгч гэж нэг хадны мангааг дүрслээд, амилуулаад, үзэн ядаад жүжиг өрнөөд улсын үндсээ сэвтүүлж эхэлдэг. Энэ ил тод байдал уу, энэ шүүмжлэх эрх үү. Үгүй ээ. Энэ бол Богд Зонховын хэлснээр "Бүх булай явдал мэдээгүйгээс эхтэй" гэдгийн үр дагавар.
Хүний сэтгэхүй өөрийгөө өмөөрөхүйд автсан байдаг. Сэтгэл зүйн үндсийг хялбарчлан хэлбэл ийм юм. Нөгөө талаас туйлын үнэн шүүхийн шийдвэр гэж дэлхий ертөнцөд байхгүй. Яагаад гэвэл шүүгч шийдвэр гаргахдаа баримталдаг хууль нь улстөрчдийн тохироо байдаг. Хөгжсөн үндэстний тэр тохироо нийгмийн гэрээ, нийтлэг ашиг сонирхол руу дөхсөн байдаг бол манайх мэтийн улсад тэр тохироо бүлгийн, намын, олигархийн гэх мэт ашиг сонирхолд автсан байх магадлал маш өндөр.
Түүнээс гадна эс мэдэхийн зовлонгоос үүдсэн төөрөгдөл, түүнийг дундаас залилан ашиглагчдын овжин мэх орох эрсдэл бас өндөр. Жишээ нь. Ашигт малтмалын тухай хууль дахь "лиценц эзэмших" эрх хуульд хэн хийсэн нь мэдэгдэхгүйгээр “орд эзэмших” эрх болсон байсан шүү дээ. Одоо зассан уу үгүй юу, би мэдэхгүй. Үүний улмаас туйлын үнэн зөв шийдвэр гарах бололцоогүй. Харин шүүхийн шийдвэрт талууд сэтгэл хангалуун үлдэх нь хамгийн чухал. Энэ л хамгийн шилдэг шийдвэр. Талууд сэтгэл хангалуун үлдэхэд шүүх шүүгчид итгэх ёстой. Тиймээс бүх дэлхий ертөнцөд шүүгчийг зөв байхын хамт зөв харагд гэдэг. Итгэл төрүүлэх гээд байна шүү дээ.
Гэтэл итгүүлэх ёстой төр нь олон нийтэд хаyдан шүүх бузар гэхээр юу болох вэ. Зүй нь шүүхэд байгаа асуудлыг төр засаг ард түмэн рүү хандаж итгэлийг эвдэх ёсгүй юм. Ард түмэн засахгүй шүү дээ. Засах ёстой тэр эрх баригчид олон нийтийн сэтгэл зүйг үймүүлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуудахын оронд өөрөө дуугаа засдаг ёстой. Ийм хуультай улс ч бий.
Гэтэл манайд попорч, намчирхан талцаж, бие биеэ үгүйсгэхдээ шүүхийг муулж эхэлдэг. Ц.Элбэгдорж гэдэг хүнийг муулахдаа тэр үед хийгдсэн шүүхийн шинэтгэлийг нулимах ёстой, шүүхийг хог шаар, ялаагаар дүүргэсэн гэж хашхирах ёстой. Үр дүн нь шүүхэд иргэд итгэхээ болиод ямар ч шударга шийдвэр гаргасан итгэхгүй гомдсоор байх болно. Энэ хэнд хэрэгтэй билээ?
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!