Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын хүнсний төрөл зүйл хэт тэнцвэргүй байна

ikon.mn
2021 оны 10 сарын 22
Сурталчилгаа

Хүн эрүүл, идэвхтэй амьдрахад шаардлагатай бүхий л шимт бодисоо хангалттай авахын тулд олон төрлийн хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглэх нь чухал байдаг. 

Манай улсын эрдэмтэн, судлаачдын Харвардын их сургуулийн судлаачидтай хамтран хийсэн “Монгол улсын насанд хүрэгчдийн дунд шим тэжээлийн зарим бодисын дутагдал болон жингийн илүүдлийн талаарх судалгаа”-ны дүнгээс харахад шимт бодисын дутагдлууд нь хүмүүсийн жимс, хүнсний ногоо, бүхэл үр тариан бүтээгдэхүүний хязгаарлагдмал хэрэглээтэй шууд холбоотой, энэ нь эрүүл мэндийн олон асуудал дагуулах эрсдэлтэйг онцолж байна. Ялангуяа малын махыг хэт их хэмжээгээр хэрэглэх нь цусан дахь тос, тэр дундаа бага нягтралтай липопротейн (муу холестерин) ба триглицеридийн хэмжээг хэт нэмэгдүүлж улмаар зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдар зэрэг халдварт бус өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Эрүүл мэндийн сайдын 2017 онд баталсан “Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, амин дэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээг батлах” тухай нормоор нэг хүн өдөрт 120 грамм төмс, 260 грамм хүнсний ногоо хэрэглэх шаардлагатай хэмээн заасан байдаг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан судалгаагаар хот суурин газрын хүмүүс өдөрт ойролцоогоор 86 грамм төмс, 82 грамм хүнсний ногоо хэрэглэдэг бөгөөд, хөдөө орон нутагт аж төрдөг хүмүүс 84 грамм төмс, 52  грамм хүнсний ногоо өдөрт идэж байна (Монгол улсын хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртгийн сүлжээ, 2020).

Түүнчлэн, манай улсын хүн амын төрөл бүрийн самар, үр, загас, тахианы мах болон өндөгний хэрэглээ хангалтгүй байгаа билээ.

 

Монголчуудын хүнсний төрөл зүйл цөөн, хоол тэжээлээс авах шаардлагатай уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодис, бичил шим тэжээлийн зохистой харьцаа ихээр алдагдсан нь зүрх судасны өвчин, цус харвалт, хоёрдогч хэлбэрийн чихрийн шижин болон хорт хавдар зэрэг халдварт бус өвчлөлд өртөх өндөр эрсдэлтэй болгож байна. Тиймээс хоол хүнсний хангамж, хүртээмж болон шимт тэжээллэг чанарын ач холбогдлын талаар мэргэжилтний зөвлөгөө, нотолгоотой мэдээлэл олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал хэрэгтэй юм.

 

“2021 он бол олон улсын жимс, хүнсний ногооны жил”

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2021 оныг Олон Улсын Жимс, Хүнсний ногооны жил болгон зарлаж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ) энэ ажлыг хэрэгжүүлэгч гол байгууллагаар ажиллаж байна.

Жимс, хүнсний ногооны шимт тэжээллэг чанар, эрүүл мэндэд ашиг тустай байдлыг олон нийтэд таниулж, эдгээрийн зохистой хэрэглээг хэвшүүлж эрүүл хооллолтыг дэмжин сурталчлах зорилгоор “Олон Улсын Жимс, Хүнсний ногооны жил 2021” сошиал аяныг өрнүүлж байна.

Бүх насны хүмүүс эмэгтэй, эрэгтэй хүмүүст жимс, хүнсний ногоог өргөнөөр хэрэглэхийн ач холбогдлыг таниулах, жимс, жимсгэнэ, хүнсний ногооны тариалалт, боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй айл өрх, аж ахуй нэгжүүдийн туршлагыг олон нийтэд өргөн сурталчлах, эдгээр үйл ажиллагаанд  төрийн бүх шатны байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон залуучуудыг уриалан оролцуулахад мөн аяны зорилго оршиж байна.  “Олон Улсын Жимс, Хүнсний ногооны жил 2021” сошиал аян энэ оны 8-р сараас 12-р сарыг дуустал өрнөх бөгөөд дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

 

Тус аяны  хүрээнд олон нийтэд хүргэх мэдээллийг Food and Agriculture Organization of the United Nations (FAO) фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэж байгаа билээ. Аяны хүрээнд НҮБ-ын ХХААБ-ын хүнсчин баатартай хийсэн ярилцлага болон, ARTGER-тэй хамтран бүтээсэн контентыг энэхүү холбоосоор хүлээн авч үзнэ үү.

Энэ салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг “Олон Улсын Жимс, Хүнсний ногооны жил 2021” аянд өөрсдийн санаачилгаараа нэгдэн хувь нэмрээ оруулахыг урьж байна.       

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.