Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хаягдал гялгар уут цуглуулах аянд нэгдэхийг уриаллаа

ikon.mn
2021 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот ойролцоогоор жилд 44,000 тонн хаягдал гялгар уут гаргадаг бөгөөд ердөө 4% хүрэхгүй хувийг дахин боловсруулж үлдсэн хэсэг нь байгальд хаягддаг. Тиймээс "Өнгө нэм" ТББ нь гялгар уут дахин боловсруулах “Пластик центр” ХХК болон хүүхэд хамгаалал, хөгжлийн “Лантуун дохио” ТББ-тай хамтран гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа. 

“Асуудлаар асуудлыг шийдье” уриатай тус аян нь гялгар уутны хаягдлыг байгальд ээлтэйгээр шийдвэрлэх замаар дахин боловсруулан 100% битүүмжлэлтэй нүхэн жорлонгийн доторлогоо үйлдвэрлэхийн зэрэгцээ эко бизнес моделиор дамжуулан, хүүхдэд ээлтэй жишиг орчныг бүтээн байгуулах, олон нийтийг хог хаягдлаа ялган ангилах эерэг дадал хэвшилд нэгтгэх зорилготой. 

Аяныг Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл болон Байгаль  орчин, аялал жуулчлалын яам дэмжин хамтран ажиллаж байна. 

Уг аян аж ахуйн нэгж байгууллага болон иргэд, олон нийтэд нээлттэй. Аянд нэгдэхдээ Улаанбаатар хотын иргэд томоохон супермаркетуудад байрлуулсан “Зүби” саванд цуглуулсан гялгар уутаа хандивлана.

ААНБ нь гялгар уутаа тусад нь цуглуулан тээвэрлүүлж аянд нэгдэх боломжтой. Мөн хөдөө орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллахад боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. 

Өдөр тутамд хаягдаж байдаг гялгар уутыг хандивлаж нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болох хүчирхийллийн эсрэг ид шидийг бүтээгээрэй. 

Тус аяны талаарх олон нийтэд мэдээлэх нээлтийн арга хэмжээ 2021 оны наймдугаар сарын 28-нд 11:00-16:00 цагийн хооронд “Автомашингүй өдөр”-өөр УИД-ийн урд талын усан оргилуурын орчимд болно.

Аяны үйл ажиллагаанд ААНБ болон өөрийн гэрээс үүсэх ГЯЛГАР УУТ, ХУВАНЦАР САВ, ЛААЗ, ШИЛний хаягдлаа авч очоод урамшуулалд хамрагдах боломжтой гэж БОАЖЯ-наас мэдээллээ.