Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Мөнхбаяр: Монголчууд энэрэнгүй уужим сэтгэлээ хазара түмэндээ нээх хэрэгтэй

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Афганистан улсад үүсээд буй нөхцөл байдлын улмаас хазара дүрвэгчдийг Монголд хүлээн авахыг уриалж, зарим төрийн бус байгууллага хамтран мэдээлэл хийлээ. 

"Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр "Манай байгууллагаас төрийн өндөрлөгүүдэд хандан хүсэлт өгөх байгаа. Утга нь хазара ахан дүүсээ авчрах тухай шийдвэр гаргуулах тухай юм. Мөн хазара хүмүүсийг Монгол Улсад ирэх, амьдрах, ажиллах, суралцах боломжийг бүрдүүлж өгөхийг хүсэж байна. 

Түүнчлэн хазара монголчуудын эд хөрөнгийг залилсан ноцтой хэргүүдийг анхааралдаа аваасай гэж хүсэж байгаа юм" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Афганистан улсын төрийн эрхийг булаансан Талибан бүлэглэлийн тэргүүлэгчид нь өмнөх алдаагаа давтахгүй гэж мэдэгдэж байгаа ч Кабул хотоос бусад хэсэгт террорист үйл ажиллагаагаа явуулсаар байна. 15-аас дээш настай хазара охид бүсгүйчүүдийн бүртгэлийг хийж, дайчдаа олон эхнэртэй болохыг зөвшөөрсөн байна" гэсэн юм.

Афганистан улсын 32 сая иргэний есөн хувь нь хазара үндэстэн. 

"Хазара түмэн бол Монгол сэтгэл зүрхтэй хүмүүс. Монгол язгуурын соёлоо сонирхон судалж, ижилсдэг. Нийт монголчуудын сэтгэл зүрх нь энэрэнгүй уужим. Энэ энэрэнгүй уужим сэтгэлээ хазара түмэндээ нээх хэрэгтэй гэж бодож байна. Тэд ажилч хичээнгүй, даруу төлөв, манай улсад шаардлагатай ажил мэргэжлийн туршлагатай хүмүүс байдаг" хэмээн "Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр ярилаа.

"Хазара найзууд маань өдөр бүр үхлийн айдастай амьдарч байна гэдэг"

 
Гэрэл зургийг mpa.mn

Иргэн Ш.Билгүүн "Би Иран улсад гурван жилийн хугацаанд суралцаад ирсэн. Энэ хугацаанд хазара хүмүүстэй хамт амьдарч байлаа.

Хазара түмэн бол Исламын шашны шийт урсгалыг шүтдэг. Исламын шашныг бид мэдэхгүй байгаа учраас л аюул гэж хараад байгаа юм. Исламын шийт урсгалтай хүмүүс нь дэг журамтай, үнэнч, тууштай хүмүүс байдаг.

Хазара найзууд маань одоо Кабул хотод их сургуулийн багшаар ажилладаг. Тэдэнтэй холбогдож нөхцөл байдлыг нь асуухад шинэ өдөр бүр үхлийн айдастайгаар амьдарч байна гэдэг" хэмээв.

Афганистан улсын төрийн эрхийг Талибан гэх бүлэглэл хүчээр гартаа авснаар олон зуун иргэд нь эх орноо орхин дүрвэж эхэлсэн. Иймд АНУ, Их Британи зэрэг улс орон Афганистанаас дүрвэгч хүлээн авах төлөвлөгөө гарган танилцуулаад байгаа юм.