Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Кабул дахь элчин сайдын яамны ажилтнуудаа нүүлгэхээр АНУ 3,000 цэргээ Афганистан руу илгээнэ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Афганистаны нөхцөл байдал эрчимтэй доройтож байгаатай холбогдуулан Кабул дахь элчин сайдын яамны ажилтнуудаа АНУ-ын засаг захиргаа нүүлгэхээр бэлдэж эхэлжээ.

Тодруулбал АНУ-ын армийн нэг, тэнгисийн цэргийн хоёр батальон, нийт 3,000 цэрэг ойрын хоёр өдрийн дотор Кабулд очиж, элчин сайдын яамны ажилтнуудыг нүүлгэх ажиллагаанд оролцохоор болсон байна.

Үүнээс гадна Их Британийн засгийн газар Афганистанаас өөрийн иргэдийг татан авах зорилгоор 600 орчим цэргийг мөн илгээхээр болжээ.

Исламын хэт үзэлт Талибан хөдөлгөөнийхөн сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Афганистаны 34 мужийн төвийн 12-ыг нь эзлэн аваад байна. Өчигдөр, уржигдар тэд нийслэл Кабулын дараа хоёр, гуравдугаарт ордог Афганистаны хоёр том хот болох Кандагар, Хератыг эзлэн авчээ.

Удахгүй бас нэг томоохон хот Газнийг эзэлж авах нь тодорхой болоод байна.

Одоогоор нийслэл Кабул хотод шууд аюул тулгараагүй байгаа ч нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл гурван сарын дотор Талибанчууд Афганистаныг бүхэлд нь хяналтдаа оруулж болзошгүйг АНУ-ын тагнуулын албад дүгнэжээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АНУ-ын батлан хамгаалах яам Афганистаны засгийн газрын армийг бэхжүүлэхэд олон тэрбумыг зарцуулсан гэдэг. Нийтдээ Афганистаны дайнд Пентагон $830 тэрбумыг зарцуулсан юм.

Гэтэл Кабулын засгийн газрын цэрэг Талибан хөдөлгөөнийхөнд ээлж дараалан ялагдсаар байгаа нь асуудал үүсгэж байна.

Талибаны дайчид Америк зэвсгээр тоноглож, Америк цэргийн Humvee хуягт машин хөлөглөсөн гэрэл зургууд интернэтээр тараад байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters