Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дүүжин тээвэр болон байгалийн хийн хоолой барих төсөл дээр ажиллах гадаадын 26 иргэнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийн нэгээр "Агаарын дүүжин тээвэр" нэрлэгдсэн.

Тэгвэл тус төслийг хэрэгжүүлэх “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” УТҮГ-т гадаадаас урилгаар ажиллах 12 мэргэжилтнийг хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоолыг Засгийн газраас гаргажээ.

Уг тогтоолд "Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлэх “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” УТҮГ-ын гадаадын 12 ажиллах хүч, мэргэжилтнийг 2021 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй" хэмээсэн байна.

Түүнчлэн тус тогтоолоор ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хүрээнд ажил гүйцэтгэх “Газопровод союз восток” ХХК-ийн гадаадын 14 ажилтныг 2021 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр дурджээ.

Үүний дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг хөдөлмөр эрхлүүлэх, буцаан гаргах ажлыг зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Улсын oнцгой комиссын дарга С.Амарсайханд даалгасан байна.

 

 

Эргэн сануулахад, анх Улаанбаатар хотод Агаарын дүүжин тээврийг нэвтрүүлнэ хэмээн УОК-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулахдаа "2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно" хэмээн хэлж байв.

Дээрх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралд мэдээлж байсан юм.

Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан.

Түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл "Шилэн данс" системд байршсан байдаг билээ.