Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхмандах: Нарны замын дагууд ямар нэгэн шугам, ус зайлуулах хоолой хааж, бөглөсөн зүйл байхгүй

Г.Номин, iKon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нарны зам дагуу хийгдэж байгаа ус зайлуулах шугамын ажилтай холбоотой асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Зам, барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандахаас тодрууллаа. 

- Нарны зам дагуу хашлагыг солих үеэр үерийн ус зайлуулах хоолойг бөглөсөн гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

- Усны барилга байгууламжийн зураг төслийн “Гидро-Фонтан” ХХК-ийн  боловсруулсан “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гармын төслийн хүрээнд хийгдэх авто замын борооны ус зайлуулах шугамын ажилтай холбоотой Нарны замын дагууд борооны ус зайлуулах шугамын ажил хийгдэж байгаа. Энэхүү ажилтай холбоотой ямар нэгэн шугам, ус зайлуулах хоолой хааж, бөглөсөн зүйл байхгүй. 

Ажлын зураг төсөл 2019 онд боловсруулагдсан бөгөөд зураг төсөл боловсруулахдаа батлагдсан зургийн даалгаврын дагуу усны зүйн тооцоо, холбогдох норм, стандартад нийцүүлэн төлөвлөгдөж, улмаар шугам сүлжээний /Ус суваг, Цахилгаан түгээх, Мэдээлэл холбоо, Дулаан сүлжээ/, ашиглагч байгууллага болох Геодези, Усны барилга байгууламжийн газар, Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй компани гэх мэт бүх шатны байгууллагуудтай зөвшилцөж, улсын экспертизээр хянагдсаны үндсэн дээр Барилга, Хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийгдэж баталгаажуулсан. 

Дээрх батлагдсан зураг төслийн дагуу борооны ус зайлуулах шугамын ажил хийгдэж байгаа бөгөөд төслийн ажилтай холбоотой Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц, Соёолжийн нүхэн гарцын хооронд 1 км уртад Нарны зам шинэчлэгдэнэ. Шинэчлэлтийн ажлын хүрээнд одоо байгаа асфальт бетон хучилт дээр нэмж хүчитгэн гурван үе асфальт бетон хучилтын ажил хийгдэх юм. Авто замд хучилт хийхтэй зэрэгцэн авто замын хашлага, явган хүний замыг тухайн түвшинтэй уялдуулан өндөрлөх шаардлагатай болдог. 

Ингэхдээ Нарны замын хойд талаар одоо байгаа борооны усны шугамыг өөрчлөхгүйгээр авто замын өндөржилттэй уялдуулан борооны усны лоткийн 20 метр тутамд хүзүүвч гаргах, ус хуримтлуулах худгийн ажил хийгдсэн. 

Замын цагдаагийн гүүрэн гарцын төсөлтэй холбоотойгоор тухайн орчмын авто замын борооны усыг гурван хэсэгт хуваан зайлуулахаар болсон. Тодруулбал, 

  • Гүүрэн гарцын хойд хэсэг Олимпын гудамжны туслах авто зам, гүүрний байгууламжийн усыг ус зайлуулах шугамуудаар хүлээн авч ус зайлуулах насос станцаар одоо байгаа сүлжээнд шахна. /Хуучин Шунхлай шатахуун түгээх станц байсан байршил орчим/
  • Гүүрэн гарцын зүүн талын хэсэг Нарны зам дагуух борооны усыг "Соёолж" төвийн зам талбайн борооны ус зайлуулах шугамтай холбоно. 
  • Гүүрэн гарцын баруун талын хэсэг Нарны зам дагуух борооны усыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талд шинээр хийсэн насос станцаар шахаж зайлуулна. 

Мөн сүүлийн жилүүдэд Нарны замын урд талаар барилга баригдсантай холбоотой урд талын авто зам дээр их хэмжээгээр ус тогтож, зам эвдрэх нөхцөл үүсэж байсан бөгөөд энэхүү төслийн хүрээнд Нарны замын урд талд шинээр борооны ус зайлуулах шугам хийгдсэн

- Энэ төслийн ажил хэзээ дуусах вэ?

- Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор тавдугаар сарын 10-наас үндсэн барилгын ажил эхэлсэн. Үүнээс өмнө хөл хорионы үеэр хязгаарлалтын үеийг ашиглаад Нарны замыг хөндлөн сэтэлж, борооны усны шугам  хоолой угсрах ажлыг хийсэн.

Одоо ажил эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд наймдугаар сарын 30-н гэхэд борооны ус зайлуулах шугам, Олимпын гудамжны хоёр талын туслах авто зам, С рампын гүүрний ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.