Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг холбогдох албан тушаалтнууд хийв. Мэдээллийн үеэр коронавирусийн эсрэг вакцины асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Хөл хорио энэ сарын 23-нд дуусна. Вакцинжуулалтыг 23-наас эхлүүлэх төлөвлөгөө гарсан. Одоогийн байдлаар ДЭМБ-гаас “Pfizer”-ийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа. AstraZeneca вакцин энэ долоо хоногт бүх шатны туршилт, шинжилгээгээ даваад зөвшөөрөл нь олгогдоно.
Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийгээд, эхнээсээ тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөөд явж байна.
Эхний ээлжинд AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ.
Хадгалалт тээвэрлэлтийн тал дээр ХӨСҮТ-д үндэсний агуулах байдаг. Тэнд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүгдийг нь бэлдэж, бэлэн байдлыг хангасан.
Pfizer-ийн вакциныг -70 градуст хадгалах ёстой. Бид агуулах, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулсан. Вакцины тээвэрлэлт, хадгалалт дээр асуудалгүй, бэлэн байгаа гэж ойлгож болно.
2020 оны долоодугаар сараас хойш COVAX хөтөлбөрийн хүрээнд манай улс хамрагдаад явж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг, үлдсэн 40 хувийг манай улс өөрийн төсөв, худалдан авалтаар шийднэ.
Нийт хүн амын 60 хувийг вакцинд хамруулна. Яагаад 60 хувь гэж байгаа вэ гэхээр 0-18 насны 1.2 сая орчим, 18-аас дээш насны хоёр сая хүн байгаа. Зарим вакцин 16-аас дээш насны, дийлэнх вакцин 18-аас дээш насны хүнд хийх зөвлөмжтэй байгаа учраас нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим хүнийг вакцинжуулахаар төлөвлөсөн.
Вакцины зардал, төсөв шийдэгдсэн. Одоо худалдан авалт, тээвэрлэлтийн асуудал яригдаж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!