Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

AstraZeneca компанийн бүтээсэн вакцины дархлаажуулах чадварт итгэлтэй байгаагаа ДЭМБ мэдэгдэв

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Британи-Шведийн AstraZeneca компанийн Оксфордын их сургуультай хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины дархлаа тогтоох чадварт итгэлтэй байгаагаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгджээ.

Өнгөрсөн Ням гарагт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ) энэхүү вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад ашиглахыг хойшлуулах шийдвэр гаргасан юм. Тус улс харьцангуй жижиг хүрээнд вакциныг туршиж үзээд коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбараас хамгаалах чадвар сул гэсэн дүгнэлт гаргасан юм.

B.1.351 нэрээр бүртгэгдсэн коронавирусийн шинэ хувилбар ӨАБНУ-д тархаад байгаа.

ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ӨАБНУ-д хийсэн туршилт нь харьцангуй цөөн хүнийг хамарсан, голдуу залуусыг оролцуулсан тул вакцины нөлөөг бүрэн үнэлэх боломжгүй гэнэ.

Уг туршилтад 2,000 орчим хүн оролцсоны голч нас нь 31 байжээ. Covid-19 нь залуу хүмүүст хөнгөн тусдаг.

“Олон удаагийн туршилтын үр дүнгээс AstraZeneca-гийн вакцин Covid-19 өвчний хүндрэлээс хамгаалдаг, эндэгдэл, эмнэлэгт хэвтэх тоог бууруулдаг нь нэгэнт харагдсан” гэж ДЭМБ-ын дархлаажуулалтын хөтөлбөрийн захирал Катерин О Брайан өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Өртөг хямд, их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой, хадгалах тээвэрлэх шаардлага өндөр биш тул AstraZeneca компанийн вакцин нь дэлхий нийтийн цар тахалтай хийх тэмцэлд чухал үүрэгтэй гэж тэр үзэж байна.

Тиймээс энэ долоо хоногийн сүүлээр ДЭМБ уг вакцинд зөвшөөрөл олгох төлөвлөгөөтэй байгааг О Брайан мэдэгджээ.

AstraZeneca компанийн вакцинд зөвшөөрөл олгосны дараа ДЭМБ-ын дэмжлэгтэй Covax хөтөлбөр эхний ээлжийн 340 сая тун вакцинаа дэлхийн ядуу буурай орнуудад түгээж эхлэх юм байна.

 

Эх сурвалж: The Wall Street Journal