АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer болон Техасын их сургуулийн эрдэмтдийн явуулсан лабораторийн судалгаагаар Pfizer/BioNTech компаниудын хамтран бүтээсэн вакцин нь Их Британи, Өмнөд Африкт тараад байгаа коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбараас хамгаалдаг болохыг тогтоожээ.
Энэхүү шинэ хувилбар нь вирусийн эх хувилбартай харьцуулахад халдварлах чадвар өндөртэй гэгдэж байгаа юм.
Шинэ судалгааны үр дүнгийн талаар хөндлөнгийн эрдэмтэн судлаачдын дүгнэлт хараахан гараагүй байна.
Pfizer компанийн вакцины топ мэргэжилтэн Фил Дормицерын мэдэгдсэнээр тус компанийн вакцин шинэ хувилбараас амжилттай хамгаалж чаддаг нь харагдсан гэнэ. Өмнө нь тус компани коронавирусийн өөр 15 хувилбар дээр вакцинаа туршихад мөн сайн үр дүн гарч байжээ.
“Бид нийтдээ 16 хувилбар дээр вакцинаа туршсанаас бүгд үр дүнтэй нь харагдлаа. Энэ бол маш сайн мэдээ. Эндээс харвал 17 дахь хувилбарт үйлчлэхгүй гэх баталгаа алга” гэж Дормицер хэлсэн байна. Өмнөд Африкт E484K нэртэй бас нэг шинэ хувилбар илэрсэн тухай мэдээлэл авснаа тэр энэ үеэр хэлсэн юм.
Pfizer/BioNTech болон Moderna компаниудын бүтээсэн вакцинууд сүүлийн үеийн messenger RNA технологийг ашигладаг. Ийм технологитой вакциныг вирусийн шинэ хувилбаруудад зориулан өөрчлөхөд зургаан долоо хоногийн хугацаа шаардагдана гэж бүтээгчид нь мэдэгдэж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!