Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхий дээрх Марс" олон улсын цахим хурлыг шинэ оны эхний өдөр МҮОНТ-ээр шууд дамжуулна

ikon.mn
2020 оны 12 сарын 25
iKon.MN
 

Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвөөс /МАРСА/ зохион байгуулж буй "Mars on Earth" буюу "Дэлхий дээрх Марс" олон улсын хурал өнгөрсөн 11 дүгээр сард Төрийн ордонд зохион байгуулагдах байсан ч улс оронд үүссэн онцгой нөхцөл байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ хамтран зохион байгуулж буй тус хурлыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дэлхий даяар цахимаар зохион байгуулахаар болжээ.

Шинэ оны эхний өдөр эхлэх "Дэлхий дээрх Марс" олон улсын цахим хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нд 18:50 цагаас МҮОНТ /MNB суваг/-аар дамжуулан хүргэх юм байна.

Уг хурал нь сансрын судалгаа, тэр дундаа Ангараг гарагийн судалгааны чиглэлээр дэлхий дахинд хандаж буй Монголын томоохон санаачилга болж буйгаараа онцлогтой. Хуралд сансар, Ангараг гарагийн судалгаа шинжилгээгээр дэлхий дахинаа алдаршсан нөлөө бүхий эрдэмтэд болон Дэлхийгээс Ангараг гараг дээр хөл тавихаар сонгогдсон анхны сансрын нисэгчид цахимаар илтгэл тавих юм байна.

Ангараг гараг нь шинжлэх ухааны аргаар дэлхийн хүмүүсийг шилжүүлэн суурьшуулах боломжтой хамгийн ойрхон хөрст гараг хэмээгддэг. Тус гарагийг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн холбоос нь Монголын говь байх боломжийн талаар олон улсын эрдэмтдийн дунд хэлэлцүүлж, ойлголтоо нэгтгэхэд "Mars on Earth" хурлын гол зорилго оршино.

 

Хурал үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Марс гарагийг хүн төрөлхтөнд эзэмшүүлэхийг зорьж буй "Марс нийгэмлэг"-ийн үүсгэн байгуулагч Роберт Зубрин, Европын Сансрын төв бол Бельгийн Сансрын нийгэмлэгийг үүсэн байгуулагч Пийр Эммануэль Паулис, Японы болон Арабын Нэгдсэн Эмират Улсын "Марс" хөтөлбөрийн удирдагч Хироэки Акияама, МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Р.Цолмон тэргүүтэй илтгэгчид оролцож "Марс гарагийг эзэмших хүн төрөлхтний алсын хараа" сэдвээр ярилцана.

Хоёрдугаар хэсэгт АНУ-аас Марс дээр хөл тавих анхны хүнээр сонгогдсон Алисса Карсон, Европын холбоо, Франц улсаас Ангараг руу нисгэхээр бэлтгэгдэж буй Камилиа Форнер, Итали улсаас Ангараг руу нисэхээр бэлтгэгдэж буй Линда Раймонд нар оролцож өөрсдийн туршлага, "Марсын үеийнхэн" сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлнэ.

Хурлын гуравдугаар хэсэгт Америкийн худалдааны танхимын Сансрын зөвлөх Гиллет Гавин, Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Норвегийн сансрын байгууллагын үүсгэн байгуулагч Жанике Микелсен тэргүүтэй хүмүүс Сансрын технологи ба цахим шилжилт сэдвийн хүрээн ярилцана.   

Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв Монголын говьд сансрын тусгай аялал жуулчлалын төв, сансар судлалын чөлөөт бүс байгуулахаар зорьж MARS-v төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Бидэнд байгаа боломжийг олон улсын Марсын судалгааны салбарын эрдэмтэд хэрхэн дүгнэх бол?

Энэхүү асуултын хариултыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр МҮОНТ-ээр шууд дамжуулах цахим хурлаас авах боломжтой.