Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

econtent.edu.mn сайтад цэцэрлэг болон ЕБС-ийн сурагчдад зориулан интерактив байдлаар бэлтгэсэн 26 хичээл нэмэгджээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: БШУЯ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Урт амралтын энэ хугацаанд хүүхдүүд хичээлээ марталгүй, сонирхолтой аргаар давтах нь хамгаас чухал.

Тиймээс сурагчид econtent.edu.mn сайтад байршуулсан интерактив жишиг контентоос сонгон хийж, хичээлээ бататгах боломжтой юм. Тухайлбал, 4 дүгээр ангийн Хүн ба байгаль хичээлийн "Гэрэл сүүдэр", 7 дугаар ангийн Эрүүл мэндийн хичээлд “Өөртөө итгэлтэй байдал” болон “Бэлгийн ариун цэвэр”-ийн талаар мөн Нийгмийн хичээлд “Өрхийн төсөв”-ийн талаарх мэдлэгийг багтаасан хичээл зэрэг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан 26 хичээл econtent.edu.mn сайтад шинээр байршлаа.

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, БШУЯ-ны захиалга, “Ковид-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээх юм.

Энэ хүрээнд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байна.

 
Эх сурвалж: БШУЯ

Интерактив хичээлүүдийг монгол хэлнээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттойгоор шат дараатайгаар бэлтгэн хүргэх юм. Монгол хэл дээрх интерактив 26 хичээл нэмэгдсэнээр econtent.edu.mn-д одоо байгаа нийт 52 интерактив хичээлээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй.

Ташрамд дуулгахад, хүүхэд өөрийн харгалзах ангийн хичээлээс бусад ангийн хичээлийг ч мөн хийх боломжтой бөгөөд та хүүхдээ бие даалган эсвэл хамтдаа хийж болох юм. Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.

ШИНЭЭР НЭМЭГДСЭН 26 ЖИШИГ ХИЧЭЭЛ:

  • СӨБ, Бага бүлгийн Хөдөлгөөн, эрүүл мэнд хичээл: Цаасан бөмбөг
  • СӨБ, Бэлтгэл бүлгийн Хэл ярианы хичээл: Энэ хэнийх вэ?
  • СӨБ, Бэлтгэл бүлгийн Дүрслэх урлаг хичээл: Баримлаар тоглоё
  • 1-р ангийн ТХБ-ын Математикийн хичээл: Хэлбэр хэмжээний талаар ойлголттой болох
  • 2-р ангийн ТХБ-ын Математикийн хичээл: 10 хүртэлх тоог, унших, тоолох, жишиг
  • 3-р ангийн ТХБ-ын Монгол хэлний хичээл: Үгийн утгыг ялгаж суръя
  • 3-р ангийн ТХБ-ын Математикийн хичээл: Үе ялгаж унших
  • 4-р ангийн ТХБ-ын Нийгэм ахуйн баримжаан хичээл: Дүрэм журам
  • 5-р ангийн ТХБ-ын Нийгэм ахуйн баримжаан хичээл: Өдрийн дэглэм, хичээлийн хуваарь
  • 2-р ангийн Хөгжмийн хичээл: Ноотоор дуулцгаая¬
  • 2-р ангийн Биеийн тамирын хичээл: Жагсаалын дасгал болон өглөөний дасгал
  • 3-р ангийн Хөгжмийн хичээл: Хамтдаа хөгжимдье
  • 3-р ангийн Биеийн тамирын хичээл: Үсрэх, харайх чадвараа сайжруулах
  • 4-р ангийн Хүн ба байгаль хичээл: Гэрэл сүүдэр
  • 4-р ангийн Биеийн тамирын хичээл: Акробатикийн дасгалууд
  • 5-р ангийн Биеийн тамирын хичээл: Волейболын бөмбөг шидэх, дамжуулах
  • 6-р ангийн Англи хэлний хичээл: What's cooking?
  • 6-р ангийн Түүхийн хичээл: Түүхэн эх сурвалж
  • 7-р ангийн Эрүүл мэндийн хичээл: Бэлгийн ариун цэвэр
  • 7-р ангийн Эрүүл мэндийн хичээл: Өөртөө итгэлтэйгээр харилцах
  • 7-р ангийн Нийгэм судлалын хичээл: Гэр бүлийн эдийн засаг ба өрхийн төсөв
  • 8-р ангийн Дүрслэх урлагийн хичээл: Натюрморт
  • 8-р ангийн Мэдээллийн технологийн хичээл: Мэдээллийг хүснэгтлэх амархан уу?
  • 10-р ангийн Англи хэлний хичээл: Climate and environment
  • 10-р ангийн Мэдээллийн технологийн хичээл: Мэдээллийн сан, өгөгдлийн сан
     

Эх сурвалж: БШУЯ