Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгч, УЕП, АТГ-ын даргыг чөлөөлдөг хуулийг өөрчлөхийг дэмжив

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. 

Уг хуулийн төсөлд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийн огцруулах, УЕП, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасан байна. 

Хууль санаачлагчдын зүгээс уг өөрчлөлтийг оруулснаар шүүгч, шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас хараат бусаар шударга ажиллах, хариуцлагын тэнцвэрт байдлыг хадгалах эрх зүйн орчин бүрдүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцсэн шүүхийн багц хуулийн 2020 онд багтаан хэлэлцэн батлах үндсэн суурь тавигдана гэж үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэлэв. Тэрбээр “ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгч, хуулийн байгууллагын дарга нарыг чөлөөлдөг хуулийг хүчингүй болгох тухай асуудлыг энэ хуулийн төсөлд тусгасан байна. Тэгвэл энэ нь МАН-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хариуцлага тооцох ажлын эхлэл үү. Эсвэл МАН-ын бүлгийн 65 гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэдгээ Монголын ард түмэнд зарлаж байгаа юм уу. Би үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төр гэж харж байна” гэв. 

Ийнхүү байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

ВИДЕО ҮЗЭХ: