Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оюунбилэг: Монголын хувцас загвар дэлхийн хөгжлөөс хоцроогүй

Монголын мэдээ
2013 оны 12 сарын 7
Монголын мэдээ
Дизайнер М.Оюунбилэг

Хэдхэн хоногийн өмнө шилдгүүдээ шалгаруулсан “Гоёл-2014” наадмын шуугиан тасраагүй байна. Шинэхэн топ модель болон Гран при шагналтны талаархи яриа хаа саагүй өрнөсөөр. 

Тиймээс ч энэ удаагийн “Чухал хүн” буландаа “Гоёл-2014” наадмын Гран при шагналт, “Аяс кашмер” компанийн захирал, ерөнхий дизайнер М.Оюунбилэгийг урьж ярилцлаа. Бид өдөр 12.00 цагт түүний дэлгүүр дээр уулзахаар товлосон юм. Товлосон цагтаа очвол үйлчлүүлэгч нартаа зөвлөгөө өгч, захиалгаа аваад тун  завгүй байв. 

Арга ч үгүй биз дээ, албан байгууллагуудын шинэ жилийн баяр хэдийнэ эхэлчихсэн байгаа үед бүсгүйчүүд маань гоёлоо сонгох ажилтай. 

Харин үүнд нь дизайнер М.Оюунбилэг болон түүний хамт олон тусалдаг ажээ. Түүний урласан ноолууран хувцас, даашинз хилийн чандад  хүрч, монгол брэндийн тав тухыг харийнханд мэдрүүлж байгаа гэнэ. 

-Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс “Гоёл 2014” наадмын Гран при шагнал хүртсэнд баяр хүргэе. “Гоёл” наадмаас хоёр дахь удаагаа Гран при шагнал хүртлээ. Баярын сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцах­гүй юу?

-Баярлалаа. “Монголын ди­зайнеруудын холбоо”-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Гоёл-2014” наадам 25 дахь удаагаа маш амжилттай зохион байгуулагдлаа. Энэ онд “Гоёл” наадмын 25 жилийн  ой тохиосон учраас эртнээс төлөвлөж, бэлдэж байгаад таван коллекциор оролцлоо. 

Манайх ноос, ноолууран бүтээгдэхүүнээр урласан коллекциор жил бүр ор­олц­дог. Харин энэ жилийн наа­дамд залууст зориулсан  100 хувь тэмээний ноосон бүтээгдэхүүнээр хийсэн нэг коллекциор оролцсон нь онцлог байлаа. Бусад дөрвөн коллекцийг  нь 100 хувь ноолууран бүтээгдэхүүнээр ур­ласан. Энэ удаагийн наадамд зориулж “Манан” гэж гоёлын даашинзны коллекц хийсэн. Мөн залууст зориулсан 100 хувь тэмээний ноосон “Илэрхийлэл”  коллекцийг маань үнэлж, Гран при шагналыг олгосон гэж бодож байгаа.  

“Гоёл” наадам 25 жилийн турш ард түмний нүд, сэтгэл, оюуныг баясгаж ирсэн.  Тиймээс ч монголчуудын   хүсэн хүлээдэг сайхан наадам болжээ. “Мода монголоор дуусдаг” гэж ярьдаг байсан цаг үеэ өнгөрөөсөн нь нүднээ илэрхий. Миний хувьд “Гоёл” наадамд найм дахь жилдээ оролцсон. 

Өөрийгөө Гран при  авна гэж төсөөлөөгүй.  Мэдээж  өрсөлдөж байгаа юм чинь  ямар нэг шагнал авах болов уу гэсэн бяцхан горьдлого байсан.  Энэхүү нэр хүндтэй тэмцээний “Шилдэг дизайнер” тэр дундаа Гран при шагналын эзэн болсондоо маш их баяртай байгаа. Шинэ жил дөхчихсөн болохоор ажил ихтэй байна. Захиалгууд ар, араасаа орж ирээд та нарыг удаан хүлээлгэчихлээ. 
 
-“Гоёл” наадмын туршлага­тай оролц­огч. Энэ жилийн хувьд өм­нөх наадмуудаас юу­гаараа онц­логтой болсон гэж бодож байна вэ?

-Анх оролцож байхад  ямар ч туршлага байгаагүй. Зөвхөн тэмцээнд оролцоно гэсэн зорилго тавьж,  дэврүүн хүсэлдээ хөтлөгдөөд л оролцож байлаа. Алдаанаасаа их зүйлийг суралцсан.  Жилээс жилд тэмцээн уралдаанд оролцох тусам туршлага хуримтлуулж,  арай өөр төвшинд хүрдэг юм байна. 

Ер нь тухайн жилийн  “Гоёл” наадам өөр өөрийн  гэсэн  өнгө төрхтэй болдог. Энэ жилийн хувьд олон улсын  жишгээр “Загварын  долоо хоног” гэсэн хүрээнд зохион байгуулагдсан нь   тухайн дизайнер болон байгууллагыг бусдад  таниулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байгаа. 

Энэ нь  дизайнерууд бидэнд илүү их боломжийг олгосон. Мөн оролцогчид их залуужсан байна. Шинээр төрөн гарч байгаа залуусын бүтээлийг харахад сэтгэлгээний хувьд чөлөөтэй, чансаатай болсон нь ажиглагдаж байлаа. Залуу үе хүч түрсэн тийм сайхан наадам болж өнгөрлөө гэж дүгнэж байна. Үүнээс гадна энэ удаагийн наадамд нийтдээ 25 байгууллагын 30 орчим дизайнер оролцсон нь илүү өрсөлдөөнтэй болгосон. 

-Загварынхаа санааг хэрхэн олдог вэ. Таны бүтээлүүд бус­даас юугаараа ялгарсан бол?

-Бүх дизайнерууд өөрийн гэсэн онцлогтой загваруудаар оролцдог. Миний хувьд 100 хувь  ноолуур мөн сүлжмэл бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Сүлжмэл  бүтээгдэхүүн нь хүний биед суулт сайтай. Мөн өнгөний хослол нь хүмүүст илүү хүрсэн болов уу гэж бодож байна. 

Харин загварын санааны хувьд янз бүр. Зарим коллекцийг хийх гэж бүтэн жилийн хугацаа зарцуулсан байхад зарим нь богино хугацаанд бүтсэн байх жишээтэй. Жишээ нь, би гоёлын даашинзны загварыг хэдэн сар, жилээр бодоод байдаггүй. Тухайн үеийнхээ сэтгэл хөдлөл, эмоциороо л бүтээлүүдээ урладаг.

-Таны бүтээлүүдийг харж байхад  үндэсний хувцасны загварыг байгалийн өнгөтэй хослуулсан нь өвөрмөц, шинэлэг болсон юм шиг санагдсан. Бүтээлээс тань эмэгтэйлэг шинж  чанар мэдрэгдэж байсан?

-Хувцас загварын түүх гээд яривал ерөнхийдөө үндэсний хувцсаа нийтээрээ хэрэглэж ирсэн түүхтэй улс орон бол манайх. Нөхцөл шаардлага нь байгаагүй болохоор европ хувцасны хэрэглээ хожим дэлгэрсэн шүү дээ. Үндэсний хувцас өөрөө маш баялаг элементүүдтэй. 

Би бүтээлүүдээ үндэсний хувцасны элемент,  хээ, товч шилбэнээс нь авахуулаад аль болох баялаг болгохыг зорьдог.  Ноолуурын өөрийн натурал өнгийг суурь өнгө болгосон  нь илүү амьд. Тиймээс ч өнгөний тусалт нь аятайхан болсон юм шиг санагдсан. Би үндэснийхээ хувцсыг  түлхүү хүмүүст сурталчлан, таниулах сонирхолтой.

Яагаад гэхээр ноолууран бүтээгдэхүүнтэй зохицох зохицол арай илүү юм шиг санагддаг. Мөн гоёлын даашинз урлах дуртай. Ер нь ноолуураар гоёлын даашинз урлахад маш тохиромжтой. Эргээд харахад “Гоёл” наадамд ч гэсэн ихэвчлэн гоёлын даашинзаар оролцсон байдаг юм. 

-Та өөрийн дотоод ертөнц, үзэл бодлоо хувцас загвартаа хэрхэн тусгадаг вэ?

-Дотоод ертөнц маш чухал.   Ер  нь өөрийн дотоод ертөнцтэйгөө харилцаж байж л  шинэ санаагаа гаргадаг. Боломжтой боломжгүй гэхгүй чөлөөтэй ертөнц.   Өөрийн дотоод ертөнцөөсөө загварын санаанууд гаргаж,  түүнийгээ бүтээл болгож байгаа минь надад илүү сайхан санагддаг.

-Цаг үеэ мэдэрч бүтээл гаргана гэдэг  нарийн ур ухаан шаардсан ажил. Та ямар үед бүтээлүүдээ хийх санаа төрж, бүтээлээ урладаг вэ?

-Цаг үеэ мэдрэх нь чухал байлгүй яах вэ. Бидний хувьд ирж буй улирал , баяр ёслол тухайн цаг үеийн өнгө зэргийг мэдэрч  аль болох урьдчилж загвараа хийхийг хичээдэг. Энэ цаг үед хүмүүс ямар өнгө, загварын хувцас сонирхож байгааг илүү соргогоор тусгах шаардлагатай байдаг. Түүнээс ямар ч мэдрэмжгүй загварууд гаргачих юм бол хэн ч тоож харахгүй шүү дээ. /инээв/  Загвар зохиох гэдэг бол бас л уран бүтээл хийдэгтэй адилхан.

Тиймээс ч би өөрийгөө урлагийн хүн гэж боддог. Өнгө бүрийг сэтгэл, гар, ур ухаанаараа амьдруулдаг хүнийг дизайнер гэх болов уу гэж боддог. Мэдээж уур уцаартай сэтгэл тавгүй үед ямар ч бүтээл хийж чадахгүй.  Тэгэхээр сэтгэл санаа маань тайван байх үед шилдэг санаанууд орж ирдэг. Мөн ажилдаа  чин сэтгэлээсээ дурлаж байж л сайхан бүтээл хийнэ шүү дээ. Сэтгэлээсээ хандсан бүхэн сайхан болдог. 

Тиймээс ч ажлын шаардлагаар өдөр бүхэн л шинийг хайж, шинэ зүйл хийх хэрэгтэй болдог. Жишээ нь, хэдхэн хоногийн дараа шинэ он гарах гэж байна. Тэгэхээр энэ жил миний хувьд цайвар ууссан өнгөтэй,  цэцгэн хээ, хуар, акссесуартай даашинзыг бүсгүйчүүддээ санал болгож байгаа. Ер нь манай бүсгүйчүүд ихэвчлэн хар, улаан зэрэг үндсэн өнгийн даашинз сонгодог. Дизайнерын хувьд энэ жил арай эсрэг даашинзыг санал болгох байна. 

-Хувцас загварын ертөнцөд хэрхэн хөл тавьсан тухайгаа сонирхуулаач. Тэр тусмаа яагаад ноос, ноолууран бүтээгдэхүүнээр хувцас урлах болов?

-Би  1997 онд “Сэтгэмж” дизайны дээд сургуулийг төгссөн. Монголд бэлтгэгдсэн анхны дизайнеруудын нэг нь би. Учир нь тухайн үед хувцас загвар, дизайны талаархи мэдлэг, мэдээлэл маш хомс байсан шүү дээ. Намайг оюутан байхад анх энэ чиглэлээр элсэлт авч байлаа. 

Миний хувьд багаасаа оёж, хатгах дуртай хүүхэд байсан. Тиймээс ч сонирхолдоо хөтлөгдөж  энэ мэргэжлийг сонгосон доо. Ер нь манай сургуулиас маш сайн дизайнерууд төрөн гарсан.Чадвартай сайн багш нар хичээл зааж байсан. Энэ сургуулийнхаа ачаар ийм сайхан мэргэжил эзэмшиж, өдий зэрэгтэй явж байгаадаа баярлаж явдаг. 

-Ажлынхаа гарааг “Говь” компаниас эхэлсэн гэж сонссон?

-Тийм. 1997 онд сургуулиа төгсөөд тэр жилдээ “Говь” компанид ажилд орсон юм. Ингэж л анх ноолуур гэж чухам юу байдгийг гараараа мэдэрснээс хойш 10 гаруй жил энэ салбарт ажилласан байна. Ер нь “Говь” компаниас гараагаа эхэлсэн хүмүүс маш сайн явдаг. Тиймээс ч маш ээлтэй, эерэг сайхан компани гэж бодож явдаг юм.

-“Аяс кашмер” компанийг хэзээ байгуулсан бэ. Таны санаачилсан брэнд гэж ойлгож болох уу?

-“Аяс кашмер”-ийн хувьд 2008 онд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж явдаг. Гэхдээ 2005 оноос гэртээ ганц машинтай ажлынхаа хажуугаар хүмүүсийн захиалгыг хийдэг байлаа. Яг энэ брэндийнхээ араас ажиллаад таван жил болж байна. Миний санаачилсан брэнд гэж ойлгож болно.

Өнгө, загвар гээд бүхий л зүйлийг нь би өөрөө бодож, сэтгэж хийдэг. Хэдийгээр би “Аяс кашмер” компанийн захирал гэж явдаг боловч ерөнхий дизайнер гэж дуудуулах дуртай. Миний эзэмшсэн мэргэжил учраас захирал гэхээсээ илүү дизайнер гэж дуудуулах дуртай байдаг юм. Тэгээд ч манай компани тийм нүсэр том бүтэцтэй байгууллага биш. Одоогийн байдлаар дөрвөн салбар, 13 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа. 

Ер нь цомхон, бүтээмжтэй байдлаар ажиллахыг эрмэлздэг. Одоо зөвхөн үйлчлүүлэгчдэд зориулсан дэлгүүр нээхээр ажиллаж байгаа. Дизайнер хүний хувьд бүтээгдэхүүнээ чанартай, цөөхөн хувиар зах зээлд нийлүүлэхийг эрмэлздэг. Гэхдээ цөөн боловч хүнийг ажлын байраар хангаад, цалинжуулж, мэргэшүүлээд, амьдрал ахуйг нь дэмжээд явж байгаа болохоор хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байдаг юм. Өнөөдөр Монголд ноос, ноолуураар оёмол болон сүлжмэл бүтээгдэхүүн хийдэг зөндөө үйлдвэр байгаа. Мэдээж өрсөлдөж байж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд таниулж, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсноор зах зээлд орон зайгаа эзэлнэ. 

Тиймээс ч би өдөр бүр шинийг эрэлхийлж, цаг тутам судалгаа хийдэг гэж болно. Учир нь нэг захиалгын дагуу хувцас хийлээ гэхэд ганцхан тэр хүнд л зориулна. Баяр ёслол, нас насных нь онцлогт зориулж коллекц хийдэг учраас тэр бүхэнд судалгаа хийгдэж байдаг юм. Ер нь миний нэг өдөр маш завгүй өнгөрдөг. 

Ихэнх цаг маань үйлдвэр дээр өнгөрдөг. Манай брэнд бусдаас юугаараа ялгарч, онцгойрч чаддаг вэ гэхээр хамгийн нэгдүгээрт чанар. Ноолуур өөрөө үнэтэй хэрэглээ учраас маш чанартай байх ёстой. Хоёрдугаарт загвар, өнгө, хийц. “Аяс кашмер”-ийн хувьд загварын шинэчлэл хурдан хийгддэгээрээ онцлогтой. Загвараа байнга шинэчилж, шинийг эрэлхийлж байхгүй бол хэрэглэгчид чинь уйдамтгай шүү дээ. 

Өөрөөр хэлбэл, арай хурдтай ажилладаг гэх үү дээ. Мөн өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ эзэн нь болохыг хичээдэг. Цэвэрлэгээ, үйлчилгээ гээд бүхий л зүйлээ хариуцдаг. Одоогийн байдлаар манайх оймс, бээлийнээс бусад хүний хэрэгцээт хувцсыг бүгдийг нь хийж байна. 

-Нэг үеэ бодвол Засгийн газар, салбарын яамнаас жи­жиг дунд үйлдвэрлэл, тэр тусмаа ноос ноолуурын сал­барт маш их анхаарал хандуулж байна. Ер нь монголд үйлдвэрлэл эрхэлж, бизнес явуулахад хэр таатай орчин бүрдсэн гэж боддог вэ. Учир нь та хувцас урлахаас гадна бизнес эрхэлдэг хүн шүү дээ?

-Яах вэ, нэг үеэ бодвол манай салбарыг дэмжиж байна. Тэр нь ч бидэнд мэдрэгдэж байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хангалттай зээл олгож байна. Гэхдээ тэр олгосон зээлийг үйлдвэрлэгчид маань өөрсдөө үр ашигтай зүйлд зарцуулах хэрэгтэй. 

Үүнээс гадна яг энэ салбарт ажиллаж, бизнес эрхэлж байгаа хүний хувьд нэг зүйлд эмзэглэж явдаг юм. Энэ нь юу вэ гэхээр хятадаас ноолууран оёмол болон сүлжмэл бүтээгдэхүүн утас, түүхий эд орж байна шүү дээ. Бид мал аж ахуйн орон. Тэгсэн хэрнээ яагаад хятад утсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хятад ноолуур өмсөх ёстой юм бэ. Зах дээр зарагддаг хятадын ноолууран хувцас маш хямдхан үнэтэй. 

Аргагүй шүү дээ, чанаргүй юм чинь. Гэтэл иргэд үнэхээр жинхэнэ ноолуураа ялгаж, таньдаггүй юм уу эсвэл хямд үнэд нь болдог юм уу худалдаж авдаг. Эцсийн дүндээ өөрсдийгөө хуурч байгаа хэрэг шүү дээ. Хятадууд ноос, ноолуурын салбарт өрсөлдөх ёсгүй. 

Бид дотооддоо түүхий ноосоо боловсруулаад, үйлдвэрлэл явуулаад, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго хадаад экспортод гаргая. Ингэх чадал, чадвар бидэнд бий. Гагцхүү үүнийг төрийн бодлогоор дэмжих ёстой. 

Хятадаас ноос, ноолууран бүтээгдэхүүн импорт­лохыг хориглох ёстой гэж боддог. Тэгж байж дотоодын үйлдвэрлэл сэргэнэ. Бидний хувьд иргэдийнхээ худалдан авах чадварт нийцүүлсэн үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Учиргүй амьдралаас тасархай үнэ хэлдэггүй. 

-Тэгвэл “Аяс” брэндийг экс­портод гаргадаг уу?

-Тодорхой хэмжээнд гадаад зах зээлд нийлүүлж байна. Япон, Солонгос руу бага хэмжээгээр ч болов экспортод гаргаж байгаа. Хүмүүс бэлгэнд өгөхөөр худалдаж авч байна. Энэ мэтчилэн тодорхой хэмжээгээр гадаад зах зээлд брэндээ таниулах гээд хөдөлмөрлөж, хичээгээд явж байна. 

Ер нь ноолуур бол уул уурхайн дараа орох стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс ч түүхийгээр нь гаргаад байх биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. Тиймээс ч бодлогын төвшинд энэ асуудлыг анхаарах ёстой болов уу. 

-Ноолуур бол тансаг хэрэглээ. Тэр дундаа маш нарийн ажиллагаа шаарддаг. Даавууг бол эсгэж, хайчлаад оёчихно. Харин ноолууран бүтээгдэхүүн хийхэд арай өөр технологи шаарддагдаг байх?

-Тийм шүү. Бид аль болох ноолуурандаа хайч хүргэхгүйг боддог. Учир нь ноолууран бүтээгдэхүүн тансаг, үнэтэй материал учраас хайч хүргэх дургүй.  Шаардлагатай үед  л хайчилна.  

Тэгээд ч аль болох хаягдал бүтээгдэхүүн гаргахгүй байхыг хичээдэг юм. Ер нь оёдолчдын хувьд ч ялгаагүй тодорхой хэмжээнд мэргэшсэн байх шаардлагатай. Дурын хүн орж ирээд ноолуураар хувцас хийдэггүй юм. Мөн ноолууран бүтээлүүд нь өөрөөс нь бүх эсгүүрийг гарган хийдгээрээ онцлог.  

Эхлээд эскиз зургаа гаргаад түүнийгээ технологийн зураг болгоно. Тэгээд  үйлдвэрт оруулдаг.  Маш  олон дамжлагаар дамжиж байж эцсийн бүтээгдэхүүн болдог. Өдрийн ихэнх цагийг үйлдвэр дээр өнгөрүүлдэг тухайгаа түрүүн хэлсэн шүү дээ. Эхнээс нь эцсийг нь хүртэл бүх шат дамжлагыг нь өөрийн нүдээр харж байж, эцсийн бүтээгдэхүүн гарсан хойно сая нэг санаа амардаг. 

-“Мода Монголоор дуусдаг” гэсэн яриа байхгүй болоод удаж байна. Монголчуудын хувцаслах соёлд дизайнер хүнийхээ хувьд ямар дүн тавих вэ?

-Энэ үгийг би хүүхэд байхдаа сонсч байсан санагдаж байна. Тухайн   үед тийм байсан байх л даа. Одоо бол манайхан дэлхийтэй хөл нийлүүлээд алхаж байна шүү дээ.  

Бүх  зүйл нээлттэй. Манайхан аливаа зүйлийг  хүлээж авах нь хүртэл өөр болсон. Үүнтэйгээ зэрэгцэн   хувцаслах соёл  ч сайжирсан. Мөн хувцас гэдэг хувь хүний соёл, боловсрол, зиндаа, зан ааш, хүсэл эрмэлзэл гээд маш олон зүйлийг  илтгэдэг.  Монголчуудыгаа хэрэглээгээ мэдрээд, сайн чанарын, байгалийн гаралтай, биед сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглээсэй гэж боддог. 

Түүнээс тэг, ингэ гэж заагаад яах вэ дээ. Хүний хүсэл сонирхлыг хянана, заана гэдэг утгагүй зүйл. Яах вэ, санаа аваасай, таалагдаасай гэж бид шинэлэг чамин загвар хийж сонголтыг нь улам өргөжүүлдэг. Тэгэхээр дизайнер бид  хүмүүст шаардлага хангасан, загварлаг чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх хэрэгтэй. 

-Та өөрөө ноолууран хувцас хэр өмсдөг вэ. Ноолууран хувцасны давуу мөн сул талаас сонирхуулаач?

-Бүсгүйчүүдийн хувьд ноол­уур маш гоё сонголт. Эмэгтэй­лэг харагдуулахаас гадна тансаг эрхэмсэг харагдуулдаг. Ямар ч нөхцөлд хувцасны гадуур, гоёлын үед илүү тансаг, өдөр тутам өмсөхөд дулаан, хөнгөн биед маш тааламжтай бүтээгдэхүүн. Үнийн хувьд ч бас боломжийн болохоор илүү сонголтоо хийдэг болов уу. Харин би өөрөө бараг өмсдөггүй. Энгийн үед биед эвтэйхэн давуун хувцас өмсдөг. 

Ноолуур бидэн шиг олон цагаар сууж ажилладаг  хүмүүст жаахан тохиромжгүй  юм шиг санагддаг. Ноолуур  монголчууд бидний зүй ёсны бахархал байх ёстой. Бид энэ салбараа цэгцтэй зөв бодлогоор дэмжиж хөгжүүлбэл хамгийн үнэтэй өв хөрөнгө бол ноолуур. Алт, зэс бол яах вэ ухаад гаргаад дуусна. Ноолуур бол ямаагаа  үржүүлээд байвал шавхагдашгүй тансаг баялаг.  

Сул тал нь ноолууран бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад бүүрцэглэх буюу шаариглалт үүсдэг.  Энэ нь ноолуурын чанарыг илэрхийлж байгаа хэрэг огт биш бөгөөд харин таны хэчнээн нарийн тансаг эдлэл хэрэглэж байгаагийн илэрхийлэл юм.  Мөн  цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас тухайн хэрэглэгчээс нарийн зөв  арчилгаа шаарддаг. Хэрвээ зөв арчилж, угааж чадвал угаах тусам улам зөөлөн, тансаг болдог. 

Мөн  Италичууд ноолууран хувцсыг амрааж өмсч  бай гэдэг. Энэ нь өдөр тутамдаа өмсөх хувцас биш гэдгийг бас давхар илэрхийлж байгаа болов уу. Сайхан ноолуурыг янз бүрийн химийн материалаар хийсэн куртка, пальтон дотор өмсч  болохгүй. Цахилгаанжилт үүсч бөөгнөрөх магадлалтай.  

Ноолууран эдлэлийг өөр материалтай хувцастай зохицуулан өмсөхийг хүсвэл хөвөн даавуу, олс зэрэг натурал эдтэй  зохицдог юм. Хослуулан өмсвөл сайхан ч харагддаг.

Муухай эмэгтэй гэж байхгүй, муу эмэгтэй л гэж байдаг байх

-Хүн бүр л сайхан харагдахыг хүсдэг. Та бүс­гүйчүүдийг сайхан хараг­дахад тусалдаг. Хувцас­аар нь угтаж, ухаанаар нь үднэ гэдэг үгтэй санал нийлэх үү?

-Муухай эмэгтэй гэж байхгүй, муу эмэгтэй л гэж байдаг байх. Дотроосоо гэрэлтсэн төгс эмэгтэйчүүд олон бий. Сэтгэл ариун, зөв бодолтой явах нь төгс гоо сайхан юм уу даа. 

Гадаад үзэмжийн хувьд “Та өөрийнхөө хувцаслалтад хэр хандана.  Хүмүүс  танд ч бас тэгж хандана” гэсэн үгэнд итгэдэг. “Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ” гэдэг үг бий. Энэ ойлголт дэлхийн аль ч оронд түгээмэл байдаг. Айлчилж ирсэн хүнийхээ ухаантай, эрдэмтэй эсэхийг нь уулзаж ярилцаагүй байж яаж  мэдэх билээ. Тэгэхээр хамгийн эхний шалгуур бол хувцас. Гадаад байдал, биеэ авч явж байгаа намба төрхөөрөө ч бусдад төрүүлэх сэтгэлийнх нь нийлбэр цогцын тухай энд хэлж байна. 

Тухайн хүний өмссөн хувцас, байдал төрх нь орчноо хэрхэн хардаг, ямар хүсэл сонирхолтой, ямар ааш зантай хүн болохыг нь аяндаа хэлээд өгнө. Өөрөөр хэлбэл, өмссөн хувцсаа хэрхэн зохицуулж  чадсанаараа энэ  хүн хэр соёл боловсролтой, ааш зантай болохоо харуулдаг.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Таны  хувьд шинэ жилээ хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Шинэ он гарахад хуучин оныхоо бүх л таагүй зүйлээ орхиод цоо шинэ хүн болсон мэт сэтгэлээр угтдаг маш сайхан баяр гэр бүл,  хамт олны баяр. 

Бүгд л ирж буй шинэ ондоо ямар нэгэн сайхан зүйлийг мөрөөдөж хүсэн хүлээж угтдаг. Миний хувьд энэ шинэ оноо  саяхан гаргасан амжилтаа  улам ахиулж, илүү их амжилтад хүрэх зорилго тээн  угтана даа. Багадаа шинэ жилээр аль болох олон бэлэг авах юмсан гэх боддог байсан шиг санагдаж байна. Бусад охидын адил цасан охин болох гэж хамгийн гоё даашинзаа өмсөж,  өөрөө түүнийгээ  чи­мэг­лэх гээд л  оролддог байсан. 

Тэр үед одоогийнх шиг гоё ганган зүйл ховор байсан шүү дээ. Тийм болохоор аль гялгар гоё зүйлээр л даашинзаа чимэглээд  л  шинэ жилээ тэмдэглэдэг байлаа. Бидний үед чинь маш гоё сүлд модны наадам болдог.  Өвлийн өвгөн аавын өгдөг бэлэг нь ч   маш том, гоё байдаг байсан шиг санагдаж байна. Шинэ жилээр л  хамгийн гоё тансаг зүйлүүд иддэг байсан даа.

-Хүн бүхэнд хүсэл мөрөөдөл байдаг. Мөрөөдлөө зорилго болгон биелүүлсэн зүйлс  мэдээж байгаа байх?

-Мөрөөдлөө эхнээс нь биелүүлээд л явж байна.  Сайхнаар  мөрөөдөхөд заавал биелдэг гэдэгт би итгэдэг. Маш олон мөрөөдөл байна аа.  Гэхдээ нууц байлгахыг хүсдэг. Миний хувьд зорилготой мөрөөдөж түүнийхээ төлөө тэмцэж байгаа минь  амьдралын бас нэг утга учир юм даа.

-Дизайнеруудын урыг илтгэх хувцас загвараас илүү тухайн жилийн топ модель  болсон бүсгүйд манайхан илүү анхаарал хандуулаад байдаг. Энэ талаар таны бодол?

-Загвар өмсөгч,  дизайнер хоёр салшгүй холбоотой. Бараг л хүйн холбоогоор холбогдсон гэж хэлж болно.  Загвар өмсөгчгүйгээр  хувцсаа бусдад таниулж чадахгүй. 

Тийм учраас  тэдэнд   хүндэтгэлтэй хандах нь зүйн хэрэг.  Аль  өнцгөөс нь хүлээж авах нь хүмүүсийн өөрсдийнх нь хэрэг. Моделиудыг ярьцгааж байгаа нь тэдний хийсэн ажлыг дүгнэж байгаа хэрэг. Ямар ч байсан дизайнерийн бүтээл загвар өмсөгчийн ур чадвар хоёр нийлж цогц байж л сайхан харагдана.

-Гадаадын орнуудад бол сайн дизайнер хүн  хамгийн нэр хүндтэй байдаг. Харин манайд   зэрэг дэв, үнэлэмж сайнгүй байдаг шүү дээ?

-Дизайнер  гэдэг ойлголт манайд хожуу орж ирсэн болохоор тийм байж магадгүй.   Гэвч ирээдүйд  сайхан болно оо.  Ямар  чухал мэргэжил гэдгийг ойлгож үнэлдэг болно гэдэгт итгэдэг. Гадаадад дизайнер хүн ашигтай ажиллах нь  гол түлхүүр нь болчихсон байдаг.  Манайд   удахгүй тийм болох байхаа. 

Мэдээж энэ бүхнийг хөгжүүлэхийн тулд  хөрөнгө санхүү болон бусад зүйлээр тусалж дэмжих нь хамгийн чухал. Миний хувьд цаашид гадаадын томоохон загварын шоунд ноолууран хувцсаараа оролцох мөрөөдөлтэй. 2007 онд Герман-Монголын өдрүүдэд загвараа танилцуулж байлаа. 

-“Гоёл” наадам жилээс жилд нэр хүнд нь муудаж байгаа гэж шүүмжлэх нэгэн байна?

-“Гоёл” наадмыг хүмүүс янз бүрээр л хэлж байдаг. Бидний хувьд өөрийгөө таниулах мэргэжлийн хамгийн том наадам.  Бүхий  л сэтгэл зүрхээ зориулж оролцдог тул үнэ хүндтэй.  Цаашид  ч тийм байх болно гэдэгт итгэлтэй байдаг. Тиймээс ч энэ дашрамд “Монголын дизайнеруудын холбоо” болон энэ салбарт ажиллаж байгаа бүх хүмүүстээ удахгүй гарах шинэ оны мэнд хүргэе. 

Зураг