Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны багачууд сургууль, цэцэрлэгтэй боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд шинээр баригдсан 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын 153 дугаар сургууль, 287 дугаар цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийжээ.

Ингэснээр Драгон төв болон Москва хороолол орчмын айл өрхийн хүүхдүүд төрийн өмчит сургууль, цэцэрлэгтэй боллоо.

153 дугаар сургууль нь нэг ээлжиндээ 960 хүүхэд авах хүчин чадалтай бөгөөд хоёр ээлжээр 1,920  хүүхэд суралцах урьдчилсан тооцоолол гарчээ. Ингэснээр нэг ангид 30-35 хүүхэд суралцах аж.

Цаашдаа Кембрижийн хөтөлбөртэй болгохыг зорьж байгаа 

"Сургуулийн барилга дөрвөн давхар, спорт болон урлагийн заал, лаборатори танхимыг тохижуулсан.

9 дүгээр сарын нэгэнд сурагчдаа хүлээн авах шинэ сургуулийн сургалт нь энгийн хөтөлбөртэй, цаашдаа Кембрижийн хөтөлбөртэй болгохыг зорьж байгаа. 

Харин цэцэрлэгийн хувьд 240 хүүхдийн ортой, 8 бүлэгтэй. Стандартын дагуу нэг ангид 30 хүүхэд явна. 153 дугаар сургуулийн захирлаар н.Наранмөнх томилогдсон бол цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал хараахан гараагүй.

 

Шинэ сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж аваад өнөөдөр нээлтээ хийж байна. Хоёр барилгын нийт өртөг 14 тэрбум төгрөг" гэсэн мэдээллийг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны дарга Ш.Энхболд өглөө.

 

153 дугаар сургууль болон 287 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг "Сүмт Өргөө" ХХК-ийн ажилтнууд гүйцэтгэжээ.