Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Боловсролтой, ажил, амьдралын туршлагатай байна гэдэг нь УИХ-ын гишүүн болох нэгдүгээр шаардлага биш"

Ч.Болортуяа
2020 оны 5 сарын 24
iKon.MN

Энэ удаагийн сонгуульд түүхэнд байгаагүй олон бие даагч нэр дэвших хүсэлтээ өгсөн нь улстөрийн намуудад өгч буй сануулга гэдгийг улстөр судлаачид хэлж буй. 

Тэгвэл улстөрийн намуудад чухам ямар асуудал байна вэ гэдгийг бид мэдсээр байтал яагаад намууд иргэд, сонгогчдын шаардлагыг хангахгүй байна вэ?

Энэ нь ч бас улстөрийн намууд өөрсдөө шинэчлэгдэх, цаг үеэ дагах сонирхолгүй байгаатай холбоотой. 

Учир нь "Сонгуулийн тухай хууль сонгууль болгоны өмнө өөрчлөгддөг бол Улс төрийн намын тухай хууль сүүлийн 15 жилд өөрчлөгдсөнгүй" гэж судлаач Э.Гэрэлт-Од хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, улстөрийн намууд нийгэм, цаг үеэ мэдрэх мэдрэмж бага, асуудлыг аргацаах, өөрт тохирсон тоглоомын дүрмийг зохиосоор ирсэн нь эргээд тэднийг мухардалд оруулж байх шиг.

Тус асуудлаар Монгол ТВ-ийн "Нүүдэл Шийдэл" хэлэлцүүлгээр энэ долоо хоногт хэлэлцсэн байгаа.

Видео: Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

https://www.facebook.com/mongoltv/videos/664195434425694/?t=2926

"Бие даан нэр дэвшигч олон байгаа нь намууд өөрсдөдөө дүгнэлт хийх ёстойг харуулж байна"

 

Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг 

  • Улс төрийн намуудын жирийн гишүүд нь ямар үүрэг оролцоотой байх вэ? санхүүжилтийн асуудлаа яаж шийдэх вэ? зэргээр  дотоод ардчилал нь цэгцрээгүй учраас үүнээс зугтаах үзэгдэл гарч байна.
  • Энэ жил урьд өмнө нь байгаагүй олон тооны бие даан нэр дэвшигч байна, мөн намаасаа танигдсан хүмүүс ч бие даан нэр дэвшиж байгаа нь дүгнэлт гаргах факт болж байна.
  • Одоо явагдаж байгаа сонгуулийн процессыг харахад өдийд намуудын мөрийн хөтөлбөр ил болчихсон баймаар байгаа юм.
  • Яагаад мөрийн хөтөлбөр ил болохгүй, тийм хуультай байна вэ гэхээр намууд бие биенээсээ хуулах гээд байдаг. Эсвэл өмнөх сонгуулиудын туршлагаас харахад нэг нь тэдэн сая төгрөг бэлнээр өгнө гэхээр нөгөө нам нь түүнээс 500,000 төгрөгөөр илүү өгнө, эсвэл хүүхдийн мөнгө өгнө гэх мэтээр халамжийн бодлогыг хавтгайруулах хэлбэрээр мөрийн хөтөлбөр гэдэг зүйлийг утга учиргүй болгочихсон.
  • Мөрийн хөтөлбөрийг яаж утга учиртай баримт бичиг болгох вэ? гэдгийг бид зайлшгүй ярих ёстой.
  • Энэ удаагийн Сонгуулийн хуульд хэд хэдэн чухал өөрчлөлт орсон. Нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т гаргаж өгнө. Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлэг нь олон нийтэд ил болно.
  • Ковид-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор эрх барьж байгаа намын нэр хүнд өсөх, тэр хэмжээгээр сонгуульд оролцож байгаа бусад хүчнүүдэд орон зай бага ногдох гэх мэт үзэгдэл Солонгосын сонгуулийн жишээн дээр гарцаагүй ажиглагдсан.

"Шинэ парламент асар их үүрэг хүлээнэ"

 

МАН-ын стратеги академийн захирал, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг 

  • МАН 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах процессыг явуулахдаа намын бүх анхан шатны үүр, хороодын намын хорооноос эхлээд саналууд авч, дүрмийнхээ дагуу бага хурал дээр эцэслэн шийдэгдсэн.
  • ҮХНӨ-өөр МАН бодлогын нам болж төлөвших ёстой. Тиймээс намын дэргэдэх бодлогын судалгааны хүрээлэн, намын үйл ажиллагаа, намын бодлого боловсруулах чадвар маш чухал. Энэ асуудлаар МАН дэлхийн Зүүн төвийн намуудтай өндөр түвшинд хамтран ажилладаг.
  • Дэлхийн даяар улс төрийн намд итгэх итгэл суларсан, үндсэрхэг популист лидерүүд тодрон гарч ирж байгаа энэ нөхцөлд ардчиллыг авч үлдэх цорын ганц механизм бол иргэдийн улс төрийн намд итгэх итгэлийг дээшлүүлэх.
  • Улс төрийн намууд иргэдийн итгэлийг даахуйц институт байх ёстой.
  • Сүүлийн 30 жил Улс төрийн намууд ардчиллын нөхцөлд төлөвших гэж их хичээсэн.
  • Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байгаа ч ихэнх нь байнгын үйл ажиллагаа байхгүй.
  • Бид бүхэн ҮХНӨ-ийн дагуу намуудыг төлөвшүүлэх ёстой. Ингэхийн тулд Улс төрийн намын тухай хууль, Санхүүжилтийн тухай хууль зэрэг органик хуулиудаа хийх ёстой.
  • Дараагийн шинэ парламент асар их үүрэг хүлээж үлдэж байна.
  • 2008 он хүртэл Сонгуулийн сурталчилгааны хугацаа 45 хоног байсан. Энэ хугацаанд сонгуулийн зардлыг багасгах үүднээс 2012 оны парламентын үед сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгасан. Сонгуулийн сурталчилгааны хугацаа багассан учир намууд иргэдэд хангалттай мэдээлэл өгөх, намууд бодлого хөтөлбөрөө сурталчлах боломж олдохгүй байгаа юм.
  • Олон улсын сайн жишээг харахад урт хугацаанд хөрөнгө зардал багатайгаар сурталчилгаа явуулдаг байна.
  • Монголын сонгуулийн хувьд асар богино хугацаанд их мөнгө зарсан сурталчилгаа хийдэг.
  • Бид сонгуулийн сурталчилгааг урт хугацаанд зардал багатайгаар хийх ёстой. Иргэд бол зөвхөн бодлогын сонголт л хийх ёстой.
  • Монголын нийгэмд сүүлийн 10-аад жил баян, ядуугийн асар их ялгаа гарч байна. 
  • МАН УИХ-д суудалтай нийт гишүүнийхээ тоогоор жилийн 10 сая төгрөг улсын төсвийн хөрөнгө оруулалт авдаг.
  • Манай намын хувьд 2020 оны сонгуульд гишүүд, дэмжигчид, нэр дэвшигчдээс хандив авах асуудал хуулийн дагуу явна.
  • Сонгуульд нэр дэвших хүмүүсээс дэнчин, хандив намдаа авахгүй.
  • Өмнөх 28, 30 жилийн алдаа бол сонгуулийг мөнгөний өрсөлдөөн болгож ирсэн.
  • 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн 76 хүний 50 хувь нь залуу, нэр цэвэр, ёс зүйн шаардлагад нийцсэн хүмүүс байгаа.
  • МАН эрх барьж байх хугацаандаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүн нэр дэвшихгүй байх сонгуулийн өндөр босго тавьж өгсөн.
  • ЖДҮ-тэй холбоотой асуудалд, шүүхээр хэрэг нь шийдэгдсэн, шүүхэд хэлэлцэгдэж байгаа гишүүд нэр дэвшээгүй, өөрсдөө нэрээ татсан. 

"Бид сонгуулийн санхүүжилтийн хувьд төсвийн мөнгөтэй өрсөлдөх нөхцөл байдал үүсээд байна"

 

АН-ын дэд дарга Б.Жаргалан 

  • Улс төрийн намд итгэх итгэл буурч байна гэдэг асуудал зөвхөн Монгол улсад ч биш дэлхий дахинд яригдаж байна.
  • Улс төрийн нам нийгэмд маш олон ашиг сонирхлыг зангидаж, иргэдээ идэвхжүүлж, улс төрийн манлайлагчдаа төрүүлж, нэгдсэн бодлого зангидан түүнийгээ Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэх ийм үүрэг хүлээсэн институт юм.
  • Ардчилсан намын хувьд 2016 онд төсөөлөгдөөгүй ялагдлыг хүлээсэн. Үүнийг бид интитутийн хувьд илүү бэхжих, үзэл баримтлал дүрмийнхээ хүрээнд намаа шинэчилж, энэ яригдаж байгаа зүйлүүдтэй илүү ойртох ёстой гэсэн даалгавар авсан.
  • Бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд намын шинэчлэлтийн хүрээнд маш их ажил хийсэн.
  • Монголд, ардчилсан нийгэмд улс төрийн нам төлөвших процесс бол ердөөсөө Ардчилсан намын түүх.
  • Ардчилсан намын хувьд олон намууд нийлсэн, дотоод зөрчил ихтэй учир түүнийгээ дүрэм, үзэл баримтлалынхаа хувьд зангидаж сонгодог институт болох гэж зорьсоор ирсэн.
  • АН-ын хувьд үзэл баримтлалаа орчин цагийн нөхцөл байдалтай уялдуулан, иргэд сонгогчдод ойлгомжтой байх хэлбэрээр хийсэн.
  • АН-ын үзэл баримтлал “Эрх чөлөө” гэсэн үзэл санаанд тулгуурладаг.
  • УИХ-д байгаа АН-ын зөвлөл харьцангуй хүнд байсан гэж хэлж болно. 65 суудалтай эрх баригч намтай парламентын түвшинд мэтгэлцэх боломж маш хомс.
  • Өнгөрсөн хугацаан дахь шинэчлэлтийн хүрээнд бид гишүүдийнхээ татварыг нэмсэн. 2017 оноос өмнө АН-ын гишүүн татвар төлөхдөө жилийн 1,200 төгрөг төлдөг байсан. Үүнийг 10 дахин нэмэгдүүлж 12,000 болгосон. Үүний цаад санаа нь бол аль болох олон гишүүнээсээ ил тод байдлаар санхүүждэг байя гэсэн санаа. Татварын хэмжээ сонгуульт албан тушаалтны зэргээр нэмэгдээд явж байгаа.
  • АН-аас өмнө нь УИХ, Засгийн газарт ажиллаж байсан 21 хүн нэр дэвшсэн. Бусад нь дандаа шинэ залуу хүмүүс байгаа.
  • 2016 оны парламентад МАН-аас 65 гишүүн сонгогдсон. Өнгөрсөн 7 хоногт бүгд тайлангуудаа тавьсан. Тайлангаа танилцуулж хийсэн нэвтрүүлгүүд бүгд төсвийн мөнгөөр хийгдэж байна.
  • Бидний хувьд сонгуулийн санхүүжилтийн хувьд төсвийн мөнгөтэй өрсөлдөх нөхцөл байдал үүсээд байна.
  • АН-аас нэр дэвшигчдийн дундаж нас 45 байна.
  • Энэ удаагийн сонгуульд манай намын эмэгтэйчүүд, залуучууд өрсөлдөх боломж илүү нэмэгдсэн.

"Боловсролтой, мэдлэгтэй, ажил, амьдралын туршлагатай байна гэдэг нь УИХ-ын гишүүн болох шалтгаан биш"

 

МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн багш, дэд профессор Д.Бумдарь

  • Бид парламентын засаглалтай, олон намын системийг төлөвшүүлье гэж бодож  байгаа бол улс төрийн нам гэдэг институтийг зөв төлөвшилтэй болгоход анхаарах хэрэгтэй.
  • Бид 30 жил өнгөрч байхад Улс төрийн намын тухай хуулиа бүрэн хэмжээнд шинэчилж чадахгүй байна гэдэг нь ямар нэгэн байдлаар улс төрийн намын ашиг сонирхол байна гэж харж байна.
  • Бид одоогоор Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг огт ил харж чаддаггүй шүү дээ.
  • Өнөөдрийн байдлаар Монгол улсад бүртгэлтэй 36 нам байна. Нийт иргэдийн 2 сая нь сонгуулийн эрхтэй байлаа гэж үзэхэд 660 мянга орчим нь намын гишүүн гэсэн бүртгэлтэй байдаг.
  • Аливаа нам сонгуулийн үед хэр зэрэг санхүүжилт зарцуулснаа зарлах ёстой гэдэг дээр ерөнхий шинжтэй мэдээлэл байгаа нь үргэлж бид бүхэнд хардлага төрүүлж байна.
  • Манай улсад намуудын баруун төв, зүүн төвийн гэдгийг ялгаж өгөх асуудал чухал.
  • Бодлогын мэтгэлцээн гэдэг зүйл огт байхгүй, бодлого хэрэгжээд үнэлгээ гэдэг зүйл огт байхгүй зөвхөн мөрийн хөтөлбөр, уриа болгож орж ирдэг.
  • Улс төрийн намын санхүүжилтийг хангахын тулд нарийн чанд дүрмийг гаргах ёстой. Олон улсын сайн жишээг суралцах ёстой.
  • Сонгуулийн санхүүжилт, улс төрийн үйл ажиллагааны санхүүжилт гэдэг 2 зүйлийг зайлшгүй салгаж өгөх ёстой. Ингэж байж бид улс төр, мөнгө гэдэг 2 зүйлийг цэвэр байлгах боломж бүрдэнэ. 
  • Боловсролтой, ажил амьдралын туршлагатай байна гэдэг нь УИХ-ын гишүүн болох нэгдүгээр үзүүлэлт биш. Гол асуудал нь бидэнд тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдэх вэ, эх оронч үзэлтэй юу, улстөрийн эр зориг гаргаж чадахуу гэдэг асуудлууд эхний шалгуур байх ёстой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.