Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Төсвийн тодотголыг энэ Засгийн газар хийдэггүй юм гэхэд дараагийнх нь хийх л болно"

Ч.Болортуяа
2020 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн сарын 13-нд хуралдаж бодлогын хүүг 9 болгож бууруулсан билээ.

Тус өдрийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт нэгдүгээр улиралд долоон хувиар буурах таамаглал байгааг ярилцсан тухай Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол ТВ-ийн  "Нүүдэл шийдэл" нэвтрүүлэгт Даваа гарагт оролцох үедээ ярьсан юм. 

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн агшилт их байгааг энэ таамаглал харуулж байна. 

Монгол Улсын экспорт 2020 оны эхний улиралд гэхэд 40 хувь буураад байгаа юм. Тэгвэл эдийн засгаа хэрхэн идэвхжүүлэх талаар "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаараар хэлэлцсэн юм.

Видео: Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

Нэвтрүүлэгт оролцогчдын онцлох эшлэлийг хүргэж байна.

Хятадын талтай алдсан хоёр сараа нөхөж ажиллана гэдэг дээр ойлголцсон

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

 
  • Хятадын талтай алдсан хоёр сараа нөхөж ажиллана гэдэг дээр ойлголцсон. Монгол Улстай худалдаа хийхэд хамгийн аюулгүй гэсэн мэдээллийг нөгөө талдаа ойлгуулахыг хичээсэн.  Бид эрүүл мэндээ хамгаалахаас гадна худалдааны түвшнээ бууруулахгүй хадгалж үлдэх нь чухал байна. Боомтоор гарч байсан машины тоо 100 орчим байсан нь өнөөдөр 500 гараад байна. 2017 онд өдөрт 300 орчим машин гардаг байсан бол Хятадын талтай хэлэлцээ хийсний хүчинд 700 болоод явсаар байгаад 1,700-д хүрч байв.
     
  • Энэ жилийн эдийн засгийн өсөлт 1 хувь байхаар төсөөлөгдөж, үүнтэй холбоотойгоор бусад бүх тооцоо уялдаад гарч ирж байгаа. Ердийн үед эдийн засагт 5.1 их наяд төгрөг нийлүүлбэл ямар том өөрчлөлт болох вэ гэдгийг эдийн засагчид маань хэлэх байх. Гэтэл 5.1 их наяд төгрөг хийгээд хийгээд өсөлтийг 1 хувь байна гэж таамаглаж байна. 
     
  • Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж эрүүл мэндээ сахин хамгаалах нь чухал ч гэсэн эдийн засгийн тал дээр гадаад худалдан авалтаа нэмэгдүүлэх боломж бидэнд байна.
     
  • Манай хил 3 сар хаагдахад бид дотооддоо жишээ нь, 00-ын цаасны хомсдолд ороогүй, зөндөө улс орон хомсдолд орсон. Гэтэл бид ахуйн бараа болоод хүнсний бүтээгдэхүүний хомсдолд өртөөгүй. Энэ нь манай улсын эдийн засаг, гадаад худалдаа эрүүл явж байгаагийн жишээ юм. Манай улс төсвийн сахилга баттай байж, гадаад зах зээлүүдээ нээлттэй байлгаж байсны үр дүн бодитоор гарч байна.
     
  • Дэлхийн нийтээр цар тахалд өртөөд байгаа энэ үед манай улсын эдийн засаг хохиролгүй даваад гарна гэж байхгүй. Харин хохирлоо хэрхэн багасгах вэ гэдэг дээр л арга хэмжээ авна.
 Монголбанканд цаашдаа авах нөөц арга хэрэгслүүд бий

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

 
  • Сүүлийн 4, 5 жил Монголбанкны мөнгөний бодлого хатуу төлөвтэй явж ирсэн. Яагаад гэвэл төсөв дандаа тэлэлттэй байсан учраас.
  • Монголын эдийн засаг Коронавирустай байлдахад зориулагдаагүй. Энэ үеийг даваад гарахад өсөлттэй байх эдийн засаг руу эргээд очиход манай бодлого огцом өөрчлөгдөж болохгүй.
     
  • Өнөөдрийн байдлаар нийт 80 мянган зээлдэгчийн 3.9 их наяд төгрөгийн зээлд хүрдэл учирлаа гэдэг хүсэлт банканд ирсэн байна. Эхний ээлжид 10 мянган зээлдэгчийн 820 тэрбум төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийчихсэн байна. 
     
  • Гаргасан шийдвэрийн хэрэгжилт удаан байна гэж шүүмжилж байна. Гэхдээ банкны ажилтнууд бүх хүнтэй зэрэг уулзаж амжихгүй, бүх зээлийг автоматаар  ижилхэн өөрчилж чадахгүй учраас тухайн зээлдэгч болгонтой харьцаж арга хэмжээ авахад хугацаа шаардагдана.
     
  • Монголбанкны гаргасан мөнгөний эх үүсвэрээр ипотекийн зээлд хамрагдсан 72 мянган зээлдэгч байна. Нийт Монгол Улсын хэмжээгээр 99 мянган орон сууцны зээлдэгч байна. Зээл аваад хэрэглэчихсэн хүний хувьд төлөх нь зайлшгүй. Гагцхүү төлж барагдуулахад  цаг хугацааны асуудал шаардагдаж байгаа. Эдийн засаг сэргэхэд тухайн хүн зээлээ төлөх ёстой. Тэгэхгүйгээр тодорхой хэсгийг нь тэглэх асуудал байхгүй, энэ нь Монголбанкны гаргах шийдвэр биш юм.
     
  • ЗГ-ын зүгээс манай орлого хүрэхгүй, мөнгө хэрэгтэй, үүнийг Төв банкнаас зээлье гэвэл Монголбанк бондыг нь худалдаж авахад бэлэн. Монголбанканд цаашдаа авах нөөц арга хэрэгслүүд бий. 
Төсөвт тодотгол хийх нь цаг хугацааны л асуудал

УИХ-ын гишүүн Б.Жавхлан

 
  • ЗГ-аас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр энэ оныг дуустал явагдана. Үр дүн нь 7 сарын дараа харагдана. Гэхдээ ЗГ, УИХ-ын зүгээс бүхий л боломжоороо ажиллаж байна.
  • ЗГ-аас төсөвт тодотгол хийх асуудлыг оруулаад ирвэл УИХ хэлэлцэхэд бэлэн. Яаран хэлэлцэх асуудал байна уу, үгүй юу гэдэг нь цаг хугацааны асуудал.
     
  • Төсөвт тодотгол хийх амархан. Гэхдээ одоо ЗГ төсөвт тодотгол хийхгүйгээр төсөв дотроо бүрэн зохицуулалт хийж байх шиг байна. Төсвийн зарцуулалтаараа хөрөнгө оруулалтаа эрэмбэлж болж байна, одоохондоо шаардлагагүй бүтээн байгуулалтын ажлаа хойшлуулсан байна. Хуулийнхаа хүрээнд тодотгол хийсэнтэй адил зохицуулалт хийгээд явж болж байна.
Бага орлоготой иргэд хэрэглээний зээлээ хойшлуулах боломжгүй байна

Эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс

 
  • Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа нэгдүгээр хөтөлбөр нэлээн удаан хэрэгжиж эхэлсэн. Дээрээс нь мэдээлэл бүх шатанд тэгш хүрэхгүй болохоор эдийн засгийн хариу үйлдлүүд доголдож эхэлдэг.
     
  • Зургаан аймаг болон Улаанбаатар хотын 2 дүүргийн бага, дунд орлоготой өрхүүдээс коронавирусийн үед төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэрхэн тус байгаа талаар судалгаа авахад дундаас дээш орлоготой ихэнх айл ипотекийн зээлтэй, бага орлоготой айл өрх буюу 63 хувь нь хэрэглээний зээлтэй гарсан. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл дундаж орлоготой өрхөд чиглэсэн хөтөлбөр гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. 
     
  • Ипотекийн зээлтэй айл өрхүүд ямар ч бичиг баримт бүрдүүлэхгүйгээр цахимаар зээлээ хойшлуулах хүсэлт өгөөд асуудлаа шийдэж болж байна. Харин бага орлоготой хэрэглээний зээлтэй иргэд интернет байхгүй, төв суурингаасаа алслагдмал амьдардаг, мөн бичиг цаасны мэдлэг бага, орлогоо тодорхой хэмжээнд буурсан гэдгээ баталж чадахгүй байгаа учир хэрэглээний зээлээ хойшлуулах боломжгүй болж байна.
     
  • Бага орлоготой айл өрхөд төрөөс авч хэрэгжүүлж байгаа 5.1 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулах шийдвэр нь хүрч чадаагүй.
     
  • Мөн судалгаанд оролцогчдын 62 хувийнх нь орлого буураагүй, 38 хувийнх нь орлого буурсан үзүүлэлттэй гарсан. 62 хувьд багтаж байгаа иргэдийн 28 хувь нь тэтгэвэр авдаг хөгшид багтаж байсан.
     
  • Хувиараа бизнес эрхэлж байгаа, үйлчилгээний салбарт ажиллаж байсан өрхүүдийн 65 хувь нь бизнес нь түр зогссон, ажлаасаа цалинтай болон цалингүй чөлөөлөгдөж, гэрээсээ ажлаа хийж байгаа, ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдсөн байна.
Төсвийн тодотголыг энэ засгийн газар хийдэггүй юм гэхэд дараагийн засгийн газар хийх л болно

Монголбанкны дэргэдэх "Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн"-гийн захирал С.Дэмбэрэл

 
  • Төсвийн тодотголыг энэ засгийн газар хийдэггүй юм гэхэд дараагийн засгийн газар хийх болно.
  • Хэрэгжилт хурдан удаандаа биш хамтын ажиллагаа хэр зэрэг хангагдаж байна гэдэг нь чухал.
     
  • Эрүүл мэнд эдийн засаг гэсэн 2 зүйлийг тэнцүү авч явахын тулд эдийн засгийн онцгой байдлын хувьд шийдлүүдийг хэлж байдаг хороог байгуулаад тухайн хороо нь  эдийн засаг ямар байгааг, аль салбарт ямар асуудал тулгарч байгаа талаар судалж үнэлж дүгнээд Улсын онцгой комисст  мэдээлж явах хэрэгтэй гэж харж байна.
     
  • Банкуудын нэгдсэн блансийг харахад ашиг нь 60 гаруй хувиар буурчихсан, өөрийн хөрөнгө нь 20-иод хувиар буурсан үзүүлэлттэй байна.
     
  • ДНБ үзүүлэлт гараагүй байна. Гэхдээ ерөнхий гол үзүүлэлтүүд хасах гарчихсан байна.
     
  • Короновирусийн дэгдэлттэй энэ үед эдийн засгийн нийт эрэлтийг харахаар компани болон өрхийн хувьд эрэлт буурчихсан. Салбар салбар дээр нийлүүлэлт мөн буурсан байна. Иймд энэ зүйл дээр л анхаарч ажиллах хэрэгтэй.
     
  • Төрөөс авч байгаа арга хэмжээнээс 10 ямаатай, 100 ямаатай, 1,000 ямаатай малчны хүртэх үр шим өөр байна. Энэ нь ядуурлыг бууруулахад  тийм ч их тус болохгүй, чинээлэг малчдын орлогыг нэмэгдүүлэхэд л тус болж байгаа юм. Энэ цаг мөчид ийм арга хэмжээ авах нь зөв үү.
     
  • Их хурлаас коронавирусийн үед авч хэрэгжүүлэх 10 зүйл гаргасан. Гэтэл доторхыг нь уншихаар коронавирусгүй үед угаасаа л авахаар ярьж байсан арга хэмжээнүүдийг тусгасан байсан.
     
  • 95 мянган аж ахуйн нэгжийгээ дотор нь ангилж арга хэмжээ авсан уу. Ингэж ангилж тус тусад нь тохирсон арга хэмжээ авах хэрэгтэй. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.