“Тод каннам” гоо сайхны эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж, амиа алдсан бүсгүйн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар Өмгөөлөгч Л.Баасанжав хэлэхдээ “Бидний нэг анхаарах ёстой асуудал нь амь хохирогч нь өөх соруулах хагалгаа хийлгэхдээ эмчийн чадварт итгэж очсон уу, эсвэл "Тод каннам" эмнэлгийн үйл ажиллагаанд итгэж очсон уу гэдэгт байгаа юм.
"Тод каннам" эмнэлэг нь өөрөө хууль бусаар, эмнэлгийн стандарт шаардлага хангаагүй нөхцөлд тусгай зөвшөөрөлд тусгагдаагүй өөх соруулах ажиллагааг явуулсан.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн өмнөөс шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч, хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн бол гүйцэтгэгчид тооцдог.
Харин тус эмнэлгийн захирал н.Тодням нь "өөх соруулах хагалгааг хийж болно" гэсэн зөвшөөрлийг үйлчилгээндээ баталгаажуулж өгсөн байдаг. Тэгэхээр н.Тодням захирал нь тусгай зөвшөөрөлгүй эмнэлгийн үйлчилгээнд дур мэдэн зөвшөөрөл өгч Д.Тодномбат эмчээр хийлгэсэн байна.
Иймд би өмгөөлөгчийн зүгээс н.Тодням захирлыг энэ хэрэгт холбогдуулж шалгах нь зүйтэй гэж үзэж байна" гэв.
Мөн тэрбээр одоогоор түүнийг хэрэгт татаж, мэдүүлэг авсан зүйл огт байхгүй бөгөөд хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас хэрэгтэй холбоотой нөхцөл байдлыг дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүйг хэлсэн юм.
Хохирогч эмэгтэйн аав С.Гүндсамбуу “Бид ид хийж бүтээх 29 насан дээр байсан ганц охиноо алдаад есөн сар болж байна. Энэ хугацаанд бид хаана юу болж байгааг ч анзаарах сөхөөгүй, хууль хяналтын байгууллагадаа итгэсээр өдийг хүрлээ.
Долоо хоногийн өмнө шүүхийн хэлэлцүүлэг болсон. Гэтэл хуулийн байгууллага маань "Тод каннам" эмнэлгийн Д.Тодномбат, н.Мөнгөнчимэг гэсэн хоёр хүнийг л холбогдогчоор татсан байгаад сэтгэл дундуур байна.
Учир нь тэр хоёр хүн хувиараа мэс засал хийгээгүй. Үүний цаана том эмнэлэг байсан.
Миний охин эмч дээр очиж биш, гоо сайхны эмнэлэгт очиж мэс засалд орсон гэж би бодож байгаа учраас хуулийн этгээдийг холбогдогчоор татаж өгөхийг шүүхийн байгууллагаас хүсэж байна.
Энэ хэрэг болоод ийм удаж байхад "Тод каннам" эмнэлгийн зүгээс бидэн рүү нэг ч удаа утастаж эмгэнэл илэрхийлээгүй.
Д.Тодномбат нь мэргэжлийн бус хүн гэдэг нь дүгнэлтээр батлагдсан.
Энэ хэргийг Эрүүл мэндийн сайдаас эхлээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд сонсож анхааралдаа авч үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй гэж хүсэж байна.
Бид өөр хүмүүсийг миний охины шиг битгий хохироосой гэсэндээ өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна" гэлээ.
Хохирогч эмэгтэйн ээж Д.Аюуш “Есөн сар гаруй хууль шүүхийн байгууллагаар явсан шийдвэр бидний санасанд хүрэхгүй байна. Учир нь ганцхан миний охин энэ эмнэлгийн хохирогч нь биш бөгөөд өөр олон хохирогч бидэн рүү утастаж нэгдье гэж байна” гэсэн юм
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!