Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Эрдэнэ: Монголын хогийг бид өөрсдөө шийдвэрлэхээс биш гаднын төрийн бус байгууллага шийдэж чадахгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын Байгаль орчны иргэний зөвлөлөөс өнөөдөр “Монгол улс аюултай хог хаягдал булшилдаг газар болох ёсгүй” сэдвээр мэдээлэл хийлээ.

Тэд Монгол Улс бусад улс орны хуучин хог хаягдлыг импортлон булшилдаг, аюултай хог хаягдлын цэг болж байгааг шийдвэр гаргагчид анхааралдаа авч, хог хаягдлын тал дээр шинэ хувьсгал эхлүүлэхийг уриалав.

Манай улсын шийдвэр гаргагчдын хог, хаягдалтай холбоотой шинжлэх ухааны мэдлэг дутмаг

 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ “Зөвхөн өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 970 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Үүнээс 502 мянган нь Улаанбаатар хотод бүртгэлтэй.

Тэдгээр автомашин жилд нэг удаа тос шүүлтүүрээ сольж, хоёр жилд нэг удаа аккумулятороо сольдог гэж үзвэл Нийслэлд ойролцоогоор 6,000 тонн аюултай тос, 500 мянга гаруй фильтр 300 мянга гаруй аккумулятор, 3,000 гаруй тонн хүхрийн хүчил хаягдаж жилийн дотор байна гэсэн тооцоо гарч байна. 

Мөн ЖАЙКА олон улсын байгууллагаас 24 автобусанд тортгийг цуглуулах фильтр тавьж, аравхан сарын дотор 560 килограмм хорт бодис цуглуулжээ. Үүнийг лабораторийн шинжилгээнд оруулахад хүхэрт нэгдэл нь маш өндөр болох нь тодорхойлогдсон.

Түүнээс гадна манай улсад барилгын бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж байна. Гэтэл хуучин барилгуудын буулгалтаас гарч буй хог хаягдлын нэгдсэн менежмент гэх зүйл өнөөдрийг хүртэл алга. 

Мөн сүүлийн үед хог хаягдлыг дахин боловсруулах “Ногоон” гэх тодотголтой үйлдвэр олноороо байгуулагдсан ч тэдний нэг нь ч бага оврын ус цэвэрлэх байгууламжаа шийдээгүй.

Айл бүрт хөргөгч, телевиз угаалгын машин, тоос сорогч, компьютер түүний ямар нэг төхөөрөмж бий боловч "E” буюу цахилгаан хог хаягдлыг улсын хэмжээнд цуглуулж, дахин боловсруулж, устгадаг менежмент мөн байхгүйн улмаас ахуйн хог хаягдалтай хамт шууд газарт булагддаг.

Мөн батарей, гэрлийн шил, мөнгөн ус агуулсан аюултай хог хаягдлууд, эм тариа, будаг уусгагч гэх мэтийг цуглуулдаг нэгдсэн систем байхгүй учраас айл өрхүүд өдөр тутам аюултай хог хаягдал гаргаж буйдаа хяналт тавьж чадахгүй байна.

Хог гэдэг бол шинжлэх ухааны үүднээс шийдвэрлэдэг асуудал болохоос нүднээс далд газар хаяж булдаг зүйл огтхон ч биш” гэлээ.

2019 оны Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монгол Улсын нэг иргэн өдөрт 2.6 килограмм хог үйлдвэрлэдэг бөгөөд үүгээрээ манайх дэлхийд 12 дугаар байрт жагсаж байгаа аж.

Түүнчлэн "Манай улсын шийдвэр гаргагчдын хог, хаягдалтай холбоотой шинжлэх ухааны мэдлэг дутмаг. Тиймээс өдийд шийдвэрлэгдчихсэн байх ёстой ажлууд нь зогсонги хэвээр байна. Энд тэндгүй хэзээ хэн ирж цэвэрлэх нь тодорхойгүй дүүрэн хогтой хогийн савнуудыг энд тэнд байрлуулснаа хотын удирдлагууд хог хаягдлын менежмент гэж ярьдаг нь буруу.

Монголын хог хаягдлын асуудлаар гаднын олон байгууллага төсөл бичиж асар их мөнгө босгож авч байгаа. Харамсалтай нь хогтой холбоотой нэг ч зүйл хийдэггүй хүмүүсийг зугаалуулах, хэдхэн төрлийн тайлан гаргах чиглэлээр мөнгө угааж байна.

Монголын хогийг монголчууд өөрсдөө шийдвэрлэхээс биш гаднын ямар нэг төрийн бус байгууллага, өндөр үнэтэй зөвлөхүүд шийдэж чадахгүй" гэдгийг Б.Эрдэнэ онцолж байлаа.

Бид энэ асуудалд шүүмжлэлтэй хандахаас илүү хамтран шийдвэрлэхийг уриалж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн цөмийн ажлын хэсгийн ахлагч н.Ганбаатар “Бид хог хаягдлын асуудалд шүүмжлэлтэй хандахаас илүү хамтран шийдвэрлэхийг уриалж байна.

Одоо үүсээд байгаа аюултай хог хаягдлыг бүсчилж, орон нутгийн хэмжээнд үнэлгээ хийж тогтоох шаардлагатай. Ялангуяа Уул уурхай хөгжсөн газруудад бидний хэр хэмжээнээс хэтэрсэн аюултай хог хаягдлууд бий.

Тухайлбал,  2010 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт “Арева” гэх компани хууль бус туршилтын олдворууд хийсний улмаас бий болсон хог хаягдал тэндхийг мутаци хэлбэрт оруулж, гажиг үүсгэсэн.

Тэр хавьд одоо төрдөг эмэгтэй, төллөдөг мал гэж байхгүй болсон нь олон улсад сенсаци дэгдээж байна" гэв.

Мөн Японы цунамид өртсөн машинууд одоо Монгол руу импортлогдоход бэлэн болчихсон хүлээгдэж байна. Иргэдийн амьжиргааны түвшнээс шалтгаалан хуучин машин импортолж буйг ойлгож байгаа ч түүнээс үүдэх эрсдлийг бид бодох хэрэгтэйг нэмж хэлэв.

Аюултай хог хаягдлын бүсчилсэн олон улсын судалгаагаар Монгол Улс эрүүл гэж гарсан ч хамгийн эрсдэлтэй бүсэд тооцогддог аж.