Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Богд уулын явган аяллын чиглэлд ариун цэврийн байгууламж барих ажлыг гацааж байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Чингисийн өргөө амралтын газар /Гэрэл зургийг mpa.mn/

Богдхан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын гурван чиглэл байгаагаас иргэд хамгийн ихээр зорьдог нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн  аяллын чиглэл юм.

Иргэд ихээр зорьдог уг чиглэлд дэд бүтэц сайжруулахаар авто машины зогсоол байгуулах, нийтийн ариун цэврийн байгууламж барих ажил хийгдэх болсон ч газрын маргаанаас үүдэлтэйгээр сүүлийн хоёр жилийн турш ажил удаашралтай байгаа.

Уг асуудлаар өнөөдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Батмөнх мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Богдхан уулын Арцатын ам, Зайсангийн ам, Түргэний ам, Хүүшийн ам, Чандманий ам, Чулуутын ам, Хүрхрээгийн аманд 2018 онд 170, 2019 онд 54 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан.

Тэдгээрийн зарим нь болох Монголын үндэсний их сургууль, Универсал политехник коллеж, Энигма ХХК-д олгосон нийт 32.7 га газрын ашиглах эрхийг цуцалсантай холбогдуулан эдгээр компанийн төлөөллүүд шүүхэд хандаж, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шүүхийн шүүгчдийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн талд шийдвэрлэсэн байна. Ингээд бид дахин шүүхдэж уг газрыг ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс гаргасан. Гэтэл эдгээр компаниуд дахин шүүхэд хандсан гээд нийтийн ариун цэврийн байгууламж барих ажлыг зогсоож, улсын хөрөнгөөр баригдсан зогсоолыг хашиж цоожлон, иргэдээс төлбөр авч байна.

БОАЖЯ-наас гаргасан шийдвэрийг шүүх хүчингүй болгох асуудал их байгаагаас болж төрийн ажил удаашрах асуудал их гардаг. Тухайлбал, Энигма гэх компани 40 гаруй га газрыг Зайсангийн аманд ашиглах эрхтэй ч төр газраа мэдэж цуцлахад шүүхэд хандаж асуудлыг удаашруулдаг.

2017 онд нийтийн эзэмшлийн зогсоол барих гэж ямар их асуудал үүсэж байсныг та бүхэн санаж байгаа. Одоо уул руу алхагчдад зориулж ариун цэврийн байгууламж барих гэж бас л маргаан дэгдээлээ. Энэ мэтчилэн асуудлыг БОАЖЯ-наас зохицуулах гэж газар ашиглах эрхийг нь цуцлах бүрт шүүхээс сэргээж байгаа нь төрийн ажлыг гацааж байгаа нэг хэлбэр болж байна.

Богдхан уулын ДЦГ-аас иргэн, ААН-үүдэд ашиглуулахдаа га тутамд төлбөр авдаг бөгөөд яг уг бүсэд 1 га ашигласны төлбөр 19,200,000 төгрөг байдаг. Гэтэл боловсролын эрхтэй эдгээр компаниуд Газрын тухай хуулийн дагуу 2007 оноос хойш газрын төлбөрөөс чөлөөлөгдөж ирсэн. Бодит байдал дээр энэ газарт Чингисийн өргөө нэртэй амралтын газар үйл ажиллагаа явуулж байна.

Ийнхүү Богд уулын иргэд хамгийн ихээр зорчдог буюу амралтын өдрүүдэд хамгийн багадаа 2,000 иргэн ирдэг аяллын чиглэлд ариун цэврийн байгууламж барих ажлыг гацааж байгаа" хэмээсэн юм.

БОАЖЯ болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр тус газарт 700 машины зогсоол, хоёр газарт нийтийн ариун цэврийн байгууламж барихаар төлөвлөж байгаа ажээ. Гэвч арваннэгдүгээр сарын 11-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа нийтийн ариун цэврийн байгууламжийн ажлыг гацааж, модны захад барих ариун цэврийн байгууламжийн газар руу машин техник оруулахгүй, эсэргүүцэл үзүүлж байгааг Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Ганзоригт хэлж байв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Маргаан тэмцэл болж байж барьсан 300 машины зогсоолын гуравны нэгийг хашиж, цоожлон иргэдээс төлбөр авч байгааг нь зогсоохоор удаа дараа мэдэгдэл өгсөн ч үл ойшоодог байна.

Түүнчлэн оюутнуудыг эсэргүүцэлд турхирч, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны ажилчид болон оюутнуудын хооронд маргаан, зодоон хүртэл гарч байжээ.