Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоолны хордлого авсан 22 сурагчийн 17 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

"Уудам Монгол" ахлах сургуулийн зарим сурагч хоолны хордлого авч, өчигдөр ХӨСҮТ-д хүргэгджээ. 

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа "Тухайн сургуулийн зургаан сурагч бөөлжих, суулгах, гэдэс базлах зэргээр хоолны хордлого байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр өчигдөр 14:00 цагийн орчимд манай төвд хандсан.

Энэ тухай шуурхай удирдлагын нэгжид мэдээлэл ирснээр журмын дагуу холбогдох удирдлагууд болон мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлсэн. 22:30 цагийн байдлаар хоолны хордлого байж болзошгүй тохиолдлоор хандсан сурагчийн тоо 22 болж нэмэгдсэн. Тэдний 17 нь хэвтэн эмчлүүлж буй бол тав нь зөвлөгөө авч, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа" гэлээ. 

Мөн мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллага болон ХӨСҮТ-ийн хамтарсан баг ажиллан тухайн хоол идсэн гэсэн өгүүлэмжтэй 100 гаруй сурагч,10 гаруй багшаас шинжилгээ авсан байна.

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Уудам Монгол ахлах сургуулийн сурагчид цайны газартаа хооллож, хоолны хордлого авсан тухай мэдээллийн дагуу хяналт, шалгалт хийж байна. Одоогоор хоолны хордлого авсан байж болзошгүй сурагчийн тоо 22 байна" гэв.

Уудам Монгол сургууль нь энэ хичээлийн жилээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй аж. Тус сургуулийн захирал Г.Наранбат "Манай сургууль 110 гаруй сурагчтайгаар анхны хичээлийн жилээ эхлүүлсэн. Хичээл өглөөний 08:00-17:00 цаг хүртэл үргэлжилдэг тул өдрийн хоолтой байх нь зөв гэж үзэн хүргэлтээр хоол авахаар болсон. 

Хордлого авсан сурагчдын биеийн байдал хэвийн байгаа ч шинжилгээ хариу гарах хүртэл буюу 72 цагийн хугацаанд эмнэлгээс гаргах боломжгүй гэж байгаа. Сургуулийн зүгээс сурагчдаа эргэж, биеийн байдал ямар байгааг байнга тодруулж байна. Мөн сургууль дээр ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн.

Мэргэжлийн байгууллагууд ажиллан, шаардлагатай шинжилгээнүүдийг авсан тул хариу нь гарахаар албан ёсны мэдээлэл өгнө байх" хэмээв.