Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан байна. 

ШҮҮХИЙН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭР:

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж болно” гэж заасан. 

Мөн хуулийн 3 дахь хэсэгт “Дээрхи үндэслэл нь 2 ба түүнээс дээш удаа давтагдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах нөхцөл байдал болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэснийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн шүүх хуралдааныг үргэжлүүлсэн. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-ын 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.  

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа.