Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

100% цахилгаан авто машины улсын дугаарыг ногоон дэвсгэртэй болгох стандарт батлагджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Бүрэн цахилгаан автомашиныг ялгамжтай буюу ногоон дэвсгэр бүхий дугаартай болгох ажил амжилттай болж Монгол Улсын стандартад орж батлагдлаа.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/613 тоот захирамжаар 2017 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн. Гэвч камерийн торгууль болон зарим цагдаагийн албан хаагч цахилгаан машиныг ялгах боломжгүй байдлаас үүдэн торгуулийн арга хэмжээ авагдсаар байсан юм.

Үүнийг нэг мөр болгох үүднээс ногоон дэвсгэр бүхий улсын дугаартай болохоор боллоо. Ийм дугаарт:

1. Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2. Нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой юм хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал цахим хуудастаа өчигдөр бичжээ.

Бүрэн цахилгаан автомашины улсын дугаарын дэвсгэр ногоон, нийтийн тээврийн автобусных шар, хүнд даацын автомашиных хар өнгөтэй болно

Стандарт хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар Авто тээврийн Үндэсний Төвөөс тодрууллаа.

АТҮТ-ийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон "2018 оны зургаадугаар сарын 21-ний Стандартын үндэсний зөвлөлийн хуралдаанаар Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдгийн MNS 4410-5:2017 стандартыг шинэчлэн баталсан.

Стандарт батлагдсантай холбогдуулан хэзээнээс мөрдөж эхлэхийг зохицуулах журмыг шинэчлэн боловсруулах ажил Зам, тээвэр Хөгжлийн яаманд хийгдэж байна. Үүний дараа боловсруулсан журмаа Хууль зүйн яаманд бүртгүүлж баталгаажуулдаг. Ингэж байж стандарт хэрэгжиж эхэлнэ. Журам боловсруулахад хугацаа орно.

Шинэчлэн батлагдсан стандартаар бүрэн цахилгаан автомашины улсын дугаарын дэвсгэр ногоон, нийтийн тээврийн автобусных шар, хүнд даацын автомашиных хар өнгөтэй байх юм.

Одоогоор бүрэн цахилгаан автомашинд технологийн дугаарыг ашиглаж байгаа" гэлээ.

Гэрэл зургийг УИХ-ын гишүүн Н.Учралын фэйсбүүк хаягаас авав.

Эко машины улсын дугаарын стандартыг УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилсан аж.

2018 оны зургаадугаар сарын байдлаар Монгол Улс нийт 847,414 автомашинтай. Үүний 108 нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй гэсэн албан ёсны тоо баримт гарсан байдаг.