Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Уянгалянхуа: "MRS Mongolia World 2018-Гоо ээж" уралдаан маань зөв гэр бүл, хүүхэд, нийгэм уриатай

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

"Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилготой "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" улсын анхдугаар уралдаан болох гэж байна. Уралдаанд “Алдарт эх”-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцож байгаа бөгөөд эхний шатны шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлчийн шатанд 29 оролцогч тунаж үлджээ.

"MRS MONGOLIA WORLD 2018-Гоо ээж" улсын анхдугаар уралдаан зургаадугаар сарын 12-ны өдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 18:00 цагт болох аж.
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбооны дэд тэргүүн М.Сэлэнгэ “Уралдаан маань нийгмийн сайн сайхны төлөө, нийгмийн эерэг хандлагыг бий болгохын төлөө монголын бүх ээжүүдийн нэгдэж нийлж хийж байгаа хамгийн анхны том уралдаан болж байна. Дараа дараагийн удаа 25-40 насны Монголын бүх гэр бүлтэй эмэгтэйчүүдийн дунд уламжлал болон зохион байгуулагдах болно.

Харин энэ анхны уралдааны хувьд зөвхөн алдарт ээжүүдээ хүндэтгэн өргөмжилж, алдарт эхчүүдийн дунд зохион байгуулагдаж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

Одоогоор  уралдаанд  29 ээж шалгарч үлдсэн. Тэд эцсийн шалгаруулалтанын бэлтгэлээ хангаж байна. Миний бие 2016 онд  Монгол Улсаа анх удаа төлөөлж “MRS WORLD” уралдаанд оролцож шилдэг 12 оролцогчийн нэгээр шалгарч байсан.

Харин энэ удаад  “Алтан эрдэнийн өргөмжлөл” хүртсэн тэргүүн гоо ээж “MRS WORLD-2018” уралдаанд Монгол Улсаа төлөөлж оролцох юм.  Уралдаанд “Алтан эрдэнэ”-ээс эхлээд “Ган эрдэнэ” хүртэл есөн эрдэнийн шагнал байгаагаас гадна  “Оюунлаг Гоо Ээж”, “Хүмүүнлэг Гоо Ээж”, “Авьяаслаг Гоо Ээж”, “Гоолингоо Ээж”,  “Үзэсгэлэнт Гоо Ээж” гэсэн таван номинацид ээжүүдээ шалгаруулна” гэв.

Гэрэл зургийг mpa.mn

“Алунгоо эх” ТББ-ын тэргүүн Б.Гантуяа “Энэ анхдугаар уралдаанаа бид алдарт эхийн  одонтой ээжүүдээ хүндэтгэж зохион байгуулж байна.  Яагаад алдарт эхийн одонтой ээжүүдийг оролцуулах болсон бэ гэвэл  бид “Алдарт эх” цахим нэгдлийн хамт олон. Нийт 3,400 гаруй гишүүнтэй. Манай группийн эмэгтэйчүүд дунджаар 35-45 насны буюу нийгэмд юм хийж бүтээж яваа идэвхитэй залуу үе,  ээжүүдийн төлөөлөл байдаг. Хамгийн залуу гишүүн ээж маань 22 настай, мөн хамгийн олон хүүхэдтэй нь 10 хүүхэдтэй ээж байдаг. Бид зөв хандлагыг нийгэмд үлгэрлэн ээжүүдэд түгээх, хэрэгжүүлэх зорилгын дор нэгдээд хоёр жил гаруй болж байна.  Яг энэ зорилгодоо нийцүүлэн “MRS MONGOLIA WORLD 2018- Гоо Ээж” уралдааныг зохион байгуулж байгаа юм. Энэ уралдааны ач холбогдол нь залуу ээжүүд залуу үеийнхэн, нийгэмдээ эерэг зөв хандлагыг түгээх мэдрүүлэх, энэ зөв хандлагаа ээжүүд бид өөрсдөөсөө эхлээд хэвшүүлэх гэж оролдож байна. Уралдаанд дөрвөөс найман хүүхэдтэй 60 гаруй ээж оролдож эцсийн шатанд 30 орчим ээж шалгараад уралдааны эцсийн шатны бэлтгэлээ хангаж байгаа”.

Гэрэл зургийг mpa.mn

“Монголын сайхан бүсгүй 2002”-ын Тэргүүн мисс Д.Уянгалянхуа “Өнөөдөр Монголын гэрэлт ирээдүй болсон үр хүүхдүүд маань аюулгүй тайван орчинд өсөж хүмүүжээсэй, элэг бүтэн гэр бүл олон байгаасай гэж бодсон учраас ээжүүд бид нэгдэж байгаа юм. Зөв гэр бүлээс зөв хүүхэд төлөвшиж зөв хүүхдээс зөв нийгэм бий болно. Тиймээс бид Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм гэсэн  уриатайгаар уралдаанаа зохион байгуулж байна” хэмээлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.