Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Иоко Оно албан ёсоор “Imagine” дууны хамтран зохиогч боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Жон Ленноны алдарт “Imagine” дууг мэндэлснээс хойш бараг хагас зууны дараа түүний бэлэвсэн эхнэр Иоко Оног уг бүтээлийн хамтран зохиогч гэдгийг хүлээн зөвшөөрлөө.

Өнгөрсөн Лхагва гарагт Нью-Йорк хотноо болсон National Music Publishers Association байгууллагын гала тоглолтын үеэр энэ тухай зарлажээ. 1971 онд гарсан домогт уран бүтээлийг “Зууны шилдэг дуу” хэмээн өргөмжлөн, цомыг нь Иоко Оно, хүү Шон Леннон нарт гардуулсан юм. Энэ үеэр Иоко Оног талийгаач нөхөртэй нь цуг хамтран зохиогч гэж албан ёсоор үзэх болсноо санамсаргүй байдлаар зарласан байна.

Гала тоглолтон дээр Жон Ленноны 1980 онд алагдахаасаа өмнө BBC радиод өгсөн ярилцлагын хэсгээс сонсгожээ. Уг ярилцлага дээр Леннон “Imagine” дуугаа зохиохдоо Оногийн “Grapefruit” номноос санаа авсан гэж байжээ.

“Энэ дуу Леннон/Оногийн бүтээл гэж нэрлэгдэх ёстой. Хэрвээ миний эхнэрээс өөр хүн үүнд оролцсон байсан ч би бас эзэмших эрхийг нь өгөх байсан” гэж Жон Леннон тухайн үед ярьж байсан аж.

Ленноны хүү Шон Леннон фэйсбүүк хуудсандаа уг үйл явдлыг “миний амьдралын хамгийн бахархалт өдөр” гэж бичсэн байна.

Нэрт уран бүтээлчийг нас барсны дараа эхнэр Иоко Оно нь түүний дуунуудын эрхийг өвлөж авахыг хичээсээр ирсэн. Гэвч Битлз хамтлагийн бүтээлүүдийн заримыг нь Пол Маккартни өмчлөх гэж Онотой маргалддаг юм.

 

Эх сурвалж: Japan Today