Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЭЖҮҮД утааны эсрэг жагсаал зохион байгуулахыг САНААЧЛАВ

Б.Ану
2016 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Утаа өнөөдөр Улаанбаатарчуудын Эрүүл, Аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг бид мэдсээр, харсаар дуугүй суусаар байгаа нь үнэн. 

Өчигдөр оройн 21:00 цагийн байдлаар гэхэд Баянхошуу орчмын нарийн ширхэглэгт тоосонцор "1,796" гэсэн индекс харуулж байлаа. 

Энэ нь "Монгол Улсын агаарын чанарын стандартаас даруй  36 дахин их байна. Бүх өвчнийг сэдрээж, хүндрүүлж байна. Агаарын бохирдол яалт ч үгүй #1 нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна" гэж Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар өөрийн фэйсбүүктээ бичжээ. 

Хүйтний эрч улам бүр чангарч байна. Нөхцөл байдал улам бүр хүндэрч байгаа учраас Утааны Эсрэг Ээжүүдийн Холбоо байгуулагджээ. Тэд энэ сарын 26-нд хүүхдүүдийнхээ төлөө утааны эсрэг жагсаал зохион байгуулахаар болсон байна. 

Энэ жагсаалыг зохион байгуулагчийн бичсэнээр,

"Хүндэт эцэг, эхчүүдээ, хүүхдүүдийнхээ төлөө нэгдэж утааны эсрэг жагсая.

 2016 оны 12-р сарын 26-ны даваа гарагт 10.00 цагт  Сүхбаатарын талбайд жагсацгаая. Хэдий болтол бяцхан үрстэйгээ хорт утаагаар амьсгалахыг хүлцэнгүйгээр тэвчин дор бүрнээ халаглах билээ. Утаа гамшиг болсноор 15 жил өнгөрөхөд бид нэгдэж нэг удаа тэмцсэн билүү? 

Тиймээс "Утааны Эсрэг Ээжүүд" холбооноос энэхүү тайван жагсаалыг санаачилж, та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Жагсаалд оролцох хүмүүс өөрсдийн үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх лоозон самбар лаа зэргээ бэлдэж ирвэл сайн байна. Фэйсбүүк дэх "Утааны Эсрэг Ээжүүд" группт нэгдэн жагсаалтай холбоотой санал бодлоо хуваалцаарай. 

Хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд маань жилдээ 2-4 удаа уушгины хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас руугаа байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт боллоо. Утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, өнөө маргаашгүй төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж хэчнээн ээж нулимсаа арчихаас өөр зүйл хийж чадалгүй өнгөрсөн бол? 

Эдгээр зовлонг тойрж гараагүй гэр бүл Улаанбаатарт байна уу? 

Магадгүй бид дэндүү удаан хүлцэнгүй байснар улстөрчид утаа арилгах нэрээр улсаас мөнгө завшдаг үйлдлийг нь өөгшүүлсэн. Тиймээс нэгдэн нийлж эхний эсэргүүцлийн масктай жагсаалыг хамт хийцгээе! Энэхүү постыг олонд хүртэл шэйрлэнэ үү. Жагсаалын талаарх мэдээллийг 88002839 дугаарын утаснаас лавлана уу. 

Утааны Эсрэг Ээжүүдийн Холбоо" гэжээ. 

Тус жагсаалыг зохион байгуулагч нартай холбогдоход тэд одоо энэхүү жагсаалаа зохион байгуулах хүсэлтээ холбогдох эрх бүхий байгууллагад өгөхөөр явж байгаа аж. Тэдэнд зөвшөөрөл өгөх эсэхийг бид эргээд мэдээлэх болно.