Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын хоёр ч цэг ДЭЛХИЙД АГААРЫН БОХИРДЛООРОО ТЭРГҮҮЛЖ байна

Б.Ану
2016 оны 12 сарын 16
iKon.MN

Дэлхийн 70 орны 600 хотын агаарын чанарын индексийг AQICN.org сайт тогтмол шууд харуулж байна. 

Нийт 600 хотын 9,000 байрлалаас авсан мэдээллээ ийнхүү боловсруулж хамгийн их бохирдолтой болон цэвэр байгаа газруудыг энэ сайт үзүүлдэг юм. 

Яг одоо харахад л, Улаанбаатарын хоёр ч байршил дахь агаарын бохирдол дэлхийн 70 орны 9,000 цэгээс хамгийн өндөр бохирдолтой гэсэн үзүүлэлтийг үзүүлж байна. 

Тодруулбал, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын Яамны орчим, "100 айл" орчмын агаарын бохирдлын хэмжээ дэлхийн 600 гаруй хот дахь 9,000 байршлаас хамгийн их бохирдолтой гэдэг индексийг үзүүлж байна. 

 

 

Дээрх хамгийн бохирдолтой гэсэн ангилалд багтаж буй хоёр байршлын агаарын бохирдол "999" гэсэн индекс харуулж байна. Тэгвэл тус сайтын мэдээлж буйгаар агаарын бохирдол 300-аас дээш ангилал руу орвол   "АЮУЛТАЙ" гэх тодотголд орох бөгөөд энэ үед агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх ба хүн бүр энэ үед гадуур гарахгүй байхыг зөвлөж байна. 

Хамгийн эмгэнэлтэй нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр агаарын бохирдолтой гэх үзүүлэлтийг үзүүлж буй "100 айл", АНУ-ын элчингийн энэ хэсэгт Сүхбаатар Дүүргийн Нэгдсэн Эмнэлэг байрладаг бөгөөд эрүүл мэндийн ноцтой хохирол үзүүлж болзошгүй хэсэг рүү эрүүл мэндийн үйлчилгээ авахаар хүүхэд, багачууд, насанд хүрэгчид зорьсоор байгаа юм. 

 

 

iKon.mn сайт мөн Улаанбаатар дахь 11 байршлаас авсан агаарын чанарын индексийг Agaar.mn сайтаас харуулж байна. iKon.mn сайтын баруун дээд буланд байрлах энэ хэсгээс та өөрт ойролцоо байгаа байршлын агаарын чанарын индексийг харж, дээр нь дарвал тухайн индекс ямар үзүүлэлтийг үзүүлж байгаа тайлбар мөн зөвлөмжийг авах болно.