Сар шинийн баяраас хойш олны анхаарлыг татаж, нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан хурдан морины “Дүнжингарав-2016” уралдаан Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулагдсан билээ.
Тус уралдааны үеэр Хүүхдийн Төлөө Үндэсний Газар уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрхэн ажилласныг тус газрын мэргэжилтэн З.Уламбаяраас тодрууллаа.
- ХТҮГ "Дүнжингарав-2016" уралдааны үеэр хэрхэн ажилласан бэ, хэдэн хүүхэд хурдан морь унав?
- "Дүнжингарав" уралдаан Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг уралдаан байгаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох ХТҮГ Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байдаг. Энэ үндсэн чиг үүргийнхээ дагуу бид хурдан морины уралдааны үеэр хяналт тавьж ажиллалаа.
Манай байгууллагын дэргэд уралдаанч хүүхдийн бүртгэлийн систем ажилладаг. Одоогийн байдлаар давхцалгүй 10 мянга гаруй уралдаанч хүүхэд уг санд бүртгэгдээд байна. Бид уг бүртгэлээ үндэслэн хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу уралдааны өмнөх өдөр Өлзийт хорооллын сургууль дээр очиж, уралдаанд оролцох хүүхдүүдээ бүртгэсэн.
Ингээд 330 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд зургаан насанд 900 гаруй морь уралдаж, нэг хүүхэд 2-3 насны морь унасан байгаа.
- Хүүхэд морьноос унасан, бэртсэн хэдэн тохиолдол гарсан бэ?
- Өвөл, хаврын уралдаан нь зуны уралдааныг бодвол эрсдэлтэй байдаг. Үүнтэй холбогдуулан Монголын морин спорт, уяачдын холбооноос энэ жил уралдааны замыг засаж, гарааны төхөөрөмжийг 85 метр урттай болгож өргөсгөсөн байгаа.
Гэсэн хэдий ч уралдааны үеэр 19 хүүхэд мориноос унасан. Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн уралдааны үеэр хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж ажилласан. 19 хүүхдээс хоёр хүүхдийн шилбэний доод яс хугаралттай байж болзошгүй гэсэн онош тавиад дараагийн шатны эмнэлэгт шилжүүлсэн. Өчигдрийн байдлаар тус хоёр хүүхдийн яс хугарсан гэх мэдээллийг албан бусаар аваад байна.
Уралдааны үеэр 19 хүүхэд мориноос унасан.
Үлдсэн 17 хүүхэд бэртэл гэмтэл аваагүй гэсэн түргэн тусламжийн эмчийн дүгнэлт гарсан байгаа.
- Мориноос унаж бэртсэн хүүхдүүд ямар төрлийн бэртэл авах нь түгээмэл байдаг вэ, үүнтэй уялдуулан хамгаалалтын хувцас хэрэглэлийн стандартыг тогтоодог уу?
- Хүүхдийн байгууллага 2013 оноос хойш "Дүнжингарав" уралдаанд хяналт тавьж ажилласан. Ерөнхийдөө мориноос унасан хүүхдийн яс хугарч, зөөлөн эд гэмтэх, цаашлаад тархи, толгой нь гэмтэл авдаг. Тиймээс судалгаа хийсний үндсэн дээр хамгаалалтын хувцасны стандартыг тогтоосон.
Өвлийн уралдааны үеэр хамгаалалтын хувцас хэрэглэлээс гадна, дулаан хувцас, малгай ороолт заавал өмсөх шаардлага тавьдаг. Энэ жилийн хувьд хамгаалалтын малгай, цээживчгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй гэсэн шаардлагыг тавьж ажилласан. Уралдааны явцад малгайгүй, цээживчгүй оролцохыг оролдсон тохиолдол гарсан. Тухай бүрд шаардлага тавьж 100 хувь хамгаалалтын малгай, цээживчийг өмсгөсөн байгаа.
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд 7-18 насны хүүхэд хурдан морь унана гэж заасан байдаг. Өвөл, хаврын хурдан морины уралдааны үеэр морь унах хүүхдийн насыг тусгайлан заасан байдаг уу?
- Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу 7-18 насны хүүхэд хурдан морь унаж уралдах эрхтэй. Бидний зүгээс болж өгвөл өвлийн уралдаанд 10-аас дээш насны хүүхдээр морь унуулах чиглэл барьж ажилладаг. "Дүнжингарав-2016" уралдааны үеэр морь унасан хүүхдүүдийн дийлэнх нь 8-15 настай байсан.
- Энэ сарын 6-нд Өвөрхангай аймагт Хангайн бүсийн хаврын уралдаан болно гэсэн мэдээлэл байгаа. Уг уралдаан болох уу?
- Хуулиар арваннэгдүгээр сараас хаврын тэргүүн сарын шинийн 1-н хүртэл хурдан морьны уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.
Цагаан сараас хойш уралдаан зохион байгуулахыг хориглосон хуулийн заалт байхгүй ч хаврын цагт хүйтэн, дулаан үедээ шавар шавхайтай, халтиргаатай байдаг учраас аль болох хаврын уралдаан зохион байгуулахгүй байх талаар аймгуудын засаг дарга нарт хандаж чиглэл өгсөн байгаа.
Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт гуравдугаар сарын 6-нд зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тэгэхээр зохион байгуулагдах байх. Тус уралдаанд Өвөрхангай аймгийн Хүүхэд гэр бүлийн хэлтэс хяналт тавьж ажиллана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!