АНУ-ын 10 мужийн иргэд сонгуулийн өдөр нутаг дэвсгэрт нь дата төвүүд байгуулахыг зөвшөөрөх эсэх асуудлаар саналаа өгнө

С.Мөнхцэцэг, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын 10 мужийн сонгогчид Конгрессын завсрын сонгуулийн өдөр өөрсдийн амьдарч буй бүс нутагт дата төвүүдийн бүтээн байгуулалтыг хязгаарлах эсэх асуудлаар саналаа өгөх гэж байна. Хиймэл оюун ухааны салбарын огцом хөгжлийг хангахын тулд дата төвүүдийг хурдацтай барьж байгуулах шаардлага үүссэн нь орон нутгийн иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Энэхүү эсэргүүцэл нь АНУ-д дата төвийн зах зээл хамгийн хурдацтай хөгжиж буй мужуудын нэг болох Охайод онцгой тод ажиглагдаж байна. Судалгааны "Ballotpedia" бүлгийн мэдээлснээр тус улсын бусад аль ч мужаас илүүтэйгээр Охайо мужид дата төвүүдтэй холбоотой асуудлууд хурцаар яригдаж байгаа бөгөөд Мягмар гарагт болох завсрын сонгуулийн үеэр нийт 21 санал, санаачилгын талаар саналаа хураалгахаар болжээ.

Орон нутгийн идэвхтэн Жессика Бэйкерийн хэлснээр тодорхой төрлийн дата төвүүдийн барилгын ажлыг хориглох санаачилгыг Ардчилсан болон Бүгд Найрамдах намын аль алиных нь гишүүд дэмжиж байгаа аж. Тэрбээр "Бид бүгд ижил зүйлийг хүсэж байна" гэж хэлсэн юм.

"Conserve Ohio" нэртэй хөдөлгөөний гишүүн Бэйкерийн тайлбарласнаар дата төвүүдийн цахилгаан эрчим хүч болон усны хэрэглээтэй холбоотой санаа зовнилууд нь энэхүү эсэргүүцлийг өдөөж байгаа гэнэ.

Хэдийгээр бүтээн байгуулагчид хийн турбин эсвэл цөмийн реактор ашиглан өөрсдөө цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх байлаа ч олон оршин суугчид эдгээр байгууламжуудыг өөрсдийн амьдарч буй газрын ойролцоо бариулахыг хүсэхгүй байгаа гэнэ.

Учир нь тэд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хамгийн их санаа зовж байгаа ажээ.

АНУ-ын баригдаж буй дата төвийн хүчин чадал гигаваттаар хэмжигдэж, 2025 оны арванхоёрдугаар сараас 2026 оны зургаадугаар сар хүртэл хугацаанд 48 хувиар өссөнийг үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний Cushman & Wakefield компанийн дата төвийн судалгааны хэлтсийн дарга Жон МакВиллиамс мэдэгдсэн байна.

"Улс орон даяар маргаантай бүс нутгууд байгаа ч төслүүд урагшилж байгаа газрууд байсаар байна" гэж МакВиллиамс хэлжээ.

Уг санал хураалт нь салбарын томоохон тоглогчдын анхаарлыг татаж байна. Колумбус хотын ойролцоох Санберид 25 мегаваттаас дээш эрчим хүч ашигладаг дата төвүүдийг хориглох төлөвлөгөө нь Amazon компанийн $2 тэрбумын өртөгтэй дата төвийн төлөвлөгөөг тасалдуулж болзошгүй юм.

Тус компанийн олон нийтийн бодлогын тэргүүн Шеннон Келлогг аравдугаар сард орон нутгийн телевизээр санал хураалтын өмнө өөрийн төслийн талаар асуултад хариулж байв.

Amazon компанийн хэвлэлийн төлөөлөгч АНУ даяар өрнөж буй санал хураалтын санаачилга тус компанийн дата төвийн өргөтгөлийн төлөвлөгөөнд нөлөөлөх эсэхийг хэлэхээс татгалзжээ.

"Бид оршин суугчид болон албан тушаалтнуудтай хамтран ажлын байрыг дэмжих, олон саяын татвараар дамжуулан орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэх, үйлчлүүлэгчдийн хүсэн хүлээж буй технологиудыг эрчимжүүлэх дата төвүүдийг байгуулахад анхаарлаа хандуулж байна. Аливаа нэг үйл явдлын үр дүнгээс үл хамааран орон нутгийн иргэдэд бидний амласан үүрэг хариуцлага хэвээр байх болно” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters