Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

АМЬДРАЛЫН ХАНИА ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ? /II бүлэг/

ikon.mn
2016 оны 1 сарын 18
iKon.MN

Энэ бол II бүлэг. I бүлгийг ЭНДЭЭС унш. 

Ямар нэгэн том зүйлд амжилт гаргахыг хүсч байвал жижиг хэсгүүдэд хуваагаад тухайн нэг жижиг хэсгийг л сайн хийж сурахад анхаарлаа хандуулах хэрэгтэй байдаг.  Жишээ нь ажлаа хийхгүй гиюүрэх талаар бодоод үзэхэд агуу их амжилт заримдаа онц ач холбогдолгүй жижиг зүйлсийг уйгагүй хийснээс үүсдэг ба түүнийг бид холоос харахаар агуу санагддаг юм шиг байгаа юм. 

Хүний амьдралыг ойртуулагчаар татаад харвал энгийн нэг лхагва гариг давтагдаад л байна. Аз жаргал гэж тухайн долоо хоногийн энгийн ажлын өдрөө л жаргалтай байж сурах тухай асуудал болж таарсан. Гэрлэлтийн талаар бодож үзвэл энэ санаа мөн давтагдана. Холоос харвал гэрлэлт гэдэг ном зохиол дээр гардаг шиг гайхалтай хайрын түүх. Гэрлэлтийг яруу найрагчийн нүдээр харвал уран яруу. 

 

 

Гэтэл хүний амьдрал тийм ерөнхийлөл дунд өрнөдөггүй. Бидний аз жаргал хэдхэн үйл явдлаар цэнэглэгдэхгүй. Өдөр тутмын амьдралын ээдрээнд бидний аз жаргал хэмжигдэн, дэнслэгддэг. 

Тэгвэл аз жаргалтай гэрлэлтийг хүсч байгаа бол маш жижгээр сэтгэж харж эхлэх хэрэгтэй. Гэрлэлтийг задлаад харвал яруу найргийн сайхан үгс биш жирийн л нэг Лхагва гариг 20,000 удаа  давтагдах юм байна гэдгийг ойлгоцгооё.

  • Гэрлэлт бол Тайландад өнгөрүүлсэн бал сар биш. Цуг хөдөө явсан 56 дахь  тохиолдлын 4 дэх өдөр юм. 
  • Гэрлэлт бол анхны байрандаа орсон өдөр биш. Тэр байрандаа 4,386 дахь удаагаа цуг оройн хоол идэх юм. Гэрлэлт бол Валентины өдөр бүүр биш. 
  • Гэрлэлт бол мартаж болох Лхагва гариг. Гэхдээ цуг өнгөрүүлсэн Лхагва гариг. 

Тэгэхээр цэцэг жимс, бороонд үнсэлцсэн дурсамж ба өдрийн хоёр удаа хийсэн сексийг та бүхэнд үлдээгээд энэ бичвэрээр зөвхөн яаж тэр энгийн нэг Лхагва гаригт илүү аз жаргалтай байх вэ гэдэг  талаар бодож үзэцгээе.

Ойролцоогоор 20,000 өдрийг нэг хүнтэй аз жаргалтай өнгөрүүлэхийн тулд ерөнхийдөө гурван гол чанар хэрэгтэй:

1. АГУУ НӨХӨРЛӨЛ 

Би найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх дуртай. Мэдээж цагийг өнгөрүүлэх дуртай болохоор л тэд миний найзууд. Тэр дундаас заримтай нь өнгөрүүлсэн цаг мөч бусдаас хөгжилтэй бөгөөд илүү үнэ цэнэтэй учир тэд замын түгжрэлийн шалгуурыг давдаг. (Traffic Test) 
Замын түгжрэлийн шалгуур гэдэг нь би найзтайгаа уулзсаны дараа намайг гэрт хүргэж өгөх гээд буцах замд зам түгжрээсэй гэж бодохыг хэлнэ. Тэр нэгэн хүнтэй байх хугацаа надад тийм гоё байдаг байх нь.

Замын түгжрэлийн шалгуурыг давж байна гэдэг олон зүйлийг хэлж байгаа хэрэг. Би харилцаандаа уусаад, намайг тэр харилцаа илүү их өдөөж уйтгарлах завгүй болгож байна.

Надад замын түгжрэлийн шалгуурыг давах амьдралын хань хэрэгтэй. Хэрвээ чиний амьдралд тийм хүн байгаа бол түүнгүйгээр эсвэл өөр хүнтэй үлдсэн амьдралынхаа 95 хувийг өнгөрөөнө гэдэг ямар аймар гунигтай хувь тавилан бэ? 

Замын түгжрэлийг давах нөхөрлөлд дараах зүйлс байна: 

  • Хошин шогийн мэдрэмж ба түүний зохицол. Хэн ч 50 жил худлаа инээхийг хүсэхгүй. 
  • Хөгжилтэй байх. Ямар ч сайхан биш тохиолдлоос хөгжилтэй өнцөг өндөглүүлэх чадвар. Үүнд: Онгоц хоцрох, удаан машинаар явах, гэрийн ажил хийх гэх мэт зүйлс багтана. Судалгаанаас харахад хөгжилдөж чадаж байвал тэдний ирээдүй илүү гэгээлэг байдаг байна.
  • Сэтгэлгээний харилцан хүндлэл. Хүний хань байна гэдэг мэргэжлийн ба амьдралын тал дээр зөвлөгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Хэрвээ чи түүний сэтгэлгээг хүндлэхгүй байвал ажлынх нь талаар юу гэж бодож байгаагаа хэлмээргүй санагдана. Бодсон сонирхолтой зүйлээ ч хуваалцахгүй яагаад гэвэл түүний юу гэж хэлэх чамд сонин биш. 
  • Хийх дуртай зүйлс, уулзаж нөхөрлөх хүмүүсийн сонголт ижил төстэй байх. Дандаа санал нийлэх шаардлагагүй хэдий ч чамайг бүтээдэг дуртай зүйлсийн чинь хэмжээ багасч амралтын нэг өдрөө хамт өнгөрүүлэхэд ч хэцүү болно
  • Замын түгжрэлийг шалгуурыг давдаг нөхөрлөл цаг хугацаатай цуг илүү гүн гүнзгий харилцаа болдог тул харилцаа чинь илүү баялаг болох нөхцөл бүрдэж байдаг. 
2. ГЭРТЭЭ БАЙГАА ЮМ ШИГ СЭТГЭГДЭЛ 

Хэн нэгэн чамайг сандал дээр 12 цаг хөдлөхгүй суух даалгавар өгвөл чи яагаад ийм мэдрэл даалгавар өгч байгаад гайхахын зэрэгцээ чамд төрөх анхны сэтгэгдэл бол “эвтэйхэн байрлалаар суухгүй бол болохгүй нь дээ” гэж бодох байх. Яагаад гэвэл чи эхнээсээ тухгүй байвал тэр мэдрэмж өвдөлтөөр солигдож тун удахгүй тэсвэрлэхэд бэрх тамлан зовоолт болж хувирна. 

Хэрвээ нэг зүйлийг маш удаан, бүүр маш удаан хийх гэж байгаа бол чи гайхамшигтай тухтай байх хэрэгтэй. Гэрлэлтийн явцад үүсэх тогтмол тухгүй сэтгэгдэл чиний болон нөхрийн чинь мөнхийн аз жаргалгүй байдлын эх үүсвэр болж цаг хугацаатай цуг томроод ирдэг. Сандал дээр тухгүй суухтай адил. 

Гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл гэдэг нь аюулгүй, тухтай, яг байгалиараа буюу өөрийнхөөрөө байхыг хэлнэ. Гэр бүлийн хүнтэйгээ ийм байхын тулд хэд хэдэн тохироо бүрдсэн байх хэрэгтэй: 

  • Итгэл ба аюулгүй байдал. Нууц бол харилцааны хор. Яагаад? Нуусан зүйлс харилцаан дотор үл үзэгдэгч хана босгодог. Үүнээс болж хоёулаа хоёр талд ганцаарддаг. Тэгээд ч 50 жил юм нууж эсвэл худлаа хэлж явахыг хүсэх хүн байх уу? Нууцын нөгөө талд хардлага байдаг. Хардлага сэрдлэг бол халуун дулаан гэрийн уур амьсгалын эсрэг мэдрэмж юм. Тийм ч учраас сайн гэрлэлт дундуур өөр хүнтэй болох нь хамгийн ахар сэтгэлгээ бөгөөд өөрийгөө хохироох алхам юм. 
  • Сэтгэлзүй болон харилцааны нийлэмж. Хосуудын хоорондын харилцаанд радио долгион гэдэг шиг сэтгэлийн долгионы хэмжээ ба энергийн хэмжээ жигд нэг шугаманд байх хэрэгцээ шаардлага үүсдэг байна. Яагаад? Энэ долгион таарахгүй байгааг та хэсэг хугацаанд харилцаад хэр ядарч залхаж байгаагаараа хэмжиж мэдэж болдог. 
  • Хүн л юм чинь алдана. Түүнийг нь хүлцэх чанар. 
  • Чи дутагдалтай. Үнэхээр их дутагдалтай. Тэр ч гэсэн. Хүн байна гэдэг дутагдалтай байхыг хэлнэ. Хамгийн эмгэнэлтэй хувь тавилан бол; тэр дутагдалдаа байнга шүүмжлэл, зэмлэл хүртэж амьдрах. Хүн алдаа дутагдлаа засч илүү сайн хүн болохыг хичээх хэрэггүй гэсэн үг биш шүү. Гэр бүл болох гэж байгаа бол хамгийн эрүүл хандлага “ХҮН БҮРТ АЛДАА ДУТАГДАЛ БИЙ. МИНИЙ ХАНИЙНХ ЭНЭ БАЙНА. БИ ЭНЭ АЛДАА ДУТАГДЛУУДТАЙ НЬ ЭНЭ ХҮНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД ЦААШАА ХАМТРАН АМЬДРАХЫГ СОНГОЖ БАЙНА” гэх бодол юм. 
  • Ерөнхийдөө эерэг сайхан мэдрэмж. 

    Ингээд л бодчих. Одоо чамд төрж буй мэдрэмж бол чинийх. Насан турш үргэлжилнэ. Хэрвээ сөрөг хүйтэн мэдрэмж төрж байвал хэцүү бөгөөд уддаггүй байна. Гэр бүл судлаач Жон Готманы олж мэдсэнээр нэг сөрөг харилцаа нь таван эерэг харилцаагаар нөхөгддөггүй хосууд яваандаа салдаг байна.
3. ГЭРЛЭЛТИЙНХЭЭ ТӨЛӨӨ ГЭХ СЭТГЭЛ БА ЗҮТГЭЛ

Бидний сэтгэл зүрхэнд бидний харилцаа хамгийн хүнд жинг эзэлдэг. Хүчирхэг харилцаа, гэр бүлийг хүсээд түүнийхээ төлөө ядаж хагас цагийн ажил шиг зүтгэхгүй байгаа хүн карьертаа амжилт гаргахыг хүсдэг байж юу ч хийхгүй суудаг хүнтэй адилхан. Хүн өөрийнхөө хүссэн амьдралыг өөрийн гараар бүтээх боломжтой болсон өнөөгийн нийгэмд гэнэт нэг хүний тал бие болоод, өөрийнхөө үнэт зүйлсээс зарим хэсгийг боогдуулна гэдэг хэцүү. 

Тэгвэл аз жаргалтай гэрлэлтийг бүтээхэд ямар чадвар надад хэрэгтэй вэ? 

  • Харилцаа 

Хүнд агаар, загасанд ус гэдэг шиг гэрлэлтэд хосуудын тааламжтай харилцаа ус, агаар шиг хэрэгтэй. Гэр бүл салалтын судалгаанд тааламжгүй харилцаа гол асуудлаар шалгарсан байна. Дахин гэр бүл зохиох гэж буй улс харилцаагаа сайжруулах зорилго тависан гэдгээ нуусангүй. Тааламжтай харилцааг тогтмол хадгалах хэцүү. Тийм ч учраас хүчирхэг хосууд үүнд цаг, төлөвлөгөө гаргах цаашлаад гэр бүлийн зөвлөгөө хүртэл авч байж үүнийг хэрэгжүүлдэг. 

  • Тэгш байдлыг хадгалах. 

Гэр бүл, үерхэл, харилцаанд хүчний тэнцвэр хурдан алдагддаг. Хэн нэгний сэтгэлийн хөдлөл тус харилцааг чиглүүлж эхлэх, түүний хэрэгцээ шаардлага байнга чинийхийг давах, өөрөө хүлээж авах боломжгүй ааш хандлагыг чамд гаргаад эхэлвэл байдал бишдлээ гэсэн үг. 

  • Ухаалаг маргалдах.

Хосууд маргах нь гарцаагүй юм. Сайн маргах, муу маргах нь учир жанцантай. Ухаалаг маргалдаж сурсан хосууд маргааны уур амьсгалыг зөөллөж үзэлцдэг. Яаж тэр вэ гэж үү? Хэдий маргалдаж байсан ч хошигнох орон зай үлдээж, нөгөө талаа чин сэтгэлээсээ сонсох ба муухай үгс хэрэглэх, хувийн дайралт хийх болон өөрийгөө хэт хамгаалахыг тэвчдэг байна. Мөн тэд бага маргадаг. Жон Готманы хийсэн судалгаагаар хосуудын маргааны 69% хэзээ ч шийдвэрлэгдэх боломжгүй зүйлс байдаг. Хувь хүмүүсийн төрөлхийн ба өсөлтийн үед суусан үнэт зүйлсийн зөрчил шийдвэрлэгдэх боломжгүй. Чадварлаг хосууд үүнийг мэддэг тул дахин дахин маргахаас зайлсхийдэг. 

Амьдралын ханиа хайх гэж буй, одоо байгаа харилцаагаа дүгнэх гэж буй бол нэг зүйлийг санах хэрэгтэй. Асуудалгүй харилцаа гэж үгүй. Эдгээр үзүүлэлтүүд дээр дандаа А үнэлгээ авах шаардлагагүй гэсэн хэдий ч дийлэнхи дээр нь давгүй гэсэн үнэлгээ аваасай гэж найдахгүй бол энэ жагсаалтад орсон сэдвүүд таны амьдралын аз жаргалд шууд нөлөөлнө.

Энэ жагсаалтад таныг аз жаргалтай харилцаанд хүргэх гол үзүүлэлтүүд багтсан тул өөр янз бүрийн шаардлага нэмэхээс татгалзаарай яагаад гэвэл тэдгээр шаардлагууд чинь ирээдүйн ханьтайгаа идэх 4,386 дахь оройн хоолны үед тийм чухал санагдахгүй болов уу?

Тэр минь гитар тоглож чаддаг бол гайхалтай л даа гэхдээ заавал байх чанаруудаасаа гитар тоглодог байх гэдгээ хас. 

Өнгөрсөн Валентины баяраар сайхан баярласан гэж найдаж байна. Яаж ч баярласан бай нэг зүйлийг сана. Гэрлэлтийн чинь туршид олон давтагдах энгийн нэг Лхагва гариг бол илүү чухал өдөр шүү.


Тим Урбан 
Орчуулсан. Э.Лхагва